Улсын комисс байцаагчийн дүгнэлтгүй ЧАНАРГҮЙ БАРИЛГА хүлээж авдаг байжээ

558

Улсын комисс байцаагчийн дүгнэлтгүй ЧАНАРГҮЙ БАРИЛГА хүлээж авдаг байжээ

 

Иргэн бүр эрүүл аюулгүй орчинд аж төрөх, төрийн бүхий л чанартай үйлчилгээг авах эрхтэй гэдгийг "эцэг” хуульдаа зүйлчлэн заасан. Цаасан дээр хар бэхээр бичигдсэн энэ үндсэн эрх нь сонгуулиас сонгуулийн хооронд бүдгэрч буй. Учир нь, Улсын комиссын бүрэлдэхүүн гэх хэсэг бүлэг нөхөд тухайн барилга байгууламжийг хүлээж авах комиссын дүгнэлтэд мэргэжлийн хяналтын байгуудлагын төлөөллийг оролцуулахаас "албан бусаар” татгалзаад дөрвөн жилийн нүүр үзжээ. Өөрөөр хэлбэл, 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс ашиглалтад орж буй барилга байгууламжийг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас хүлээж авахдаа дотоод бүрэлдэхүүнээс гадна Онцгой байдлын ерөнхий газар болон зураг төсөл зохиогч байгууллага, ашиглалт хариуцсан байгууллага зэрэг цөөн тооны төлөөллийг комиссын бүрэлдэхүүнд хамруулж, улмаар чанар, стандарт хангасан эсэхийг "хальт мулт” шалгасан болоод л хүлээж авдаг гэсэн. Уг нь тухайн орон сууцыг худалдаж авахдаа иргэд "Улсын комисс хүлээж авсан" гэх хэдхэн үгэнд итгэж найдан худалдан авдаг. Гэтэл энэ хэдхэн үг нь цаасан дээр буусан ямар ч үнэ цэнэгүй үг, өгүүлбэр болж хувирсныг цөөн хэдэн жишээгээр толилуулья.

"Атек” компанийн захиалгаар баригдсан үйлчилгээ, орон сууцны 12 давхар барилга нь архитектур төлөвлөлтийн даалгавар зөрчсөн, давхар нэмж барьсан, өөрчлөлтийн зураг төсөлд магадлал хийлгээгүй. "Алтай” хотхоны 32 дугаар байрны барилга угсралтын ажлын явцад барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн эрхзүйн акт болон "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨК-аас цахилгааны хязгаарлалт хийсэн байхад Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 оны гуравдугаар сард Улсын комисс ажиллаж, ашиглалтад хүлээж авсан байна. "Их наран өргөө констракшн” компани, "Алъянс проперти групп" компанийн захиалгаар барьсан 12 давхар орон сууцны гадна тохижилт хийгдээгүй, орох, гарах хаалганы тохижилт бүрэн дуусаагүй, дээврийн ажлыг зургийн дагуу гүйцэтгээгүй байхад энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдөр хүлээж авсан. "Ардчиллын гэгээ” компанийн захиалгаар "Миний Сайншанд” компанийн гүйцэтгэсэн 15 давхар гурван блок барилгыг 2015 оны наймдугаар сарын 3-ны өдөр Улсын комисс хүлээж авсан.

Иргэдээс ирсэн гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд дээврийн ажлыг дутуу хийсэн, хана, таазны уулзвар хэсгээр цанталт үүссэн, мөөгөнцөртсөн зэрэг зөрчил илэрч чанаргуй барилгын жагсаалтад оржээ. Түүнчлэн цөөнгүй орон сууцанд цахилгаан шат сууриллуулаагүй байхад Улсын комисс хүлээж авчээ. Энэ бол их юмны зөвхөн өнгөн хэсэг. Хэрвээ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд цугларсан баримтыг дэлгэвэл хэдэн зуун хуудас материал бий гэдгээс харвал, Улсын комиссынхон хуульд захирагдаж, холбогдох дүрэм, журмынхаа дагуу ажиллаж чадаж байна уу гэдэг асуулт урган гарч ирнэ.

Уг нь тэнгэр өөд цойлох барилга байгууламжийн тоо нэмэгдэхийн хэрээр Улаанбаатар хотын өнгө үзэмж улам гэрэлтэж буй. Гэхдээ дан ганц өнгө үзэмж гэхээс илүүтэй чанар, стандарт хамгийн чухал. Гэтэл энэ стандартыг дагаж мөрдөхийг шахаж, шаардах эрх бүхий багууллага болох мэргэжлийн хяналтын байгууллагыг ямар учраас Улсын комиссын бүрэлдэхүүнд оролцуулахаас "татгалзаж” байна вэ. Тэр тусмаа хууль, журамд дээрх байгууллагын төлөөллийг заавал байлцуулна гээд заагаад, тусгаад өгчихсөн байхад шүү дээ. Магадгүй үүний цаана хэн нэгэн эрх мэдэлтний хувийн ашиг сонирхол, эсвэл улитөрчдийн хоорондын тохиролцооны асуудал байхыг үгүйсгэхгүй юм.

ГАРГАСАН ШИЙДВЭРИЙНХЭЭ УТГЫГ ОЙЛГОДОГГҮЙ ХОТЫН УДИРДЛАГУУД

Хууль, журамд тусгаснаар барилга байгууламжийг хүлээж авах Улсын комиссын бүрэлдэхүүнд мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөллийг заавал байлцуулах ёстойг Барилгын тухай хууль болоод Засгийн газрын холбогдох тогтоол, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрүүдэд тусгасан байдаг. Тодруулбал, Дэд бүтцийн сайд болон Улсын мэргэжпийн хяналтын ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”, "Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох журам”-ыг 2003 онд баталжээ. Энэ журам, дүрмээр мэргэжлийн хяналтын байгууллага болон холбогдох эрх бүхий байгууллагын төлөөлөл барилга байгууламж хүлээж авах комиссын үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн байдаг. Гэтэл 2008 оноос тухайн үеийн Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төв буюу одоогийн Барилгын хөгжпийн төвд Улсын комиссын үйл ажиллагааг хариуцуулжээ. Гэвч иргэд, аж ахуйн нэгж, гүйцэтгэгч байгууллагын удаа дараагийн гомдол, хүсэлтийн дагуу 2009 оноос эргээд мэргэжлийн хяналтын байгууллагад эрхийг нь шилжүүлсэн байна. Ингээд 2012 оны УИХ-ын ээлжит сонгууль болж, Ардчилсан нам төрийн эрхийг барихаар болов. Удалгүй тус онд баталсан Зассийн газрын 151 дүгээр тогтоолоор "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн хэрэгжүүлэгчийг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар гэж тодорхойлсон байна. Ингэхдээ барилга байгууламж ашиглалтад оруулах Улсын комиссын бүрэлдэхүүнд мэргэжлийн хяналтын байгууллага, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг хяналт, шалгалт хийх чиг үүрэг бүхий байгууллагыг заавал оролцуулна гэж мөн л зааж өгч. Гэвч энэ үеэс л дээрх тогтоол нь нэр төдийхөн болж, улмаар барилгын салбар дахь хийдэл, хариуцлагагүй, нөхцөл үүссэн болох нь эх сурвалжийн баримтаас харагдаж буй.

Учир нь 2012 онд Ардчилсан нам эрх барих тэр үеэс барилга байгууламж барих зориулалттай газар олгох, барилгын зураг батлах, барилгын ажил эхлүүлэхээс эхлээд ашиглалтад оруулах хүртэлх бүх хяналт, шалгалтын ажлыг дан ганц Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хариуцуулжээ. Дээрх шийдвэр гарахтай зэрэгцэн Улсын комиссын бүрэлдэхүүнд мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагчийг оролцуулахаас Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний удирдлагууд зайлсхийж эхэлсэн бөгөөд 2013 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг мөсөн нүүр буруулсан байдаг. Тиймээс нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл болон Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нарт барилгын чанар, аюулгүй байдалд хяналт тавихад мэргэжлийн байгууллагын төлөөллийг хуулийн дагуу оролцуулахыг холбогдох байгууллагаас удаа дараа хүссэн боловч үр дүнд хүрээгүй аж. Энэ талаар Нийслэлийн ИТХ-ын дарга асан Д.Баттулгаас хэдхэн хоногийн өмнө тодруулахад "Засгийн газрын 2012 оны тогтоолоор мэргэжлийн хяналтын байгууллагыг Улсын комиссоос хасч, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт шилжүүлсэн. Хэдэн TOOT гэдгийг санахгүй байна. Ямар ч байсан Улсын комиссын бүрэлдэхүүнд мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөөлөл оролцуулахаа больсон” гэсэн юм. Тэгвэл Д.Баттулгыг Нийслэлийн ИТХ-ын даргаар ажиллаж байх яг тэр үед буюу 2014 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр холбогдох хууль, дүрмийг үндэслэж гаргасан журмын 7.1-д "Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах дүрэм”-ийг баримтлан барилгыг ашиглалтад оруулна” гэж заажээ. Эндээс үзвэл, 2012 оны 151 дүгээр тоггоолоор ч, Нийслэлийн ИТХ-аас 2014 онд гаргасан шийдвэрээр ч, Засгийн газрын 2017 оны 171, 172 дугаар тогтоолоор ч мэргэжлийн хяналтын байгууллагыг Улсын комиссын бүрэлдэхүүнээс хасаагүй болох нь харагдана. Бас Нийслэлийн ИТХ-ын дарга асан Д.Баттулга өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан шийдвэрээ огт санахгүй, мэдэхгүй байгаа нь эндээс харагдана.

Нийслэлийн ИТХ-аас 2014 онд гаргасан шийдвэрийн дагуу Улсын комиссыг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас ахлах үүрэгтэй юу гэвэл үүрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь хяналт шалгалт хийж, зөвлөмж өгөх чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагыг оролцуулахаас татгалзсан нь ямар учиртай вэ. Асуудал үүгээр дуусахгүй ээ. Улсын комиссын бүрэлдэхүүнээс мэргэжлийн хяналтын байцаагчдыг хасаад зогсохгүй Онцгой байдлын ерөнхий газрын төлөөллийг хүртэл үе үе гадуурхдаг аж. Үүнийг ч нотлох баримт хангалттай юм билээ.

ЧАНАРГҮЙ, СТАНДАРТГҮЙ БАРИЛГЫН TOO ЭРС НЭМЭГДЖЭЭ

Үндсэн хуульд зааснаар иргэн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэйг нийтлэлийнхээ эхэнд дурдсан. Тэгвэл Улаанбаатарчууд бид ийм орчинд амьдарч чадаж байна уу. Жилийн дөрвөн улиралд агаарын бохирдлоор уушгиа дүүргэнэ. Дээрээс нь мэргэжлийн эсэх нь мэдэгдэхгүй Улсын комиссын гишүүдийн хүлээж авсан орон сууцанд амьдарна. Мэргэжлийн эсэх нь мэдэгдэхгүй гэж хэлсний учир нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын алба хаагчдын дунд автозамаас эхлээд хэд хэдэн нарийн мэргэжлийн мэргэжилтэн байдаггүй гэж албаны эх сурвалж хэлсэн юм. Үүний улмаас Багануур дүүргийн гэр хорооллын гудамжинд барьсан 6.44 км автозамыг 2016 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 2016/364 дугаартай Улсын комиссын актаар хүлээж авсан ч ашиглагч компанийн зүгээс чанарын шаардлага хангахгүй байгаа талаарх гомдол тасардаггүй байна. Үүний цаана олон км чанаргүй замтай холбоотой асуудал бий.

Шалтгаан нь дээр хэлсэнчлэн мэргэжлийн байгууллагыг Улсын комиссын бүрэлдэхүүнд оролцуулдаггүйгээс үүдэлтэй. Мэргэжлийн ажилтангүй юм бол ядаж хууль, дүрмээ баримтлаад хянаж, шалгах эрхтэй мэргэшсэн багийг төлөөлөлдөө оролцуулж болмоор. Гэтэл ямар шалтгаанаар Улсын комиссыг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрынхан ханцуйн дотроо нууна вэ. Ингэж л "Нүглийг нүдийг гурилаар хуурдаг” нөхдүүд нийслэлийн өндөр барилгад тухалж байна. Тэгсэн атал нийслэлийн удирдлагуудаас эхлээд төрийн тэргүүн хүртэл чихээ дарж, нүдээ аниад суух нь шударга явдал мөн гэж үү. Энд нэг зүйл нэмж хэлэхэд, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрынхан энэ оны зургадугаар сараас үүргээ мэдэрсэн бололтой юм. Иймдээ ч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гурван барилга байгууламж хүлээж авах Улсын комиссын бүрэлдэхүүнд орж ажиллах санал ирүүлжээ. Бүхэл бүтэн дөрвөн жилийн дараа шүү дээ. Ингээд наймдугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, "Нандин эрхэм” компанийн 146 айлын орон сууц хүлээж авах акт үйлдэхээр комиссын бүрэлдэхүүн газар дээр нь очиж. Гэтэл Улсын комиссын бүрэлдэхүүнд барилга байгууламжийг ашиглалтад оруулахад техникийн бүхий л шалгалтыг хийх ёстой мэргэжилтний нэрийг хасаад, оронд нь эрүүл ахуйн байцаагчийг байлцуулжээ. Уг нь эрүүл ахуйн байцаагч гэдэг нь барилга баригдаж эхлэх үед мэргэжлийн талаас зөвлөдөг мэргэжилтэн. Харин ашиглалтад орох үед энэ мэргэжилтэн оролцох ямар ч шаардлагагүй атал ийнхүү мөн л "Нүглийн нүдийг гурилаар хуурсан" ажил Улсын комиссынхон хийсэн байна. Энэ мэтчилэн барилга болон автозам тойрсон асуудал олон бий. Энэ хэрээр улсаас, иргэдийн халааснаас мөнгө урсч буй. Гэтэл Улсын комисс нэртэй хэдхэн нөхдүүд хэдий болтол мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүйгээр барилга байгууламж хүлээж авсаар байх юм бэ.

 

Г.НАЦАГ-ЭРДЭНЭ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>