Хүүхдэд эм өгөхдөө гаргадаг 10 алдаа

1426

Хүүхдэд эм өгөхдөө гаргадаг 10 алдаа

Хүүхэд маш амархан өвддөг. Халуурч, ханиалган, ядарч сульдаж, хоолондоо дургүй болно. Бид энэ нөхцөлд юу хийхээ сайн мэддэг, үүнийгээ ч хийдэг. Харин арга тасарсан үедээ л эмчид ханддаг. Тэгээд ихэнхдээ баахан эм аваад хүрээд ирдэг. Эм бол хүүхдүүдийн маань бяцхан биеийг эдгээх тустай аргуудын нэг мөн.

1. Эмчид хандалгүйгээр эм өгөх

Хүүхэд нэг өвчнөөр хоёр гурван удаа өвдсөний дараа өөр өвчнөөр өвдөхөд эхчүүд их тайван ханддаг. Халуурсан, ханиасан, гэдэс нь өвдсөн үед эхлээд юу хийхээ мэддэг. Тэр дор нь халуун бууруулах эм өгөх гэх мэт… Гэвч энэ туршлагадаа хэт найдах хэрэггүй. Учир нь хэд хэдэн өвчний шинж тэмдэг ижилхэн байдаг. Хүүхэд тань ханиалган халуурахад та халууны эм өглөө гэж бодъё. Халууны эм хүүхдийг тайвшруулах боловч өвчний эх үүсвэрийг арилгахгүй. Хэрэв вирус, бактериас болсон өвчин бол эм өгөөгүй ч эдгэрдэг. Харин микробын гаралтай бол антибиотик хэрэглэх шаардлагатай. Та халуурах, ханиалгах үед нь хэрэглэж байсан эмээ мэдээж хэрэглэж болох ч хамгийн ихдээ 3 өдөр үргэлжлүүлэх хэрэгтэй. 3 өдөр өнгөрчихөөд байхад сайжрах төлөвгүй бол эмчид хандаарай. Товчхон хэлэхэд өөрийн ажиглалт, туршлагадаа үндэслэн эм уулгах нь буруу бөгөөд та тухайн эмийг хэдэн өдрийн хугацаатай, хэр хэмжээгээр өгөх хэрэгтэйг мэдэхгүй шүү дээ. Тиймээс эмчид хандалгүйгээр хүүхдэдээ эм уулгах хэрэггүй.

2. Аминдэмүүд ч бас эм

Зарим эхчүүд хүүхдээ эрүүл чийрэг байлгаж, өвтгөхгүйн тулд эмчид хандалгүйгээр аминдэм уулгах нь элбэг байдаг. Аминдэм ч бас эм гэдгийг анхаарах нь зүйтэй. Учир нь хүний бие зарим аминдэмийг шингээдэггүйгээс өвчлөх явдал гардаг. Тиймээс та эмчид хандалгүйгээр аминдэмийг ч хэрэглэх ёсгүй.

3. Сав, боодлынх нь дээр хэрэглэх хэмжээг нь бичүүлж ав

Эмч жор бичиж, та эмийн санчаас эм авлаа. Эмийн санчид эмчийн бичсэн эмийг өлсгөлөн эсвэл хэт цатгалан байгаа үедээ уухгүй байхыг зөвлөдөг. Харин заримдаа эмийн саван дээр тэмдэглээгүй өөр нөхцөл байдал үүсэх нь бий. Тиймээс та болгоомжтой байж сав, боодлын дээр хэрэгтэй зүйлсийг нь бичүүлж ав. Мөн та олон дахин хэрэглэдэг эмнийхээ хэрэглэх зааврыг санахгүй үе гарч магадгүй.

4. Хүчинтэй хугацааг нь хар

Эм болгон дээр хэдий хүртэл хэрэглэх хугацааг нь заавал бичдэг. Ихэнхдээ саван дээр, хааяа шошго дээр нь бичээтэй байдаг. Та эм худалдаж авахдаа хүчинтэй хугацаа нь дууссан эсэхийг заавал шалгаж байгаарай. Ээж нар дутуу үлдсэн эмийг хадгалдаг нь зарим үед хэрэг болох нь бий. Гэхдээ та гэртээ байгаа дутуу үлдсэн эмийг хэрэглэх гэж байгаа бол хугацааг нь дахин нэг хараарай. Учир нь хугацаа нь дууссан эм тус болохоосоо ус болно. Тиймээс та 3 сар тутам эмийн савандаа байгаа эмнүүдээ шалган, хугацаа нь дууссаныг хаяж байгаарай.

5. "Сайн сэгсэр” гэсэн зааврыг дага

Зарим эмийг хэрэглэхийн өмнө заавал сэгсрэх хэрэгтэй. Ингэснээр тунасан бодисыг шингэнд уусган, эмний нөлөөг сайжруулдаг. Тиймээс хэрэв сайтар сэгсэр гэсэн заавар байгаа бол холилдтол нь сэгсэрвэл хүүхдэд тань илүү сайн нөлөөлнө.

6. Шошгыг нь унш

Эм болгоны дээр эмний тухай бичсэн хэсэгтэй шошго байдаг. Та анагаах ухааны бүрэн мэдлэгтэй биш учир бичсэн зүйлсийг бүгдийг нь ойлгохгүй нь мэдээж. Гэхдээ бидэнд ойлгомжтой хэсэг ч бий. Жишээ нь эмийг хэрэглэх болон хадгалах заавар. Зарим эмийг өдрөөр, заримыг нь долоо хоногоор хэрэглэдэг. Тагийг нь нээсний дараа хэдэн өдөр хэрэглэх шаардлагатайг бичсэн заавар ч бий. Зарим эмийг онгойлгоод устай холих хэрэгтэй байдаг. Шошго дээр тухайн эмийг хэрхэн хэрэглэх тухай заавар байдаг тул заавал уншин, нэг бүрчлэн дагах хэрэгтэйг мартаж болохгүй.

7. Эмээ өөр саванд битгий хий

Зарим ээж нар хайрцгийг нь хаясан эмээ өөр эмний хайрцагт хийж тавьдаг. Тэгтэл энэ нь хамгийн аюултай хадгалах хэлбэр юм. Юуны өмнө дутуу үлдсэн эмний хайрцгийг хаяж болохгүй. Учир нь хайрцаг дээрх шошго нь тухайн эмээ дахин ашиглах болоход хэрэгтэй. Үүнээс гадна өөр хайрцагт хийсэн эмийг андуурч хэрэглэх тохиолдол их байдаг.

8. Дутуу үлдсэн эмүүдийг хооронд нь хольж болохгүй

Зарим эхчүүд өөр өөр үед онцгойлсон эмийг, ялангуяа усан эмүүдийг нэг нэгтэй хольж хадгалахыг илүүд үздэг. Энэ нөхцөлд улам аюултайг та бүү мартаарай. Жишээ нь хэрэглэх хугацаа нь өөр байж болно. Тиймээс эм бүрийг дундуур ч гэсэн холилгүй өөр өөрийн саванд нь хадгал.

9. Хэмжүүрийн оронд халбага бүү хэрэглэ

Эхчүүдийн хийдэг нэг алдаа бол хоолны эсвэл цайны халбагаар эм өгдөг. Жишээ нь усан эм бүрийн хайрцаг дотор хэмжүүртэй халбага байдаг. Энэ халбагыг нь хэрэглэвэл эмийнхээ хэмжээг тохируулна. Ихэнхдээ нэг хэмжүүр 5 мл шингэн багтаамжтай байдаг. Харин хоолны эсвэл цайны халбагад 4-9 мл шингэн ордог. Цайны халбагаар хийсэн эмийг нүдэн баримжаагаар хэмжих боломжгүй. Тиймээс та заавал зориулалтын халбагыг нь хэрэглэж "Эм, хор хоёрыг ялгадаг зүйл нь хэмжээ” гэдэг үгийг санаарай.

10. Албан хүчээр эм бүү өг

Хүүхдүүд эмний амтанд дургүй эсвэл муухай ааштай байгаагаас болж эм уухыг хүсдэггүй. Та ч ээж нь учир эм уух цагийг нь өнгөрүүлэхийг хүсэхгүй. Үүнээс болж түүнд хатуу ширүүн хандахад хүрдэг. Заримдаа хамрыг нь чимхэж байгаад амыг нь нээх эсвэл уйлсан ч огт тоолгүй эмийг нь өгөх хэрэгтэй гэж үздэг. Харин энэ үйлдэл тань хүүхдийг эмэнд дургүй болоход нөлөөлнө гэдгийг анхаараарай. Энэ нь та олон жилийн турш илүү их хүчилж албадан, залхаж, өөрийгөө ч түүнийг ч ядраахад хүргэнэ.

Тиймээс хэрэв эмийн амтанд дургүйцэж байгаа бол эмчтэйгээ ярилцаад өөр эм өгч болно. Эм нь эвгүй амттай байсан ч уулгах шаардлагатай байгаа бол жимсний шүүстэй хольж өгч болох эсэхийг эмчээс асуугаарай. Үүнээс гадна хүүхэдтэйгээ эмний ашиг тусын талаар ярилцан, богинохон түүх ярьж өг.

Түүний бие дэх өвчин үүсгэгч нянг эм хэрхэн устгаж, хөнөөдөг тухай хэтрүүлэн ярьж дүрсэлсэн ч болно. Ингэснээр эм уух нь маш тааламжтай тоглоом болж хувирах болно.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>