|
Видео

Шинэ мэдээ

МАН-ЫН XXVIII ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

 

МАН-ын XXVIII Их хурлын төлөөлөгчид өө!

Эрхэм журмын нөхөд өө!



Алдаж болохгүй цаг хугацааны торгон ирмэг дээр хуралдах гэж буй намын ээлжит их хурлын төлөөлөгч Та бүхний энэ өдрийн амар амгаланг  айлтган мэндчилж байна. 

УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн хугацааны хоёр  дахь жил шувтрах дөхөж, улс орны эдийн засгийн хямрал уналтаас гарч, сэхээ авч амжаагүй байгаа  энэ үед хуралдах гэж буй намын ээлжит их хурал  хэлэлцэх ярилцах, шийдэх асуудал арвинтай, хүлээлт ихтэй байгаа нь эргэлзээгүй. 

МАН  сонгуулиар ард түмэндээ өгсөн амлалтуудаа хэрхэн биелүүлж байгаа вэ гэдгээ эргэн харж, алдаа оноогоо  шүүн, ирэх хоёр  жилд дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэх бодлогоо юуны өмнө хэлэлцэж Монгол Улсынхаа тогтвортой хөгжлийн  төлөө цаашид хийх ажлаа оновчтой тодорхойлох учиртай. Бидний хувьд намын дотоод эв нэгдэл, зохион байгуулалт, боловсон хүчний бодлого гэх мэт хэлэлцэх ёстой тулгамдаж буй олон асуудлууд байгаа хэдий ч эрх ашгийн эрэмбэ дараагаар нь авч үзвэл улс орны хөгжлийн бодлогын асуудал хамгийн тэргүүн эгнээнд тавигдах ёстой билээ.

 

Цаг үеийн нөхцөл байдлаас харахад ард  иргэд  маань МАН-аас илүү уян хатан, алсын хараатай хөгжлийн бодлого, тов тодорхой хөтөлбөр, бодитой үйл ажиллагаа үр дүнг  хүлээж байна. Уян хатан гэдэг нь туйлбартай тууштай байх зарчимд үл харшлах бөгөөд харин ч алс хэтийн зорилгодоо хүрэхэд илүү үр дүнтэй арга барилыг тухайн нөхцөл байдалд нь тохируулан тодорхойлж, хэрэгжүүлэх явдал билээ. Бид хурлаараа олон ургальч санаа бодлоо ил тод ярих нь мэдээж боловч эцсийн шийдвэр нь бэрхшээлээс гарах оновчтой шийдэл, хөгжлийн  гарц, хандлагаа тогтоож, баримтлах бодлогоо тодорхойлж түүндээ нэгэн санаагаар нэгдэх ёстой. Эв нэгдлийн цөм нь Монгол Улсын язгуур эрх ашгаас өөр юу ч биш ээ. Өнгөрсөн хоёр жилийн байдлаас дүгнэж харахад    намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тодотгол, нэмэлт оруулах асуудлыг их хурлаараа  хөндөж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналыг би  дэвшүүлж байна.

 Өнөөгийн эдийн засгийн хямралтай цаг үед улс төрийн бодлого нь эдийн засгийн бодлогоо чирэх биш, эдийн засгийн бодлого нь улс төрийн бодлогоо хөтлөх нь бодит шаардлага мөн.

Монгол Ардын Нам эдийн засгийг тогтворжуулж, ард түмэндээ амалсан амлалтуудаа биелүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа эрчимжүүлэхэд онцгой анхаарч УИХ, Засгийн газрын түвшинд нягтарч ажиллаасай гэж олон нийт хүсэн хүлээж байна.

Монголын эдийн засгийн цөм болсон  байгалийн баялгийг үр ашигтай удирдаж, өгөөжийг нь ард  иргэддээ тэгш хүртээх бодлого, баялгийн ухаалаг менежментийг хэрэгжүүлэх замаар буй болсон  орлого хуримтлалыг  Монгол хүний хөгжлийг хангахад чиглүүлэх  нь улс орны ирээдүйн хөгжлийн баталгаа мөн. Хуримтлалыг гал унтраахад бус хүний хөгжилд зориулсан цагт Монгол Улс  хөгжсөн иргэнтэй, хөл дээрээ бат зогссон нийгмийн дундаж давхаргатай болж  улс орон цаг зуурын хямрал уналтад түүртэж торохгүй урагшлах болно.  Улс орны хөгжлийн ирээдүйд эерэгээр нөлөөлөх  олон гарц, шийдэл боломжийг  Та бид УИХ-ын үнэмлэхүй олонхи, Засгийн газрыг дангаараа бүрдүүлж буй энэ цаг үед үр дүнтэй хэрэгжүүлэх  үүрэгтэй. 

Иймд МАН-ын удирдлагууд болон XXVIII их хурлын төлөөлөгч Та бүхэнд хандаж үг, үйлдлийн  зөрүүгээ дөвийлгөн хэлэлцэх бус "эх орноо хөгжил дэвшилд хүргэж, ард түмнээ сэтгэл хангалуун, тайван аюулгүй, эрх чөлөөт амьдралтай болгох” эрхэм зорилгоо тууштай эрмэлзэн баримталж улс орон, ард иргэдээ эдийн засгийн хямралаас хэрхэн хурдан гэтэлгэж,  Монгол хүний хөгжлийг хангах бодлого, стратегийн талаар  үзэл бодлоо уралдуулан  нэгтгэхийг уриалж байна.

Тулгараад буй  асуудлуудын  шийдлүүдийг хэлэлцэж, тунгаан олж, оновчтой гарцыг хамтаараа сонгож;   МАН туршлагатай, тулхтай улс төрийн хүчин гэдгээ нотлон,  XXVIII их хурлаараа   намын жирийн гишүүд, дэмжигчид, ард иргэдийнхээ хүлээлтийг хангаж, Монгол Улсынхаа язгуур эрх ашигт нийцсэн үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Эс чадах эрх, ёс зүй  Та бидэнд үгүй билээ.

 

МАН-ын XXVIII их хурлын төлөөлөгч Одончимэдийн Одбаяр


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.