Хөрш гурван улсын хамтарч хэрэгжүүлэх мега төслүүд

668

Хөрш гурван улсын хамтарч хэрэгжүүлэх мега төслүүд

 

Монгол Улс мөнхийн хоёр хөрштэй. Хоёр хөршийн маань хэн хэн нь эдийн засгийн их чадавхи хөгжилтэй. Энэ нь монголчууд бидэнд том боломж. Хэрэв бид үйлдвэрлэгч бол дэлхийн хоёр том зах зээлийн дунд бид оршиж байна.

Саахалт айлын санаа нэг, айл хүний амь нэг гэдэг шиг бидний хувьд хоёр их хөрштэйгээ найрсаг харилцаатай, эрх тэгш хамтран ажиллаж чадвал  Монголын хөгжлийн хүчтэй хурдасгуур болох нь гарцаагүй.  Хөрш гурван орны удирдагчид уулзалдаж хамтын  ажиллагааны талаар  ярьж тохирсон томоохон төслүүд бий. Тэдгээр нь ихэвчлэн дэд бүтцийн томоохон мега төслүүд юм.

Тухайлбал, "Нэг бүс, нэг зам”, "Эдийн засгийн коридор”, "Талын зам” гэх мэт цогц санаачилга, хөтөлбөр, төслүүдийн талаар та лав сонссон байх.

2016 оны зургадугаар сард Ташкент хотноо болсон Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр "Монгол - Орос - Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т гарын үсэг зурсан.  Энэ төсөл нь манай орны хувьд хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чухал ач холбогдолтой гэдэг нь тодорхой.

Учир нь байгалийн асар их баялагтай Орос орон дэлхийн хамгийн том эдийн засагтай, хамгийн том хэрэглэгч  Хятад  хоёр улсыг холбосон  дэд бүтцийн коридор байгуулах нь монголчуудын хувьд бэлээхэн боломж, тэнгэрийн умдаг атгаснаас өөрцгүй чухал шийдэл. Өөрөөр хэлбэл Хятад, Орос хоёрыг холбосон тээврээс алтан бороо оруулах боломж нь юм.

Энэ хөтөлбөрт туссан  төслүүдийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн хүмүүсийн урьдчилан тооцоолсноор уг хөтөлбөрт тусгасан төслүүдэд ойролцоогоор 50-60 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэжээ.

Төмөр зам

Төслийн хүрээнд  хоёр хөршийг холбосон шинэ төмөр зам барих, одоо байгаа "Улаанбаатар” төмөр замыг шинэчлэх,хос замтай болгох, цахилгаанжуулах төслүүд  нэн түрүүнд яригдана.

Төмөр зам барих, шинэчлэхэд хамгийн чухал нь тээвэрлэх ачаа, ачааны урсгал байгаа эсэхийг тооцох явдал юм. Тээвэрлэх ачаа жилд 30-40 сая тоннд хүрсэн тохиолдолд төмөр замыг хос болгох, 100 сая тонн хүрсэн тохиолдолд цахилгаанжуулсан хос зам болгох жишээтэй гэж мэргэжлийнхэн тодотгож байгаа. Тэгэхээр "Улаанбаатар” төмөр замыг хэзээ хос замтай, хэзээнээс цахилгаанжуулсан хос замтай болгох нь ачааны урсгалаас хамаарна гэсэн үг. Харин БНХАУ болон ОХУ-ын хоорондын бараа эргэлтийг 2020 он гэхэд 200 тэрбум ам.долларт хүргэнэ гэсэн тооцоо чиглэлтэй байгаа юм. Үүнийг боломж гэж харахаас яах билээ.

Манай төмөр замын эхний шатны шинэчлэлд 3,5-5 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо бий. "Улаанбаатар” төмөр замын хувьд хамгийн ашигтай нь Хятад-Оросын хоорон дахь транзит тээвэр. Харин  энэ боломжийг хүртэхийн тулд  манай нутгаар тээвэрлэх болон хилийн боомтууд дээр зогсох хугацааг багасгах, уян хатан тарифтай байх хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл өрсөлдөх чадварыг  бий болгох явдал.

Монголын төмөр зам нь  Орос-Монголын хамтарсан байгууллага учраас энэ тал дээр ОХУ-ын дэмжлэг байх нь гарцаагүй.  Урдаас Европ руу чиглэсэн ачааг Монголоор дамжуулан ОХУ-ын транс сибирийн замтаар цааш тээвэрлэх нь хэн хэндээ ашигтай нүүдэл.  

"Талын зам”

Хоёр хөршөө холбосон босоо тэнхлэгийн  автозамын төслийн тухай монголчууд амаа  цангатлаа ярьж байгаа. Хэдэн жилийн өмнөөс л босоо тэнхлэгийн хурдны зам тавих тухай ярьж өнөө маргаашгүй эхлэх сураг гарсан ч тэгсхийгээд мартагдсан юм даг. Харин тэр төсөл одоо "Талын зам” гэж нэрлэгдээд явж байх шиг байна.

Алтанбулагаас Замын-Үүд хүртэл авто зам байгаа ч олон улсын хурдны АН-3 зам барих төсөл бэлэн болоод байгаа юм. Мянга гаруй километр урттай уг замын нийт өртөг нь 10-12 тэрбум ам доллар гэсэн. Энэ  зам нь зорчигч, аж үйлдвэрийн болон хүнсний бараа тээвэрлэхэд зориулагдана.

Манай улсын нутгаар дайруулан хийн хоолой барих асуудалд монголчууд их анхаарал хандуулдаг. Энэ чиглэлээр  их ч хүлээлт байсан байх. Харин хойнос урагш чиглэсэн нефть, хий дамжуулах хоолойнууд Монголыг тойрсон. Тэгэхээр энэ асуудал ойрын жилүүдэд яригдахгүй л болов уу.  

Дээрх хоёр мега төслөөс гадна эрчим хүчний болон агаарын шинэ шугам, холбооны зэрэг төслүүд бас яригдаж байна.

М.Нэргүй 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>