Н.Алтанхуяг алт ухах гээд байна уу “Сумо” Д.Батбаярт туслаад байна уу

703

Н.Алтанхуяг алт ухах гээд байна уу “Сумо” Д.Батбаярт туслаад байна уу

Эртнээс "Сулинхээрийн отрядод байнга хүн амины хэрэг гарч байна, муу ёр шүглэсэн газар юм”, "нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй” гэх зэргээр УИХ-ын чуулганы, Байнгын хорооны гээд бусад эрх мэдэл бүхий хуралдаан дээр байнга л ярих болсон. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллээр чамгүй дэлгэсэн. Манай эрх мэдэлтнүүд хэдэн жилийн турш ийнхүү Сулинхээрийн отрядод санаа тавьсан нь цаанаа учиртай байжээ. Түүнээс бус хэдэн арваараа хүмүүс амь үрэгдэж, өлсөх нь өлсөж нийгэм утгаа алдаж байхад чимээгүй байдаг хүмүүс гэдгийг бид бүхэн мэдэх билээ. Ийнхүү хуурай санаа тависаар байгаад олон жилийн түүхтэй домогт Сулинхээрийн отрядыг нүүлгэн шилжүүлсэн.  

Харин ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол бүхэл бүтэн хилийн албаны отрядыг нүүлгэсэн нь газар доорхи алтыг нь ухах гэсэн эрх мэдэлтнүүдийн төлөвлөгөө байсан нь ил болж байна. Их л сонирхолтой анхаарал тавьж, хэвлэл мэдээллээр байнга "нүдээд” байсны цаана ерөөсөө л бизнес бүлэглэлийн ашиг сонирхол байжээ. Отрядын доорхи алтыг ухах эзэд эхнээсээ тодроод буй. Олонд ил байгаагаас сумоч Д.Батбаяр болон япончууд бий.  Өнгөрөгч зун Д.Батбаяр гадна дотны хүмүүстэй нисдэг тэргээр Сулинхээрийн хязгаарт зочлоод буцсан мэдээлэл ч байгаа. Сулинхээрийн хязгаар бол хилийн бүс нутаг, улсын бодлогоор газрыг нь товлож байгуулсан отряд юм. Харин Д.Батбаяр нарын ар талд нэр нөлөө бүхий улстөрчид байгааг эх сурвалж хэлсэн. Манай улсын Ерөнхий сайдын алба залгуулж байсан нөлөө бүхий эрхэм өдгөө энэ бизнестээ ханцуй шамлан ороод байгааг ч хэлсэн.

Уншигч та сайн санах байх, өдгөөгөөс хэдэн жилийн өмнө Сулинхээрийн отрядыг нүүлгэн шилжүүлэх тухай асуудлыг УИХ, Байнгын хорооны хуралдаан дээр байнга ярьж, гол төлөв бизнес бүлэглэлийнхэн илүүтэй санаа тавьж байсныг мэднэ. Оффшор бүсэд сая ам.доллараа мартдаг С.Баярцогт, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар ихээхэн санаа тавьж байсан гэвэл бүр ч илүү санаж таарна. Ийнхүү лобби бүлгийнхэн санаа тавьсаар байгаад улсын төсвөөс 2.2 тэрбум төгрөг зарж энэхүү хилийн отрядыг нүүлгэн шилжүүлсэн билээ. Тухайн үед энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэхдээ "Чухам энэ отрядыг яагаад нүүлгэх болсон” тухай яриа дэгдэхэд "Отрядын дор байдаг цагаан алтыг ухах гэсэн хэрэг биш, энэхүү отрядад байнга л хүн амины хэрэг гардаг учраас нүүлгэн шилжүүлэхээр болсон” гэж байсан бол нөгөө талаас "Сулинхээрийн отрядын төвийг Хатанбулаг сумын төвд нүүлгэн суурьшуулах нь сум орон нутгийн хөгжилд хэрэгтэй, аль аль талдаа ахуй хангамж сайжирна” хэмээж байсан.

Арлын оронд бизнесийн гараагаа эхлүүлсэн Д.Батбаяр улстөрд улайраад байсны цаад шалтгаан нь ердөө л энэ мэт зүйлс. Улайрсандаа ч нэр нөлөө бүхий бизнес бүлэглэлд нэгдэж чаджээ. Улстөрд бүхий л өндөр дээд албан тушаал хашиж, нам эвсэл хамаагүй тохиролцож чаддаг эрхмүүдийн гар хөл болсон учраас ийнхүү Сулинхээрийн хязгаарт нисдэг тэргээр зорчиж, өөрийн болгож буй алтны нөөцөө танилцуулсан шиг явдаг бололтой. Тэгэхээр уул уурхайн ямар ч лицензгүй, уул уурхайд ашиг сонирхол байхгүй хэмээн байнга мэдэгдэж байдаг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг алт ухах гээд байна уу, Д.Батбаяртаа туслаад байна уу.

Х.Баатар

Шуурхай.мн

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>