|
Видео

Шинэ мэдээ

100 жилийн марафон 100 жилийн санаархал

Тэргүүлэх гүрэн АНУ-ыг орлох Хятадын нууц стратегийн тухай ном

 

100 жилийн марафон 100 жилийн санаархал

 

Доналд Трампын Азийн бодлогын зөвлөх 71 настай Michael Pillsbury хэмээх эрийн бичсэн "100 жилийн марафон: Дэлхийн тэргүүлэх гүрэн АНУ-ыг орлох Хятадын нууц стратеги” хэмээх ном стратеги, аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн дунд эрэлт ихтэй байна. 

 

Пентагоны зөвлөх, ТТГ-ын тусгай ажилтан зэрэг үүрэг гүйцэтгэж явсан энэ хүн Ши Жинпинээр толгойлуулсан "Хоёрдугаар улаан үеийнхэн” (红二代) 2049 он буюу БНХАУ байгуулагдсны 100 жилийн ой гэхэд АНУ-ын үүргийг булаан авч, дэлхийд жанжлах эрмэлзэлтэй байгааг элдэв баримтаар нотлон харуулахыг хичээжээ.

 

"The Washington Times” сонины тоймч Билл Герц, "Pillsbury-ийн ном Хятадыг тун эвгүй байдалд оруулж байна. Учир нь энэ улс ТТГ-ыг цаг үргэлж дайсагнасан үйлдэлд буруутгаж байдаг. Жишээлэхэд, Далай ламыг дэмжээд байна, Хонгконгт эсэргүүцлийн ажиллагаа зохион байгууллаа гэх мэт. Гэтэл үнэн хэрэгтээ 1982 оноос эхлэн Бээжин Вьетнамтай сөргөлдөж байсан Кампучийн босогчдыг зэвсэглэх зэргээр ТТГ-ын тусгай хөтөлбөртэй хамтарч байжээ.

 

ТТГ, ХМТ, Батлан хамгаалах яамны удирдлага, харъяа агентлагууд энэ номыг нууцын зэрэглэлтэй мэдээлэл бус нийтлэл байдлаар гаргаж болохыг зөвшөөрсөн юм. Аюулгүй байдлын салбарт хохирол учруулж болзошгүй зарим нууцлалтай өгөгдөл, мэдээллийг битгий оруулаарай гэсэн зөвлөмжийг би хүндэтгэн хүлээн авсан болно. Майкл Пилсбюри

 

Майкл Пилсбюри

 

Хятадууд биднээр дамжуулан босогчдод зэвсэг нийлүүлээд зогсохгүй энэ бохир ажиллагааг хэрхэн өрнүүлэхийг зааварчилдаг байсан.

 

Дэлхийн супер гүрэн Америкийг давж гарах Бээжингийн нууц санаархал нь 2030 он гэхэд Америкийн эдийн засгийг 2 нугалах, 2049 он гэхэд гурав нугалах гэх мэт зорилтуудыг агуулж буй. 100 жилийн ойгоороо дэлхийн голлох гүрэн болох тэдний нууц төлөвлөгөө гэгч нь өнгөц харахад хуйвалдааны онолыг санагдуулж байгаа ч Зохиогчийн ТТГ-ын ажилтан байсан, Батлан хамгаалах яаманд зөвлөдөг гэх мэт намтрын өгөгдлөөр няцаахад бэрх болгож байгаа юм. Ямартай ч түүний ном амьд, ширүүн маргаан, хэлэлцүүлгийн бай боллоо” хэмээн дүгнэсэн байдаг.

 

Майкл Пилсбюри нь (хятад нэр нь 白邦瑞) хятад судлаач бөгөөд бээжин аялгаар давгүй ярьчихдаг аж. Колумбийн Их сургуулийн докторын зэрэг дүүргэснийхээ дараачаас RAND корпорацид орж Хятадын цэргийн бодлогын талаар нууц судалгаа хийж эхэлсэн байна. 1975-1976 онуудад хятадын цэргийнхний Харцага бүлэглэлд (Ying pai 鹰派) хамаардаг офицеруудтай холбоо тогтоож, Р.Никсон, Ж.Картер, Р.Рейган нарын Ази, Хятад руу чиглэсэн бодлогыг тодорхойлолцож байсан гэнэ.

 

Харцага бүлэглэл бол цэрэг улс төрийн нөлөө бүхий төвлөрөл бөгөөд эндээс нам болон төрийн чухал бодлогуудын чиг гардаг ажээ. Пилсбюри "Хятадад энэ сэдвийг хэзээ ч нээлттэй ярьдаггүй. Таван жилийн өмнө генералуудын хаалттай уулзалт дээр нэгэн харцага надад Мао Зедуны - Хятадаас иргэншлийн түүхэнд оруулах аугаа хувь нэмэр бол бид АНУ-ыг гүйцэж түрүүлэх явдал юм. Энэ нь 50-70 жилийг шаардаж болох ч бид хийхдээ л хийнэ гэх үгийг эшлэн ярьж байлаа” хэмээн бичжээ.

 

Пилсбюри номоороо Америкийн удирдагчдад анхааруулга өгөх, Хятадын илбэнд хууртахгүй байхыг зөвлөх зорилго агуулсан гэв. "Хятад хэзээ ч эрх тэгш хамтын ажиллагаа тогтоодоггүй, хэзээ ч ардчиллын замд орохгүй, тэд америк шиг эрх чөлөөт нийгмийг хүсдэггүй, эсрэгээр чанга хатуу шугам баримтлан урагш зүтгэдэг” гэж тэр хэллээ. Миний харж байгаагаар Хятадын засаг захиргаа ОХУ-ыг Америктай хийх 100 жилийн өрсөлдөөндөө холбоотон болгож ашиглахыг хүсдэг хэмээн тэр бичжээ. Пилсбюри Хятадуудад АНУ-ын эсрэг сөргөлдөөнд Оросын туслалцааг ашиглах талаар урт жагсаалт бий. Жишээ нь: "Азийг Азийнханд нь” гэх шинэ үзэл. Хятадууд ОХУ-ыг Ази тивд хамааруулан үздэг бөгөөд Ерөнхийлөгч В.Путин бол харцгуудын бахархал юм. 

 

Тэд АНУ-ыг Азийн зах зээлээс шахан гаргах сонирхолтой. Гэтэл АНУ өөрийн мэдэлгүйгээр өөрийн өрсөлдөгчид тус болж, тэднийг дэлхийн тогтолцоонд зохицуулан тааруулах, хөгжилд шаардагдах нөөцөөр хангах зэргээр дэмжиж ирсэн хэмээн Пилсбюри үзэж байна. Хятадын стратегийн зорилтуудыг бүтэлгүйтүүлэхийн тулд АНУ хариу стратеги боловсруулах, шинэ зэвсэгтэй болох замаар БНХАУ-тай хатуу мөргөлдөөнд ороход бэлтгэх ёстой ажээ.
Ингээд Пилсбюри номондоо тусгайлан анхааруулсан АНУ болон тэргүүлэх улсуудын удирдлагад буй таван зүйл төөрөгдлийг дурдъя.

 

Төөрөгдөл 1

Харилцан туслах нь цогц хамтын ажиллагаанд хөтөлнө

 

Миний болон хамтран ажиллагсдын маань дөчин жилийн туршлага ажиглалтаас харахад Хятадтай "харилцан туслалцсанаар” барууныхан улс төрийн салбарт өргөн хэмжээний хамтын ажиллагааны боломжийг нээнэ гэж итгэдэг нь буруу юм. Товчхондоо Хятад барууныхны итгэлийн очийг үргэлжид унтрааж байдаг. Жишээ болгож үй олноор хөнөөх зэвсгийг авч үзье. АНУ болон холбоотнууд Хойд Солонгос, Ираны цөмийн хийрхлийн талаарх мэдээлэл солилцъё гэхэд Хятад амаа хамхин сонсоогүй мэт царайлж өнгөрөөдөг.

 

9 сарын 11-ний дараа терроризмыг нийтийн дайсан хэмээн зарлаж, Ерөнхийлөгч Ж.Буш Хятадад энэ чиглэлээр хамтран ажиллахыг уриалсан ч ямар ч хариу өгсөнгүй, ямар нэг хариу үйлдэл Хятадын зүгээс гаргаагүй юм.

 

Төөрөгдөл 2

Хятад ардчиллын замдаа орсон

 

Сүүлийн 30 жилд Хятад ихээр өөрчлөгдсөн нь үнэн боловч улс төрийн тогтолцоонд нь ямар ч хувьсал гараагүй. Тааламжгүй хөрсөн дээр ардчиллын үр соёолчихсон юм шиг ойлголт олон Хятад судлаачдын тархинд байдаг нь төөрөгдөл.

 

Миний хувьд гэхэд 1997 онд Дунгуань хотоос холгүй орших тосгонд явагдсан "ардчилсан сонгуулийг” ажигласны дараа Хятадын ардчиллын үрд итгэх итгэл унтарсан. Нэр дэвшигчидтэй би ярилцаж амжсан юм. Сонгуулийн бичигдээгүй дүрмээр нэр дэвшигч олон нийтийн цуглаан хийх, ТВ-ээр ярих, тэр ч бүү хэл зурагт хуудас гаргах эрхгүй байсан. 

 

ХКН-ыг шүүмжлэх, бусад таагүй зүйл ярихыг нь бүрэн хориглосон гэж байлаа. Татвар болон засаг захиргааны зардлын талаарх Америк маягийн мэтгэлцээн тэнд болохгүй. Ганц л боломж байсан нь өөрийн болон өрсөлдөгчийн хувийн шинж чанаруудыг харьцуулах. Үүнээс гажвал гэмт хэрэг гэж үзэх дэгтэй байлаа.

 

 

Төөрөгдөл 3

Хятад бол хэврэгхэн шаазан юм

 

1996 онд би Бүгд найрамдах намын нэр дэвшигч Роберт Доулын улс төрийн зөвлөх Р.Эллсвортын хамтаар хятадад айлчиллаа. Хятадын эрдэмтэд тэр үед бидэнд Хятад эдийн засаг, улс төрийн гэнэтийн өсөлтийн хямралт байдалд орсон гэж хэлж байв. Ерөнхийдөө нуралт айсуй гэсэн хүлээлт үүсжээ. Эрдэмтэд нь экологийн сүйрэл, үндэсний цөөнхийн бухимдал, төрийн албан хаагчдын хяналтгүй авлига зэргийг шийдэх өөрчлөлтийг хийх чадвар бидэнд алга гэж үзэж байсан.

 

Сүүлд миний дуулснаар надтай хийсэн шиг агуулга чиглэлтэй "онцгой уулзалтуудыг” америкын эрдэмтэд, бизнесийнхэн, улс төр судлаачидтай дараалан хийсэн байгаа юм. Үндсэн санаа нь: "Хятад уналтанд орж байна”.

 

Гэхдээ тоо баримт бол тоо баримт шүү дээ. ОУВС, НҮБ-ын Эдийн засгийн хамтын ажилагаа, хөгжлийн байгууллага зэргээс гаргасан мэдээллээс үзэхэд Хятадын ДНБ жилдээ 7-8 хувиар өсч, энэ эрчээ хадгалбал 2018 он гэхэд АНУ-ыг гүйцэхээр байна.

 

Биднийг золгүй Хятадын талаар зовниж суух зуур "хөөрхийгийн” эдийн засаг 2 дахин өслөө. 

 

Төөрөгдөл 4

Хятадууд Америкчууд шиг болохыг хүсдэг

 

Америкчууд өөрсдийгөө ихэд үздэг зангаараа дэлхийн бүх үндэстнүүд тэднийг дууриах, тэдэнтэй адил болохыг хичээж байдаг гэж итгэдэг юм. Сүүлийн жилүүдэд Ирак, Афганистанд гаргасан хандлага үүнийг нотлоно. Яг ийм байдлаар Америкчууд Хятадыг эндүү төсөөлж байдаг.

 

1940-өөд оноос Америкийн засаг захиргаа Хятад авир араншин, үнэлэмжийг ойлгох ажлыг хүчлэн санхүүжүүлж эхлэсэн юм. Нэг л зүйлийг ойлгосон нь Хятадууд стратегийг Америкчууд шиг ойлгодоггүй. Америк үргэлжид шулуун, тодорхой үйлдэл хийдэг. Унаган хятад хүн бол ямагт дам хандлага, бүрхэгдүүлж будилуулах, төөрөгдүүлэхийг эрмэлздэг. Хятадын стратегийн талаар бичигдсэн номууд бүгд төөрүүлэх, мэхлэхийг тулгуур болгодог.

 

Төөрөгдөл 5

Хятад харцагууд дорой

 

Клинтоны засаглалын жилүүдэд би Батлан хамгаалах яам, ТТГ-аас нэгэн даалгавар авсан юм. Хятадууд Америкийн Ази, номхон далай дахь гар хурууг тойруулаад юу хийж чадах, хэрхэн хийх боломжийг судлах, туршилт хийх байлаа.

 

Тэр цагт надад Хятадын харцагууд төрийн тэргүүндээ Америкийн улс төрчдийг сэм залуурдах замаар тагнуулын, цэргийн, технологийн, эдийн засгийн туслалцааг татах саналыг тавьсан гэсэн мэдээ орж ирсэн юм. Ийм санал гаргасан харцагууд нь бүр Маогийн үеэс засагтаа зөвлөж байсныг ч би олж мэдлээ. Тэдний гол зорилго нь зуун жилийн гутамшгийнхаа өсийг авч, АНУ-ын үүргийг булаан, Коммунист хувьсгалын 100 жилийн ойгоор буюу 2049 он гэхэд дэлхийн эдийн засаг, цэргийн болон улс төрийн манлайлагч болох юм. «Зуун жилийн марафон» гэгдэх энэ төлөвлөгөөг ХКН Америктай харилцаа тогтоосон өдрөөсөө хэрэгжүүлж эхэлсэн ажээ. Миний энэ дүгнэлтэд АНУ-ын тусгай албадын шинжээчид, түшмэд үл итгэх байдлаар ханддаг байсан.

 

 

Хятадын удирдагчид бусад улсуудыг "Бид хэзээ ч жанжлах гүрэн болохгүй” гэх үгээр системтэйгээр тайвшруулдаг. Хятад ямар нэг байдлаар давамгайлал олж авах гэж зүтгэхгүй, чармайхгүй гэж улиг болтол хэлдэг. Гэхдээ Зуун жилийн марафоны хүч чадал нь заль мэхэнд л оршино гэж үзнэ. "Зодоончдын клуб” киноны дүрийн хэлдгээр илэрхийлбэл: Марафоны эхний дүрэм бол Марафоны тухай ярихгүй байх ажээ. 

 

Би бодит байдал дээр Бээжинд хаа нэгтээ эл марафоны стратегийг нарийн зурагласан төлөвлөгөө бүхий нууц авдар байгаа гэж бодохгүй байна. Хятадын удирдагчид үүнийг цээжээрээ мэдэж байгаа, тэд цаасан дээр төлөвлөгөөгөө буулгаж эрсдэлд орохыг хүсэхгүй.


Манай хойд хөршид Майкл Пилсбюригийн номыг анхааран судалж байгаа бөгөөд "Независимая газета” сонины Ерөнхий редактор Константин Ремчуков, "Зуун жилийн марафон” номыг орос хүн бүр уншихыг уриалжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: http://eagle.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.