|
Видео

Шинэ мэдээ

"БОГДОО БООВ ХАЙРЛА" менежмент

"БОГДОО БООВ ХАЙРЛА" менежмент

 

Улс төрийн зах зээл дээр ноёрхож буй эрх баригч хүчний хамгийн түрүүнд анхаарах стратеги бол өөрийн шийдвэр гаргагчдын төрийн нэрийн өмнөөс гаргаж буй шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн албан хаагчдын "сэтгэлийг татах”, өөрсдийг нь эрх мэдэлд хүргэхэд хатуу дэмжсэн нийгмийн тодорхой бүлгүүдийн эрх ашгийг хамгаалах, дэмжих явдал байдаг. Чухам үүний дараа л өөрийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, илүү тогтвортой, бүтээмжтэй ажиллах нөхцлийн суурь тавигддаг нь нууц биш.

ХИШИГ ТҮГЭЭХ НЬ УЧИРТАЙ

Түүх сөхвөл Чингис хаан овгийн зохион байгуулалтыг халж төрийн нэгдсэн тогтолцоог байгуулахдаа одоогоор бол "төрийн албан хаагчдын” давхарга буй болгож нийгмийн асуудлыг нь онцгойлон шийдэж бүр эрх зүйн илүү давуу байдлыг ч олгож байжээ. Цэрэгжсэн нийгмийн хувьд энэ давхарга нь цэргийн эрхтэнүүдээс голчлон бүрдэх боловч бичгийн мэргэдийг угсаа гарвал, "цус” харгалзахгүй мерит зарчмаар томилон ажиллуулдаг байсан нь найман зуун жилийн дараа болох өнөөгийн төрөөс ч давуу талтай аж. Эдгээр цөм болсон "төрийн албан хаагчид” л Евроазийн асар том эх газарт Монголын хуулийг гурван хоногт хэрэгжүүлдэг, хааны эрх мэдлийг хатуу хамгаалж чаддаг байсан юм.

Хожим хойно Манжийн эзэрхийлэл, Богд хаант Монгол Улсын үед Зонховын шашин үлэмж нөлөөтэй байсан тул цэрэг армийнхныг биш шашны давхаргынхныг эрх баригчид "спонсорлож" хариуд нь хутагт хувилгаад, сүм хийдүүд Манжийн хааны дараа нь Богдын эрх мэдлийг хүлээн зөвшөөрч ард түмэнд сурталчлах, тэднээс хамгаалах бамбайны үүрэг гүйцэтгэдэг болов. Татвараас бүрэн чөлөөлөгдсөн, жасын алба хэмээх эдийн засгийн тусдаа нөөцтэй, тамгатай шашны феодлын элит давхаргын эрх ашгийг хөндсөн учраас тэд үндэсний эрх чөлөөний хувьсгалыг манлайлалд нэгдэж бас Богдыг өөрийг нь хаан ширээнд суулгажээ.

Богд VIII хаан сууринд шарын төлөөлөл болж суусан тул харын талынханд Ерөнхий сайдыг өгч засгийг удирдуулсан боловч өнөөгмйн МАН-ын 65 бүлэг шиг хоёр хуваагдаж хар шарын зөрчил удахгүй эхэлсэн юм. Чухам энэ зөрчлийг дарах, ард түмнийхээ дунд нэр хүндээ бататгахын тулд Богд хаан монгол маягийн түгээлтийн систем бодож олсныг социализмын үеийн үзэл сурталд "Богдоо боов хайрла” хэмээн нэрлэв. Харын талынханд хэргэм зэрэг, албан тушаал, шарын талынханд албан тушаал, эд хөрөнгө түгээлтийн төхнологи хэрэглэдэг байсан бол хүрээний борчуудад хүнс, хувцас хэрэглэл, эд материал ордны цонхоороо амьд бурхан өөрийн биеэр согтуу байсан ч хамаагүй тодорхой өдрүүдэд шиддэг байсан тухай гадны аялагчдын дурсамжинд тэмдэглэгджээ.

ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ НАМУУД

Улс төрийн намууд өөр өөрийн хатуу дэмжигч нийгмийн бүлгүүдтэй. Эдгээр бүлгүүдийн сонгогчид мэдээж бүгд саналаа тухайн намд өгөхгүй боловч дийлэнх нь сонгуулиуд дээр түлхүү дэмжих хандлагатай байдаг. Ардчилсан намын хувьд залуучууд, жижиг дунд бизнес эрхлэгчид гэсэн үндсэн хоёр дэмжлэгийн баазтай. Харин МАН-ын хувьд ахмад, төрийн албан хаагч гэсэн хос бүтцээс дэмжлэгийг авдаг гэж өөрсдөө тооцдог. Тооцдог гэж хэлсэн шалтгаан нь эдгээр дэмжлэгийн баазууд өнө мөнхөд өртэй юм шиг энэ хоёр намыг хатуу дэмждэг гэсэн үг биш бөгөөд зарим сонгуулиуд дээр бүр эсрэг талд нь гарах явдал бий. Судалгаанаас харахад 2016 оны парламентын сонгуульд засгийн эрх баригч Ардчилсан намынхны дотоод хагарал, шийдвэр гаргах чадамжгүй байдал, олон фракцаас үүдэлтэй авилгын иреархи тогтолцоо, эдийн засгийн уналт зэргээс шалтгаалж жижиг дунд бизнесийнхэн дэмжээгүй тохиолдол гарчээ. Хамгийн хачирхалтай нь cap бүр хүүхдийн мөнгө гэж зорилтот бүлэгт бэлнээр мөнгө тараасан, "Эрдэнэс тавантолгой”-н хувьцааны мөнгө гээд бэлнээр тараасан ч хүртэгч гэр бүлүүд, байнга хүлээдэг эмзэг бүлгийн сонгогчид өнгөрдөг сонгуулиар хангалттай дэмжсэнгүй. Богдын боовыг тоосонгүй юу голсон уу бүү мэд. Ямартаа ч АН ойлгож намын шинэчлэлийг эхлүүлсэн.

БОГДЫН БООВ 300 МЯНГАН ХҮРЭЭД БАЙНА

190-ээд мянган төрийн албан хаагчдын бараг 70 хувийг бүрдүүлдэг төрийн үйлчилгээний ажилтнууд болох энгийн иргэдийн өөрсдийнх нь итгэл үнэмшил, цалин багатай ч бахархал болсон ажил нь худалдагддаг, дахиад олон жил хичээгээд ч дэвшихгүй хэн нэг нь худалдаж аваад дээр нь гараад суучихдаг юм байна гэсэн айдас тэдэнд өнгөрсөн хугацаанд бий болсон. Чухам ийм сэтгэл зүйтэй төрийн албан хаагчидтай У.Хүрэлсүхийн Засгийн газар он тооллоо эхлүүлж байна. Төрийн албан хаагчдад 300.000 төгрөг олгох тухай сангмйн сайд Ч.Хүрэлбаатарын уйгагүй тэмцэл ялалтаар өндөрлөв. Засгийн газрын энэ уйгагүй тэмцлийг олон талаас нь шүүн хэлэлцэх шаардлагатай. Харин улс төрийн менежментийн талаас хоёр үндсэн шалтгаантай гэж харж байна.

Нэгд, ийм итгэл унасан сэтгэл зүйтэй төрийн албан хаагчидтай Засгийн газар ажил хийхэд маш хүнд. Дээрээс нь хэзээ халаа сэлгээ хийгдэх бол гэсэн болгоомжлол, хүлээлт, ажил хийдүүлэлт жамаараа үүссэн. Олон улсын валютын сангийн хяналтад байгаа Засгийн Газар сахилга алдаж бодитой халамж үзүүлж чадахгүй. Гурван зуун мянгын үнэтэй Богдын боов Засгийн газар өөрийн чадах хэмжээнд түгээлтийн уламжлалт менежментийг сонгож тарааснаар төрийн албан хаагчдыг аргадаж тайвшруулахыг оролдож бас дэмжлэг хүссэн тактик гэж хэлж болохоор байна. Чухам төрийн албан хаагчдын итгэлийг сэргээхгүй бол 2020 онд МАН ялахгүй. Энэ бол аксиом. Хоёрт, өнөөдрийн бүхий л улс төрийн өнгийг тодорхойлох эргэлтийн цэг нь хэдхэн хоногийн дараа болох эрх баригч МАН-ын их хурал. Гишүүн биш шалдан Ерөнхий сайдын хувьд эрх мэдлээ бататгах, хүлээн зөвшөөрөгдөх хамгийн том стратеги нь намын дарга болох. Ялсан намын дарга Ерөнхий сайд байна гэсэн дүрэм эсрэгээрээ энэ удаа үйлчилж Ерөнхий сайд намын дарга байх тухай асуудлыг их хуралдаа оруулж ирэх тактикийн алхам хийх магадлал маш өндөр. Наана нь тохироогоор буугаад өгчихгүй бол шүү дээ. 2016 оны парламентын сонгуулиас хойш намын шалгуураар төрийн албанд очсон олон мянган намын гишүүд, идэвхтэнүүд бий. Тэдгээрийг түгээлтийн менежментийн хуулиар дэмжих нь Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн намын их хурлын төлөөлөгчдөд нөлөө үзүүлэх нь

ҮЛГЭР ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙХ УУ

Урьд нэг олон хоньтой айл говьд нутагладаг байжээ. Олон хүүхэдтэй, бүл сайтай айл болохоор хонио ээлжилж хариулах боловч малд онцгой нүдтэй нэг хүүгээ эцэг эх нь ихэд тоож голчлон хонины ээлж хийлгэнэ. Нэг удаа эцэг эх нь бусад хүүхдүүдээ дуудаад "Бид энэ муугаа л голдуу хонинд явуулах юм. Ирэхээр нь тусгайлан өөрт нь бууз хийгээд дайлъя. Хэдүүлэнд баярлана” гэж. Орой болж хониноос ирсэн хүү тавагтай буузаа идэж дууссаныхаа дараа уйлж гарчээ. Гайхсан эцэг эх нь учрыг лавлатал "Та нар надад нэг таваг бууз үлдээж. Өөрсдөө болохоор хоёр хоёр тавгийг идсэн л байгаа" гэж гомдолложээ.

Шуудхан хэлэхэд түгээлтийн хуучирсан менежмент Засгийн газарт эерэг нөлөөлөл авчрахгүй гэж бодож байна. Ардчилсан намын хувьд ч, МАН-ын үед ч тодорхой бэлэн мөнгө тараах нь нэг хэсгийг түр зуур аргалах боловч тухайн халамжинд хамрагдаагүй нийгмийн бүлгүүд эсэргүүцдэг дээр нь тэр халамжинд хамрагдсан хэсэг юмны үнэ дагаж нэмэгдсэнийг хараад бүр ихээр ундууцдаг байна. Монголд эдийн засаг асар хурдтайгаар "нисэж” 17 хувиар өссөн он жилүүдийг өнөөгийн эрх баригчид бахархан дурсах дуртай. Тэгвэл эдийн засаг өсөхийн хэрээр нийгмийн дундаж давхаргын тоо өсөж, хэрэглээ чанаржиж, жижиг бизнес нэмэгдэж байсан ч дараагийн сонгуулиудад Дундаж давхаргад шинээр орсон иргэд дараагийн шатны шинэ шаардлага, шинэ хүсэл тэмүүлэлтэй болдгийг улс төрийн намууд мэдэрч ойлгох ёстой. Энэ нь өдөр тутмын эдийн засаг-санхүүгийн хэрэгцээ гэхээсээ илүү өргөн утгатай бөгөөд хүний үнэлэмж, ажлын байр, үйлдвэрлэл, нийгмийн харилцаан дахь шударга ёс, хуулийн тэгш үйлчлэл зэрэг арай дээд түвшний шаардлага юм. Харамсалтай нь энэ бүхнийг шинэ Засгийн газар мэдрэхгүй зуун жилийн өмнөх түгээлтийн технологиосоо салж чадахгүй байна.


О.ЧУЛУУНБИЛЭГ 

Улс төрийн менежер 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.