|
Видео

Шинэ мэдээ

Бээжингийн цаадах Хятад

Хятадын тухай бичнэ гэхээр "шаал тэнэг” сонсогдож магадгүй юм. Учир нь 1990-ээд оноос хойш манайхан өмнөд хөрш, ер нь дэлхий даяар хөндлөн гулд явдаг болсон. Гэхдээ энэ маань ОХУ-ын Буриадын Итгэлт хамба, эсвэл БНХАУ-ын Манжуураас огт өөр юм. Тиймээс бичих хэрэгтэй гэж үзэв.
 
МСНЭ-ийн ерөнхий­лөгч Б.Галаарид тэргүүтэй бидний хэдэн сэтгүүлч Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн VIII форумд 2017 оны арваннэгдүгээр сарын 21-23-нд оролцлоо. Форумын дараа биднийг Хятадын зарим муж нутгаар явуулж танилцуулсан юм. Аялал гэсэн ч болно.
 
Цаг хугацаагаар тооцвол бид тав хоног орчим явсан байна. Харин км-ээр үзвэл овоо юм гарна. Өдөр бүр онгоцонд сууна. Өөр өөр газарт очсон гэсэн үг.
 
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн энэ удаагийн форум БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хянган аймгийн Рашаан хотод болсон. Рашаан хот бол манай Дорнод аймагтай 93 км урт хиллэдэг. Манай хилээс дөчөөд км-ийн зайд байдаг юм байна лээ. Европ маягийн барилгын хийц бүхий, хойноосоо урагшаа сунаж тогтсон жижгэвтэр хот. Энэ нь аялал жуулчлалын хот ажээ. Хүн ам цөөтэй, ердөө 60 мянган оршин суугчтай. Гэхдээ тэнд очиж том жижиг бизнес эрхэлдэг суугуулууд бас олонтой.
 
Рашаан хот өвөлдөө нил цасан бүрхүүлтэй бөгөөд энэ хот маш цэнгэг агаартай. Тэр цэнгэг агаар нь брэнд болчихсон. Мэдээж хэрэг, ус маш сайтай. Тиймээс Рашаан буюу ARSHEAN хэмээх цэвэр ус нь Хятад даяар алдартай. Энэ усыг хийдэг үйлдвэр нь жилдээ тэрбум юанийн орлого олдог гэж байгаа.
 
Энэ хотын байгаль, орчин нь бидэнд танил. Учир нь Рашаан хот Их, Бага Хянган давааны ойн бүсэд багтдаг юм. Ойд нь олон төрлийн мөөг ургана. Түүнийгээ түүж, хүнсэнд хэрэглэдэг. Мөөгөөрөө бас л алдартай гэсэн.  Рашаан гэж нэрийдсэний учир нь нутгийн халуун рашааныг түшиж боссон хот юм байна. Халуун рашаанд нь орох гэсэн жуулчид тасардаггүй гэсэн. Халх голын дайны үед Японы цэргийн дарга нар тэнд очиж, халуун рашаанд орж цэнгэдэг байсан гэх юм билээ. Ингээд бодохоор ямар учиртай хот болох нь тодорхой харагдана.
Тэндээс ӨМӨЗО-ы Улаан хотод буугаад мордсон. Улаан хот нь ӨМӨЗО-ы зүүн хэсэгт орших Хянган аймгийнх нь төв гэнэ. 1947 – 1950 онд энэ хот ӨМӨЗО-ы нийслэл байжээ. Тус хот нь Манжуурын төмөр замаар Гирин мужийн Байченгтэй холбогддог. Мөн Гирин мужийн Түмэн хотоос эхлэлтэй 302-р хурдны зам Улаан хотыг дайран өнгөрдөг юм байна. Ингэхээр Улаан хот дэд бүтцээрээ дамжаад эдийн засаг нь хэр зэрэг холын ирээдүйтэй нь харагдана.  Энэ хот том, цэвэрхэн. Гэхдээ бас л хүн ам цөөтэй, ердөө 350 мянган оршин суугчтай. Хэзээ хүнээр дүүргэх юм бол гэмээр том том орон сууцнуудтай юм. Бас бидэнд танилцуулсан театр байна. 150 сая ам.долларын хөрөнгө зарцуулж, өнгөрсөн зун ашиглалтад оруулжээ. Тэр том байгууламжийг барихад ердөө 400 хоног зарцуулсан байна. Жил нэг сар л гэсэн үг. Улаан хотод бас Чингис хааны сүм музей байх. Хотынхоо зүүн хойно, дэнж маягийн өндөр дээр тэрхүү Чингис хааны сүм музейг байгуулсан байна. Сүм музей нь хоймортоо алтан шар өнгөтэй, манай Төрийн ордны өмнөх Чингис хаантай төстэй, гэхдээ жижигхэн барималтай. Хоёр талд нь дөрвөн хүлэг баатрыг нь зогсоож барьсан байна. Эдгээр баримлыг Монгол Улсын барималчид барьсан гэж хэлсэн. Нэрийг нь даанч тогтоосонгүй.
 
Тэр сүм музейд хүн амьтан нэг их очоод байдаггүй бололтой юм. Хаалгаар нь ороход халаалт энэ тэргүй, хүйт даагаад угтана лээ. Тэгэхээр мань мэт шиг "Ар газар”-аас яваа нөхөд, аль эсвэл хаа холоос яваа хүмүүс л ордог байж магадгүй.
 
Чингис хааны хөшөө­ний өмнө зул асааж, идээ тавагласан байх бөгөөд тэр нь сүрхий удаж, дадал болсон шинжтэй. Нэг хө­төч нь "Авралт Чингис хаан минь…” гээд гуйж бо­лох бүгдийг гуйлгана. Зочид дагаж хэлнэ. Бид ч дагасан.
 
Ингээд дараа нь хоёр жигүүрт нь байх Чингис хааны үе, Юань гүрний үеийн гэх элдэв хувцас хэрэглэл, хаадын хөрөг зэргийг дэлгэн үзүүлсэн үзмэрийг сонирхох ёстой. Тэрийг ч бас үзэж сонирхлоо.
 
Улаан хотоос Бээжинд ирлээ. Тэнд хоноод өглөө нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хөгжил судлалын төвийнхэнтэй уулзав. Хөгжил судлалын төв бол БНХАУ-ын Тө­рийн зөвлөлд шууд харьяа­лагд­даг бодлогын судалгаа хийдэг, бас зөвлөдөг бай­гуул­лага юм байна. Хята­дын улс ардын аж ахуй, нийгмийн хөгжил, өөрчлөлт шинэчлэлтийн явц дахь бүх талын страте­­гийн, урьдчилсан, урт ху­гацааны ажлуудад судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, объектив тайлбар хийх зэргээр улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах нь Хөгжил судлалын төвийн гол үүрэг нь ажээ.
 
Бидний сэтгүүлчид Хөгжил судлалын төвийнхэнтэй уулзсаных ганц л асуудлыг маш сайн асуух гэж үзэв. Тэр нь "Бүс ба зам” төслийн явц юм. Тэдний хэлснээр судалгаа хийгдэж байгаа. 2018 онд танилцуулна гэв. Харин нэг таагүй зүйл хэлсэн нь манай улсын эрдэмтэд, хариуцсан байгууллагууд судалгаанд шаардагдах материалыг хангалттай нийлүүлэхгүй байгаа гэж байлаа. Ер нь бол биднийг улсдаа очоод "Бүс ба зам”-ын судалгаа хариуцсан хүмүүсээ шавдуулбал сайн гэсэн утгатай зүйлийг хэлчихнэ лээ.
 
Дараа нь Бээжингээс онгоцонд сууж, Хятадын зүүн өмнөд хэсэгт, тэнгисийн дагуу Фүжянь мужийн нутагт газардлаа. Өвлийн жавар үзчихээд ниссэн бид Бээжин хүртэлх хэд хоногт цас мөсөн дундуур голдуу явсан. Бээжинд ч хүйтэн ширвэж л байсан. Харин тэрхүү Фүжянь мужид нэмэх 10 гаруй градус дулаан байв. Өмнөд талаараа Тайваньтай хиллэж, Хонгконг, Макаотай ойр. Ер нь бол энэ бүс нутаг эртнээсээ торгоны замын чухал хүйс болсон газар ажээ.
 
Биднийг Фүжянийн дисплейн үйлдвэрээр оруулсан. Энэ үйлдвэр нь Жиндүнфан хэмээх эдийн засгийн төслийн хүрээнд өргөжиж буй бөгөөд 30 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай юм байна. Гар утас, телевиз, ер нь байж болох бүхний нүүрийг хамгийн сүүлийн үеийн технологийн дагуу бүтээж байгаа юм байна. Тэр бүү хэл, хөргөгчний нүүрийг хүртэл бидний ярьдгаар ухаалаг болгочихсон байна лээ.
 
Фүжянийн сүлжээний радио телевиз хэмээх газраар бас оров. Энэ нь мужийн­хаа хэвлэл мэдээл­лийн бүх хэрэгслийг нэгд­сэн байдлаар зохицуулж хяндаг газар юм байна лээ.
 
Мөн биднийг Тайнингийн Есөн луугийн цээл буюу жюлүнтань хэмээх газарт аваачсан. Байгалийн сайхныг энд харамгүй заяажээ. Усан дундах сүмбэр хаднуудынх нь хажуу "агуй” ихтэй. Холоос харахаар тэр олон нүхнүүд нь ямар нэг амьтны мөр шиг, бүр амьтан шиг ч харагдах аж. Нутгийнхан лууны дүрс ч энд бий хэмээн ярьж байсан. Нутгийнхан өндөр хясаануудын дундуур хулсан завь, эсвэл орчин үеийн моторт завиар жуулчдыг зугаалуулж "зоос” авна. Таван км тойроход ердөө 30 юань. Ийм завь бараг зуугаад бий. Нэг завьтай хүн өдөрт нэг удаа л тойрдог гэж байгаа. Боломж нь л тэр.
 
 
 
Хажууханд нь Цүнжи гацаа гэж байна. Тэр хавийнхаа аялал жуулчлал эрхэлдэг гацааны нэг. Өнөөх завьтнуудын нутаг л даа. Энэ гацаанд Хятадын төрөөс ядуурлыг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлжээ. Ингэхдээ аялал жуулчлал­тай холбосон байгаа юм. Бас зарим өрх нь эрдэнэшишийн тариалан эрхэлж, бүтээгдэхүүн гаргаснаа борлуулдаг байна. Энэ бас л хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажил. Хамгийн гол нь улсаас нь нутгийнхны орон сууцыг бариад өгчихдөг юм байна. Ингээд завиа залуурдаж, эрдэнэшишээ тариад амьдраад байна гэсэн үг. Тэр нутагт хэдэн жилийн дараа очвол нутгийнхан тэрбумтан болчихоод байхыг ч үгүйсгэхээргүй байгалийн үзсэсгэлэнтэй, аялал жуулчлалын маш зохицолтой бүс  юм байна билээ.
 
Тайнингийн эртний хот гэж Хятаддаа алдартай газар бас байх. Эртний хэв маягийн барилга, ахуйтай хот одоо ч тэр хэвээрээ байдаг. Сүн, Мин улсын үеийн хотын үлдэгдэл бөгөөд өдгөө тэр үеийн хааны ордныг хэвээр авч үлдэн, музей маягийн юм болгоодохжээ. Ордон музейг үзээд гарч ирэхэд, гудамжинд нь тэр чигээрээ сувинер худалдана. Цаагуураа бол аялал жуулчлалын л зориулалттай. Тайнингийн эртний хотод Хятадын төрөөс хүмүүнлэгийн, түүх соёлын, аялал жуулчлалын брэндийг бий болгохоор төсөл хэрэгжүүлж байгаа гэсэн.
 
Тэндээс Жянши мужид очлоо, бид. Энэ муж Хөх мөрний доохнуур, өмнөд эрэгт нь, гурван талаараа уулсаар хүрээлэгдэж оршсон сайхан нутагтай. Жяншиг Загас, будааны нутаг гэж нэрийддэг ажээ. Жянши нь 4000 км урт төмөр зам, 6000 км урт хурдны замтай. Хятадын эдийн засгийн чухал бүсэд тооцогддог юм байна. Энд Наньчан, Жиндэжэнь, Ганьжөү гэсэн Хятадын эртний төрт ёсны уламжлалтай, өдгөө хурдтай хөгжиж байгаа хотууд бий. Тодруулбал Жянши нь Хятадын бичгийн эрдэмтдийн түүхийн өлгий бөгөөд буддын шашин, бумбын шашин, соёлын нутаг гэдэг юм байна. Тэднээс бидний буусан Наньчан нь Жянши мужийнхаа улс төр, эдийн засаг, соёлын төв нь болсон хот ажээ. Ийм, тийм гээд ярихаар илүүц болох биз. Зүгээр л Зүүн өмнөд Азийн томоохон хотуудын загвар тэнд байна лээ.
 
Дараа нь Жинганшань гэдэг хотод нь буулаа. Уулаараа нэрлэгдсэн энэ хот Хятадын хувьсгалын "дархан газар” гэгддэг юм байна. 1920-иод оны эцэст Мао Зэдүн, Жү Дэ нарын хувьсгалчид энэ нутагт тариачдаас бүрдсэн улаан армийг бүрдүүлэн тэмцлээ эхэлж байжээ. Манайхаар бол Алтанбулаг юм л даа. Маш том Хувьсгалын музейтэй. Хотын гудамжных нь томоохон хэсэгт хувьсгалтай нь холбоотой эд өлгийн зүйлийг худалдана. Тэр нь Маогийн баримал зэргээс эхэлнэ. Ерөөсөө л хувьсгалынхаа талаар сурталчлахаас гадна түү­нийг дагасан бизнесийг бий болгочихсон байгаа юм.
 
Хамгийн сүүлд Шэнь­шань гацаа гэдэгт авто­бусаар явж очив. Ууланд байдаг аж. Хулсан ойн дун­дуур цаг гаруй давхиж хүр­сэн тэр газар маань жижиг­хээн суурин. Өөрс­дийнх нь хэлээр гацаа юм. Ердөө 54 өрх, 231 хүн амтай ядуу гацаа. Тарианы талбай нь 13.2 га-г хамарна. Тэндээ цай, будаагаа тарина гэсэн үг. Харин уулын ой нь 330 га, үүнийх нь 90 хувь хулсан ой байх.
 
2016 оноос энэ гацаанд ядуурлыг буруулах хөтөлбөр хэрэгжүүлжээ. Энэ гацаанд Хятадын дарга Си Жинпинь өөрийн биеэр очсон юм байна. Энэ нь гацааныхны бахархал. Гацааны том гэсэн байшин болгоны хананд, бас гацааны захиргааны дотор тэр үйл явдлыг буулгасан зурагаар дүүрэн. Си дарга очсоны дараа гацаанд орон сууц бариулж, өрх болгоныг нь өөрийн гэсэн ажилтай болгожээ. Хөтөлбөр хэрэгжсэн ганцхан жилийн дотор гацааны нэг хүнд ногдох цэвэр орлого 7760 юаньд хүрч, ядуурал 0.87 хувиар буурсан гэдгийг албаны хүн хэлж байна лээ. Гацааныхан жижигхээн газарт цай тариалснаа ууталж зарна. Бас хулс, бусад модоор элдэв эдлэл хийж худалдана. Бид ч тэр жижигхэн гацаанд очиж жижигхээн худалдан авалт хийсэн дээ.
 
Ийм маягтай хэд хоног яваад ирэв. Ер нь бол манайхан "муу хятад” гээд л зүхээд байдаг юм. Гэтэл Бээжингээс цаашаа нутагладаг хятадууд нь биднийг мэддэг ч үгүй юм байна. Зарим газарт нь анхны монгол хүмүүс болж очсон гэж дуулдсан.
 
Тиймээс бид Хятадаас суралцахыг сурч, авахыг нь авах л хэрэгтэй гэж бодогдсон. Бас ярьцгаасан. Эд нартай хөрш байхгүй, нүүлээ гээд нутгаа хаяад явахгүйгээс хойш бид яах ч билээ дээ.
 
Тэнд "Иргэн бүрийг ядуурлаас гаргана гэж Си дарга хэлсэн” гээд л яриад байна лээ. Хэдэн тэрбум хүнтэй Хятад улс шүү дээ. Харин манай Монгол гуравхан сая хүнтэй. Иргэн бүрийг ядуурлаас гаргах хэдэн мянган боломж байхаар л харагдаад байгаа юм. Бас нэг зүйлийг хэлэхэд Хятад улс муж, хотоороо эдийн засаг аялал жуулчлал, соёлын гээд төрөлжөөд хөгжиж байна.
 
Хамгийн гол нь тэнд хүн бүр хөдөлмөр хийдэг. Тэр хэрээр улс нь хөгждөг ч байж мэднэ. Бид сэтгүүлчийн хувьд өөрийн улстайгаа харьцуулж л явсан. Гэхдээ энэ нь улсаа муутган ярьсан хэрэг огтоос биш юм.
 
Харин дэлхийг цочтол хурдтай хөгжиж буй өмнөд хөршийн төр бидний сэтгүүлчдэд өөрсдийгөө танилцуулж буйг зөвөөр хүлээн авах нь зүй ёсны хэрэг гэж буй. Мөнхүү МСНЭ энэ хүртэл ажиллаж, хамтын ажиллагааг бий болгосон байна гэдгийг энд хэлэх нь зөв биз ээ.
 
Бээжингээс цаадах Хятадаар явахад ийм дүр зураг харагдаж байлаа. Түүнийг товч буулгав.
 
Б.ТӨМӨР
 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.