Ц.Оюунбаатар: Солонгос иргэний асуудлаар ЭСЯ-нд нь хандана

408
 
 Ц.Оюунбаатар: Солонгос иргэний асуудлаар ЭСЯ-нд нь хандана
МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
–Хуулийн байгууллагууд улс төрийн бүлэглэлийн гар хөл болж байгаа талаар ярих боллоо. Энэ асуудал Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар дээр илүү тод илэрч байна. Энэ талаар тодруулахгүй юу?
 
-2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигч С.Ганбаатарыг тагнаж, чагнаж, тухайн үйл ажиллагаандаа гадаадын иргэнийг оролцуулсанд үнэхээр харамсч байна.  Энэ асуудал өнгөрсөн зургадугаар сарын 23-ны өдөр олон нийтэд ил болсон.
 
Нэр дэвшигчийн гэрт үл таних гадаадын иргэн нэвтэрч бичлэг хийлээ.  Уг нь бол  Ерөнхийлөгчид нэр дэвшигч Төрийн тусгай хамгаалалтад байсан. Гэтэл тухай иргэнийг чухам яагаад нэвтрүүлэв. Тусгай үүрэг бүхий төрийн байгууллага оролцож, сонгуулийн үеэр гүйцэтгэх  ажиллагаа явуулсан гэдэг нь олон баримтаар тогтоогдож байна. Энэ талаар саяхан  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж маш тодорхой байр суурь илэрхийллээ.  Ханцуйндаа камер байршуулсан гүйцэтгэх ажилтан гадны иргэнийг дагуулж хууль бусаар нэвтэрч,  бичлэг хийсэн  байна гэдгийг чуулганы хуралдаан дээр мэдэгдлээ.  Энэ бол аюултай ноцтой гэмт хэрэг.
 
–Энэ үйлдэл нь ямар, ямар хуулийн заалтыг зөрчиж байна вэ?
 
-Энэ талаар бид нэлээд судалгаа хийлээ.  Ер нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр цагдаа, тагнуулын байгууллага манай намаас нэр дэвшигчийг янз бүрээр дарамталж, мөрдөн мөшгиж байлаа. Энэ бүхэн баримттай.  Эрүүгийн хуульд заасан "Сонгуулийг хууль бусаар явуулах, хуйвалдаан зохион байгуулах” гэсэн гэмт үйлдлийн  бүхий л шинжийг харуулж байна. Өөрөөр хэлбэл сонгуулийн дүнд зориудаар нөлөөлж, сонгогчдын саналыг төөрөгдүүлэх замаар С.Ганбаатарын саналыг өөр нэр дэвшигч рүү чиглүүлсэн ийм л зохион байгуулалттай үйлдэлийг хууль  хүчний байгууллага хийлээ. Мөн тагнуулийн байгууллага гадаадын иргэнтэй хууль бусаар хамтран ажиллалаа.  Ерөнхийлөгчид нэр дэвшсэн хүнээ гадны иргэнтэй хамтран тагнан турших үйл ажиллагааг хуулийн байгууллага явууллаа. Тэд гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн. Энэ нь өөрөө эрүүгийн гэмт хэрэг. Мөн албан тушаалын гэмт хэрэг. Гадаадын иргэн тагнуулын үйл ажиллагаа явуулсан нь бас маш ноцтой  эрүүгийн гэмт хэрэг юм. БНСУ-ын иргэн Ван Сү нь Монголын хилээр нэвтэрч тусгай үйл ажиллагаа явууллаа.
 
–Энэ асуудал шүүхийн шатанд шилжээд удаж байна. Шүүх мөрдөн шалгах ажиллагаа дутуу байна гэж буцаадаг ч мөрдөж шалгахгүй байна. Сүүлд болсон шүүх хурлаар С.Ганбаатарыг зөрчилтэй гэж үзсэн. Та бүхэн цаашид ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
 
-Бид бусад орны Ерөн­хий­лөгчийн сонгуульд ийм байдлаар хандвал шууд төрийн эсрэг гэмт хэрэг болно. Гэтэл Монголыг ингэж дором­жилж болохгүй. Мон­голын хууль хяналтын байгууллага зайлшгүй шалгах хэрэгтэй. Ерөнхий прокурорт энэ асуудлаар гомдлоо хүргүүлсэн. Энэ хэрэгт хамтарсан ажлын хэсэг гаргаж, шалган шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналаа хэлсэн. Мөн БНСУ-ын Элчин сайдын  яаманд хандах гэж байна. Солонгосын Засгийн газарт хандаж, Олон улсад эрэн сурвалжлах үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзээд байна. Тэгэхгүй бол Монголын төр өнөөдөр утгаа алдаж байна. Хууль хяналтын байгууллага улс төрийн захиалгат үйл ажиллагаа явуулаад удаж байна. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын асуудал юм. Ерөөсөө монгол хүний эрхийн асуудал юм. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа гуравхан хүнийхээ эрхийг хамгаалж чадсангүй. Энэ асуудлаас үүдэн С.Ганбаатар байнгын дарамт дунд сонгуулийн үйл ажиллагаагаа явууллаа. Барьж хорино, байцаалт авна гэж алхам бүрт дайрсан. Энэ бүх баримтууд  бичлэгээр байгаа. Монголын төр ийм байж болохгүй. Гадаадын жирийн иргэнд  боломж олгоод, гүйцэтгэх ажиллагаандаа  оролцуулаад явж байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх цаг хугацаа иржээ.
 
–Солонгосын иргэн Ван Сү-гийн  талаар сүүлийн үед ямар мэдээлэл байна.  Тэр дахин Монголын хилээр орж ирсэн  үү?
 
-Саяхан Монголын хилээр нэвтэрч орж ирээд эргээд гарсан байна. Цагдаа хууль хяналтын байгууллагад тухайн үеийн бичлэгийг тайлбарлаж "Энэ миний дуу мөн байгаа юм” гэсэн байна лээ. Түүнээс өөр тайлбар өгөөгүй. 50 сая вон хэний мөнгө болох, тэр мөнгийг чухам ямар зорилгоор нэр дэвшигчид өгсөн, хэний захиалгаар ажилласан гээд хуулийн  хүрээнд байцаалт аваагүй, шалгаагүй. Энэ бүхнийг шалгахгүйгээр энэ хэргийн үнэн мөн олдох боломжгүй юм. Гэтэл нэр дэвшигчийн материал маш хурдан шүүхэд ирж байлаа. Нэрсийг  жагсаалтаас хасна гэж Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдэгдэл хийлээ. Тийм байдлаар энэ үйл ажиллагааг зохион байгуулсан нь өөрөө гэмт хэрэг юм. Хэзээ ч гадны  иргэн аль нэгэн улсын төрийн сонгуульд хөндлөнгөөс оролцох, төрийн үйл ажиллагаанд нөлөөлөх эрхгүй байдаг. Монголын төр ийм байж болохгүй. Ер нь монголчууд эв нэгдэлтэй байж, асуудлыг тал талаас нь ярьж  гарцаа тодорхойлно уу гэхээс биш аль нэг улс төрийн нам ганцаараа улайрч, зарим нэгнээ хэлмэгдүүлж хилсдүүлж хөгжинө гэж үгүй. Хууль хүчний байгууллагаа  гар хөлөө болгон, хүний  эрх эрх чөлөөг зөрчиж байдаг асуудлаа өнөөгийн төр зогсоох ёстой. Энэ асуудлаар би УИХ-ын дарга М.Энхболдод удаа дараа хандаж байлаа. Сүүлийн үед Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар мөн саналаа хүргүүлээд байна.
 
–Сүүлийн үед оффшорын талаар их ярьж байна. Оффшорын тухай хууль баталлаа. Ерөнхийлөгч оффшорын эсрэг үйл ажиллагаа явууллаа. Гэсэн ч үр дүнд хүрсэнгүй?
 
-Энэ хаваржин оффшорын эсрэг хөдөлгөөн монгол орон даяар өрнөлөө. Иргэний нийгмийн байгууллага, улс төрийн сөрөг хүчний зүгээс хүчтэй дуугарч байна. Ер нь Ерөнхийлөгч нэр дэвшиж байхдаа ч энэ асуудлыг таслан зогсооно, тэнд байгаа мөнгөн хөрөнгийг Монгол руу эргүүлэн татна гэж ярьж байлаа. Энэ нь түүний нэг амлалт байлаа. Товч­хондоо хэлэхэд татвараас нуусан мөнгө, Монголын ард түмний баялаг юм. Уул уурхай, газар түүний доорх баял­гийг нууж гадагшаа гаргаж татваргүй бүсэд байршуулан мөнгө угааж байна. Энэ  байдал улам цэцэглэж байна. Оффшор данстаны тоо нэмэгдлээ. Энэ асуудлыг шийдэх ёстой. Гэхдээ дан ганц Ерөн­хийлөгчид даатгаад орхиж болохгүй. Оффшор бүсэд байршсан мөнгийг Монгол Улсад эргүүлэн татах боломжууд гэсэн хэлэлцүүлгийг саяхан зохион байгууллаа. Гадны экспер­түүдийг үгийг сонс­лоо. Монгол Улсад офф­шорт буй тэр мөнгөн хөрөн­гийг эргүүлэн татаж эдийн засгаа сэргээх ийм л нөхцөл байдал үүсч байна.
 
–Гадны мэргэжилтнүүд бидэнд юу гэж зөвлөж байна вэ?
 
-Оффшорын асуудлыг хянах үйл ажиллагаа дэлхий нийтэд үргэлжилж байна.  Өмнөд хөршид 6000 орчим хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ. Харамсалтай нь Монголд энэ асуудал ахиц дэвшил алга. Оффшортнуудтай тэмцэх хүсэл эрмэлзлэл эрх баригч хүчинд алга. Хууль, хяналтын байгууллага энэ рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулахгүй байна. Ер нь дээрээ ажиллуулахгүй, илрүүлэхгүй гэсэн даалгавартай ажиллаж байгаа байх. Энэ асуудалд  Байгаль хамгаалах хуульчдын холбооны тэргүүн Ц.Туяацэцэг АТГ-аас илүү ажил хийсэн байна. Швейцарьт олон удаа очиж энэ асуудлыг судалж, олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой холбогдож маш олон баримтыг илрүүлсэн байна.  Манай  хуулийн байгууллага дургүйд хүчгүй гэдэг шиг шалтгаан тоочиж, хоёр улсын гэрээ энэ тэр гэсэн хачин тайлбар хэлээд зогсож байна.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>