Ильин “Спартак”-ийн шилдэг 11

856

 

Ильин “Спартак”-ийн шилдэг 11Манай хөлбөмбөг сонирхогчдын дэмждэг багуудын нэг бол Москвагийн "Спартак” билээ. ЗХУ-ын 12, ОХУ-ын 10 удаагийн аварга энэ багийн бүх цаг үеийн шилдэг бүрэлдэхүүнийг танилцуулж байна.

 

Ринат ДАСАЕВ
Тоглосон хугацаа: 1977-1988
Тоглолт: 425
Алдсан бөмбөг: 368
Түүний ид гялалзаж байсан үеийг нь мэдэх хөлбөмбөг сонирхогчид Дасаевыг одоогийн Буффон, Касильяс, Кан... нарын түвшний хаалгач байсныг баталдаг. Өндөр нуруу, түүнээсээ илүү мэдрэмжтэй тэрбээр ер бусын үсрэлттэй, "агаарын” тулаанд ялагдаж үзээгүй хаалгач байлаа. Ринат 1979-1990 онд шигшээ багийн үндсэн хаалгачаар тоглож, 1988 оны Европын АШТ-ээс мөнгөн медаль хүртжээ.

 

 

Ялангуяа 1982 оны ДАШТ-д тэрбээр гайхалтай тоглосон юм. Хамгийн шилдэг довтолгоотой гэгдэж байсан бразилчууд түүний хаалганд гоол оруулах гэж нэлээд зүдэрсэн бөгөөд сүүлд ЗХУ-ын багийн хамгаалагчдын гаргасан алдааг ашиглаж хоёр бөмбөг хийн, 2:1-ээр хожиж байжээ. Оросууд жаахан л хол явсан бол "Испани 82”-ын шилдэг хаалгач нь Шумахер, Зофф бус, Дасаев болох байлаа. 1988 оны Европын АШТ-ий финалд Марко ван Бастены цохисон бөмбөгийг хааж чадаагүй Дасаев тэр жилээ дэлхийн шилдэг хаалгачаар тодорсон юм.
Нөөц тоглогч: Владимир Маслаченко

 

 

Геннадий ЛОГОФЕТ
Тоглосон хугацаа: 1960-1975
Тоглолт: 415
Гоол: 35
ЗХУ-ын АШТ-д Логофетоос олон тоглосон хөлбөмбөгчин ердөө хоёрхон (Игорь Нетто, Федор Черенков) байдаг. Зөвхөн энэ баримт л түүнийг хамгаалалтын хэр зэрэг мастер болохыг илтгэнэ. 1960-аад оны дундуур "Спартак”-ийг дасгалжуулж байсан Гуляев түүнийг нэг их таашаадаггүй байсан ч Логофет хайртай багаа орхих тухай хэзээ ч бодож байсангүй. Тоглогчийн карьераа хагас хамгаалагчаас эхэлсэн түүний хамгаалах авьяас удалгүй илэрч, түүнээс хойш 13 улирлын туршид баруун жигүүрийн хамгаалагчаар тогложээ. Геннадий эсрэг багийнхаа довтлогчид "санаа тавих”-ын хажуугаар довтолгоонд идэвхтэй оролцож нэг бус удаа шийдвэрлэх бөмбөг оруулж байв. Тухайлбал, 1971 оны ЗХУ-ын цомын тэмцээний шигшээ тоглолтод "Спартак” "Ростов”-т 2:1-ээр хожигдож явахад Логофет сүүлчийн секундэд тэнцээний гоолыг оруулсан юм. Улмаар маргааш нь болсон нэмэлт тоглолтод нийслэлчүүд хожсон түүхтэй.
Нөөц тоглогч: Василий Соколов

 

 

Вагиз ХИДИЯТУЛЛИН
Тоглосон хугацаа: 1976-1980, 1986-1988
Тоглолт: 220
Гоол: 27
1970-аад оны сүүлчийн "Спартак”-ийн гол "хөдөлгүүр” нь Гаврилов ч биш, Дасаев ч биш, Черенков ч биш, Ярцев ч бус, харин Хидиятуллин байлаа. Эхэндээ довтолгооны шугаманд тоглодог байсан тэрбээр төвийн хамгаалагч болж, хоёр жигүүрийн хагас хамгаалагчдыг холбох болов. 1981 оны өвөл Бесковтой маргалдсанаас болж "Спартак”-ийг орхисон Вагиз зургаан жилийн дараа эргэж ирсэн юм. Талбайг харах чадвар, хамгаалалтаас довтолгоог хурдан эхлүүлдэг чадвар нь түүнийг "Хөлбөмбөгийн талбай дээрх математикч” хочийг авахад хүргэсэн.
Нөөц тоглогч: Александр Бубнов, Анатолий Масленкин

 

 

Евгений ЛОВЧЕВ
Тоглосон хугацаа: 1969-1978
Тоглолт: 305
Гоол: 36
Өндөр техниктэй, ямар ч тохиолдолд сандардаггүй, хамгаалалтыг зангидаж удирддаг тоглогч байв. "Улаан-цагаанууд”-ын хүүхдийн сургуулиар хүмүүжигч Ловчев нэгдүгээр багт дэвшсэн анхны улиралдаа л багийнхаа хамтаар улсынхаа аварга болж, шигшээ багт дуудагдсан юм. 1972 онд баг нь АШТ-д дөнгөж 11 дүгээр байр эзэлсэн ч Хөлбөмбөгийн холбооныхон санал нэгтэйгээр Ловчевийг улсынхаа шилдэг хөлбөмбөгчөөр тодруулж байжээ. Түүнээс гурван жилийн дараа "Спартак” бүр доод лиг рүү унав. Энэ хүнд цагт хамаг шилдэг нь буурь сэлгэсэн ч Ловчев тэгсэнгүй. Гэвч ахиад хоёр жил өнгөрсний хойно өөрийн эрхгүй "Спартак”-ийг орхижээ. Шалтгаан нь мөн л Бесковтой муудалцсанаас болсон аж.
Нөөц тоглогч: Анатолий Крутиков

 

 

Игорь НЕТТО
Тоглосон хугацаа: 1948-1966
Тоглолт: 403
Гоол: 40
1930-аад оны "Спартак”-ийн бэлгэ тэмдгээр Андрей Старостиныг, 1960-аад оныхоор Галимзян Хусаиновыг, 1970-аад оныхоор Евгений Ловчевыг, 1980-аад оныхоор Федор Черенковыг, 1990-ээд оныхоор Андрей Тихоновыг нэрлэнэ гэвэл 1950-иад оны лидер нь маргаангүй Игорь Нетто билээ. Домогт ах дүү Старостиныг харих тийшээ хандсан үед гарч ирсэн Игорь ердөө 2-3 хан жилийн дотор багийн ахлагч, түлхүүр тоглогч нь болсон. Талбайг харах чадвар сайтай, багаа зангидаж чаддаг түүнд дасгалжуулагч онцгой эрх мэдэл олгодог байв. Оросууд 1970 оны ДАШТ-ий шөвгийн наймд будлиу шүүгчээс болж Уругвайд 1:0-ээр хожигдоход Нетто уг нь тэнцээний бөмбөгийг оруулсан билээ. Харамсалтай нь, шүүгч энэ гоолыг тооцоогүйн улмаас оросууд шөвгийн дөрөвт үлдэх, цаашлаад медаль авах боломжоо алдсан юм.
Нөөц тоглогч: Андрей Старостин

 

 

Юрий ГАВРИЛОВ
Тоглосон хугацаа: 1977-1985
Тоглолт: 347
Гоол: 115
"Арваннэгэн төмөр хүн” хэмээн алдаршсан үеийн гол төлөөлөгч. Анх түүнийг "Динамо”-гоос "Спартак”-т ирэхэд багийн ахлагч Неттогоос бусад нь баярлан хүлээж авсангүй. Гэвч Гаврилов ухаалаг тоглолт, оновчтой дамжуулалтууд, үзэгчдийг дуу алдуулсан хүчтэй цохилтоороо төдхөн хөгжөөн дэмжигчдийн хайртай хүн нь болж чаджээ. Түүнийг ирснээр "Спартак” илүү тактикийн тоглолт үзүүлэх болсон бөгөөд Гаврилов найман улирлын хугацаанд 115 бөмбөг оруулж, түүнээс дутахааргүй гоолын дамжуулалт өгсөн статистик байдаг. 1983 оны улиралд тэрбээр 21 гоол оруулсан нь АШТ-ий мэргэн буучаас ердөө хоёрхон бөмбөгний дутуу байжээ.
Нөөц тоглогч: Виктор Папаев, Егор Титов

 

 

Сергей САЛЬНИКОВ
Тоглосон хугацаа: 1942-1943, 1946-1949, 1955-1960
Тоглолт: 222
Гоол: 79
Үнэн, худлыг бүү мэд, 1950-иад оны үед "Сальников Николай Старостины нууц хүү юм гэнэ ээ” гэсэн цуу Москвагаар нэг тархсан удаатай. Юутай ч Старостинтай төстэй царайтай хүү 1943 онд цэргээс халагдан ирж, "эцэг”-ийгээ "Спартак”-ийг удирдаж асан жилүүдэд тоглож байв. Мэдрэмжтэй, хурдан, үсрэлт сайтай, дамжуулалтыг ямар ч нөхцөлд хүлээн авч чаддаг Сальников "Улаан-цагаанууд”-ын төлөө 222 тоглолтод оролцож, 79 гоол оруулжээ. Тэрбээр ЗХУ-ын шигшээ багт багтан 1958 оны ДАШТ-д оролцож байв.
Нөөц тоглогч: Николай Дементьев, Илья Цымбаларь

 

 

Андрей ТИХОНОВ
Тоглосон хугацаа: 1992–2000
Тоглолт: 263
Гоол: 90
"Силькеборг”-ийн хаалганд стандарт цохилтоос оруулсан гоол, "Алания”-тай хийсэн шийдвэрлэх тоглолтод оруулсан "алтан гоол”, Романцевтай ам мурийсан бөх зүрхтэн... гээд 1990-ээд оны хөлбөмбөг сонирхогчид Андрей Тихоновыг андахгүй. "Спартак”-ийн домгуудын нэг болсон түүний зам дардан байгаагүй. Хөлбөмбөгчийн хувьд үдийн нар хэвийсэн 24 насандаа нэгдүгээр багт ирсэн, дээр нь жин ихтэй тоглогчийг ямар ч дасгалжуулагч шууд л үндсэн бүрэлдэхүүнд тоглуулахгүй нь ойлгомжтой.

 

 

Гэвч уйгагүй хөдөлмөрлөснийхөө хүчинд Тихонов багийн лидерүүдийн нэг болж, Горлукович, Никифоров, Цымбаларь нарын адилаар залууст хүндлүүлэх болжээ. Тэрбээр хэд хэдэн тоглолтод ялалтын бөмбөг оруулж, тэр ч байтугай улаан хуудас авсан хаалгачийнхаа оронд бээлий өмсөөд хаалган дээр зогсож байсан удаатай. 1995-1996 оны Аваргуудын лигийн хэсгийн тоглолтод "Стартак” зургаан тоглолтоос 18 оноо авч шуугиулахад Европын олон баг Тихонов, Аленичев нарыг авах хүсэлтээ илэрхийлж байв.
Нөөц тоглогч: Сергей Шавло

 

 

Федор ЧЕРЕНКОВ
Тоглосон хугацаа: 1978-1993
Тоглолт: 494
Гоол: 121
Зөвлөлтийн хөлбөмбөгийн тод одын нэг Федор Черенковт Киевийн "Динамо”-гийн хөгжөөн дэмжигчид хүртэл ам сайтай байдаг юм. Тэрбээр биеийн хөдөлгөөнөөрөө нэг бус, нэлээд хэдэн өрсөлдөгчийг зэрэг хуурдаг, хурц хараатай, асар өндөр мэдрэмжтэй гайхамшигтай довтлогч байлаа. Федор шигшээ багт анхны тоглолтоо 1979 оны есдүгээр сарын 12-нд Грекийн эсрэг хийсэн бөгөөд жилийн дараа Бразилын шигшээг "Маракана”-д нь буулган авахад гол үүрэг гүйцэтгэсэн байна. Түүнийг оргил үед нь буюу 1986 оны ДАШТ-д дасгалжуулагч В.Лобановский Мексик рүү авч яваагүй аж.
Нөөц тоглогч: Байхгүй

 

 

Никита СИМОНЯН
Тоглосон хугацаа: 1949-1959
Тоглолт: 244
Гоол: 160
"Спартак”-ийн түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан тоглогч. Хэрвээ 1940-1950-иад оны үед нөхөрсөг тоглолтод оруулсан гоолуудыг тооцвол Никита Павловичийн оруулсан бөмбөгний тоо элбэг 200 гарах байлаа. Тэрбээр нийслэлийн багт ирсэн эхний жилээ л АШТ-д 34, цомын болон бусад тэмцээнд 24, нийт 60 гоол оруулсан юм. Шигшээ багтаа тэрбээр 20 тоглолтод 10 бөмбөг оруулсан ба Мельбурны олимпын шигшээ тоглолтод төвийн тоглогчийн үүрэг гүйцэтгэн Зөвлөлтийн хөлбөмбөгийн түүхэн дэх анхны томоохон ялалтад хувь нэмрээ оруулжээ.
Нөөц тоглогч: Сергей Родионов

 

 

Галимзян ХУСАИНОВ
Тоглосон хугацаа: 1961-1973
Тоглолт: 405
Гоол: 129
Тоглолт эхэлснээс авахуулаад дууссаныг илтгэх шүглийн дуу дуугартал Хусаинов эцэж цуцахыг мэдэхгүй гүйдэг байлаа. Багийн хал цэргүүдийн нэг Никита Симонян дуртгалдаа "Хусаинов шиг хөдөлмөрч залууг би хараагүй. Тэр зөвхөн тоглолт гэлтгүй бэлтгэл дээр хүртэл бүх хүчээ шавхдаг байсан. Түүнээс гадна тэрбээр талбай дээр багийнхныгаа хамгаална. Хаана хэрүүл маргаан гарна, хаана хэн нэгэн бэртчихсэн хэвтэнэ, тэнд оччихсон бүхнийг зохицуулах гэж оролддогсон” гэж өгүүлжээ. 1963 оны ЗХУ-ын аварга шалгаруулах цомын төлөө тоглолтын шигшээд тэрбээр "Шахтер”-ын эсрэг тоглоход булангаас шууд хаалганд цохин ялалтын гоол хийж байсан бол 1964 оны Европын АШТ-ий шигшээ тоглолтод талбайн эзэн Испанийн хаалгыг мөн мялаасан түүхтэй.
Нөөц тоглогч: Анатолий Ильин

 

Р.Манлай

Өнөөдөр сонин
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>