Гадаад паспортын шинэчлэл царцжээ

189

Гадаад паспортын шинэчлэл царцжээ

Өндөр нууцлалтай бичил санах ой бүхий чиптэй электрон гадаад паспорт олон улсад хэрэглээнд нэвтрээд багагүй хугацаа өнгөрч байна. Электрон паспортын санах ойд хувь хүний талаарх нарийн мэдээлэл бүрэн эхээрээ хадгалагддаг тул хилээр нэвтрэхэд тун богино хугацаа шаарддаг байна.

Шинэ пасспорт хэвлэх зардлыг улсын төсөвт нэмж суулгаагүй

Харин Монгол Улсын иргэ­дийн гадаад паспорт хэвлэмэл тул хугацаа сунгасан эсэх мэдээлэл нь олон улсын мэ­дээллийн санд хугацаа алдаж ордог аж. Иймд 2017 он гэхэд иргэддээ чиптэй цахим паспорт олгох Засгийн газрын тогтоол өнгөрсөн онд гарсан юм. Гэвч энэ ажил зогсонги байдалд шилжжээ. Өнөөдрийн байдлаар зөвхөн дипломат буюу албан паспортыг электрон хувилбарт шилжүүлээд байгаа юм.

Электрон гадаад паспортын бэлдцийг худалдаж авах газрыг товлож, загварыг нь баталсан ч энэ ажил хэдэн сарын өмнөөс царцжээ. Учир шалтгааныг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг тайлбарлахдаа "Гадаад паспорт авах иргэдийн тоо энэ жил гэхэд 15.8 хувиар өссөн. Иймээс гадаад паспортыг чиптэй болгох ажил урагшилбал олон улсад зорчдог иргэдэд тун хэрэгтэй. Гэвч өнөөдрийн байдлаар хөрөнгө мөнгө болон зарим нэг шалтгааны улмаас ажлын явц удааширсан” гэв.

  • 2017 он гэхэд иргэддээ чиптэй цахим паспорт олгох Засгийн газрын тогтоол өнгөрсөн онд гарсан боловч энэ ажил зогсонги байдалд оржээ.
  • Гадаад паспорт авах иргэдийн тоо энэ жил гэхэд 15.8 хувиар өссөн.
  • Монгол Улсын иргэд чиптэй паспортаар дэлхийн 60 орчим улсад визгүй зорчих боломжтой.

Оюуны өмч, Улсын бүрт­гэлийн ерөнхий газар Унгар улсын "Мөнгөн тэмдэгт” хэвлэлийн компанитай чанарын ISO 9001, ISO14001, ISO27001 зэрэг стандартад нийцсэн паспорт гаргахаар болж хамтын ажиллагааны гэрээ байгуулсан аж. Гэвч шинэ пасспорт хэвлэх зардлыг улсын төсөвт нэмж суулгаагүй тул ажил нь гацжээ.

Харин уг асуудлаар ОӨУБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Дашням өөр байр суурь илэрхийлэв. Тэрбээр "Манай улсын хувьд чиптэй гадаад паспортаас илүү одоо хэрэглэж байгаа хувилбар нь тохиромжтой. Өндөр настай эсвэл гаднын оронд байнга зорчдог ажил эрхэлдэггүй л бол чиптэй паспорт тийм ч чухал биш. Манай улсад одоо хэрэглэж байгаа паспорт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн.

Электрон паспортын давуу тал нь таван жилд нэг л удаа сунгадаг учраас эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Гэхдээ шинэ электрон паспортыг ху­далдаж авбал иргэд 9-11 орчим евро төлнө. Энэ нь албан паспортоос 3-4 дахин өндөр үнэ. Харин нүдэнд харагдах зураг, бичвэрийг засаж, сунгах боломжгүй гэдгээрээ давуу. Иймд иргэдэд хуучин паспортаа ашиглах, эсвэл ухаалаг болгох сонголтыг чөлөөтэй хийх бо­ломж олгох хэрэгтэй” гэсэн юм.

Монгол Улсын иргэдийн гадаад паспорт хэвлэмэл тул хугацаа сунгасан эсэх мэдээлэл нь олон улсын мэдээллийн санд хугацаа алдаж ордог аж.

Оюуны өмч, улсын бүрт­гэлийн ерөнхий газар өдөрт ойролцоогоор 700-800 хүнийг хүлээн авч, 560-600 иргэнд гадаад паспорт олгож байна. Мөн 150 гаруй иргэний гадаад паспортанд сунгалт хийдэг аж. Уг нь хүчин чадлаараа өдөрт 500 хүнд үйлчлэх ёстой боловч сүүлийн үед ачаалал эрс нэмэгдэх болжээ. Энэ нь олон улсад зорчих иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой аж. Тус газраар үйлчлүүлж буй иргэн Ч.Гэрэлт-Одоос чиптэй паспортыг сонирхож байгаа эсэх талаар тодруулахад "Гаднын оронд зорчиход монголчууд хил, гааль дээр удаан хугацаанд саатах асуудал их гардаг. Харин бусад орны иргэд паспортаа компьютерт уншуулаад л явчихдаг. Иймээс олон улсын уг соёлыг монголд нэвтрүүлбэл хаа хаанаа ямар ч асуудалгүй зорчих боломжтой болно. Мөн энд ирж, оочерлож зогсох шаардлагагүй болно” гэв.

Гаднын бусад улсад тодорхой хугацаанд визгүй зорчих боломжтой нь электрон пас­портын хамгийн гол давуу тал. Тухайлбал, Их Британийн гадаад паспорт дэлхийн хамгийн "хүчирхэг”-т тооцогддог. Учир нь, тус улсын иргэд чиптэй паспортаар дэлхийн 147 оронд визгүй зорчдог юм. Харин Монгол Улсын иргэд ийм төрлийн паспортаар дэлхийн 60 орчим улсад визгүй зорчих боломжтой байдаг аж.

Г.Оюунтөгс

Гадаад паспортын шинэчлэл царцжээ undefined

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.