Гэрэлт амьдралаа харанхуй сүүдрээр солих гэж үү?

184
 Гэрэлт амьдралаа харанхуй сүүдрээр солих гэж үү?

Дээр дооргүй л хар тамхи татдаг залуус олширч, нас нь улам бүр залуужиж байгааг өдөр бүр шахам халаглан ярих атлаа бодит байдал дээр үүний эсрэг дорвитой тэмцэж, компанит ажил өрнүүлэлгүй гар хумьж суугаа нь үнэндээ гайхширал төрүүлмээр. Хар тамхитай тэмцэх ажил бол "чи, би” гэлтгүй хүн бүрийн санаа зовних, анхаарал хандуулах ёстой асуудлын нэг мөн.

Гуравхан сая хүн амтай Монгол Улсын хувьд өсвөр насныхан, ид хийж бүтээх насандаа яваа залуучууд хар тамхинд донтож, залуу сайхан нас, амь амьдралаа хэрхэн сүйрүүлж байгааг нь харсаар суух хэрэг үү. Үнэндээ цаг хугацааны хувьд хожимдсон байж ч магадгүй энэ асуудлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэж яагаад болохгүй гэж.

2005 оноос хойш бүтэн 12 жил завсардсаны эцэст хөтөлбөр батлав

Муу амлаж, муухайг зөгнөхийг хүсэхгүй байв ч Монголын ирээдүй болсон залуучууд хар тамхинд живснийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ) дээр очоод өөрийн биеэр мэдэрлээ.

Гэхдээ энэ талаар өгүүлэхийн өмнө төрөөс хар тамхитай тэмцэх ажилд хэрхэн анхаарч ирснийг товчхон мэдээлье. Засгийн газраас 2000-2005 онд "Хар тамхи, мансуурахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлжээ. Харамсалтай нь, уг хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажил, үүнээс гарсан үр дүн, тайлан мэдээ зэрэг холбоотой баримт бичгийг хайгаад олсонгүй. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2012 оны тавдугаар сард шинэ хөтөлбөр боловсруулах зарлиг гаргаж, өмнөх хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ, дүгнэлт хийлгэхийг даалгаж байснаас өөр зүйл алга.

Тэгвэл хар тамхитай тэмцэх ажил 2005 оноос хойш бүтэн 12 жил завсардсаны эцэст сая нэг эрх баригчдын анхааралд орж, тэд гүн нойрноосоо "сэрлээ”. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сарын 7-нд "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, Ажлын алба байгуулав. Ингээд хөтөлбөр батлагдсанаас хойш гурван сарын дараа буюу зургадугаар сарын 9-нд Төрийн ордонд үндэсний чуулган зохион байгуулж, хар тамхины хор хөнөөл хийгээд үүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар бүх талын оролцоог хангасан төлөөллүүд нээллтэй ярилцсан. Энэ чуулганаас хойш өнөөдрийг хүртэл зургаан сар өнгөрлөө. Цаг хугацаа урссаар л байна.
Гэтэл байдал огт дээрдэхгүйгээр барахгүй улам даамжирсаар…

НАС, ХҮЙС, БОЛОВСРОЛ ҮЛ ХАРГАЛЗАНА

Одоо өгүүлэх тоон мэдээлэлд онцгойлон анхаарахыг хүсье. Учир нь эдгээр тоо Монголыг цагаан тахал яаж нөмөрснийг илтгэнэ. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргээр 2016 онд шүүхээс 101 хүн ял шийтгүүлжээ. Тодруулбал, хамгийн их буюу 10-15 жилээр 22, 5-8 жилээр гурав, 3-5 жилээр нэг, 1-3 жилээр 33 хүн ял сонссон бол нэг жилийн хорих ялаар 42 хүн шийтгүүлжээ.

Харин шийтгүүлсэн иргэдийг насны ангиллаар нь авч үзвэл, 16-17 насны долоо, 18-29 насны 99, 30-34 насны 22, 35-аас дээш насны 10 хүн байгаа юм. Тэгвэл боловсролын түвшингээрээ бага боловсролтой дөрөв, суурь боловсролтой 20, бүрэн дунд боловсролтой 68, тусгай мэргэжлийн гурав, дээд боловсролтой 43 хүн байжээ.

Энэ бүхнийг тоочиж байгаагийн учир нь өнөөдөр мансууруулах бодис, хар тамхины хэрэглээ нас хүйс, санхүү, боловсролын түвшин харгалзахгүйгээр Монголд тархаж, тахал болтлоо дэгдээд буйг өгүүлэх гэсэн санаа.

Тэгвэл хар тамхинд донтож, улмаар СЭМҮТ-д эмчлүүлж буй хоёр залуу ийн ярьж байна.

Эмчлүүлэгч 1: Би энд ирээд 24 хонож байна. Эмчилгээний үр дүн маш сайн байгаа. Өвс татаж, газ үнэрлээд гурван жил болсон. Одоо 22 настай. Айлын отгон хүү, дээрээ гурван эгчтэй. МУИС-ийн гадаад харилцаанд сурч байгаад сургуулиа хаячихсан. Өвсийг өдөр тутмын амьдралдаа татаж байгаад сүүлдээ уйдаад илүү хүнд хэлбэрээр мансуурахын тулд газ үнэрлэдэг болсон. Хамгийн анх сонирхол хөдлөөд өвс татаж үзсэн.

Тэр үед хаанаас олж авснаа санахгүй байна. Лав мөнгөөр худалдаж аваагүй. Үүнээс хойш өөрөө өвс түүж, хатаагаад нөөцөлж хэрэглэдэг болсон. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд юу ч хийгээгүй. Хэрэгцээний мөнгөө гэрийнхэндээ худлаа хэлээд авчихдаг байсан. Хамгийн сүүлд эмнэлэгт хэвтэхийнхээ өмнө татсан. Ингээд хар тамхинаас гаръя, амьдралаа бодъё, гэр бүлийнхнийгээ зовоохоо больё, залуу насаа хар тамхинд үрэн таран хийх хэрэггүй юм байна гэдгийг ойлгоод СЭМҮТ-д өөрийн хүсэлтээр эмчлүүлэхээр ирээд байна. Эндээс эмчлэгдэж гараад хувийн бизнес эрхлэх бодолтой байгаа.

Эмчлүүлэгч 2: Би 23 настай. Одоогоор ганц бие. СЭМҮТ-д эмчлүүлэхээр ирээд дөрөв хонож байна. Гэр бүлийн ятгалгаар энд ирсэн. Гурван жилийн өмнө өвс түүж татаад, үүнээс хойш байнга хэрэглэх болсон. Би эмнэлэгт хар тамхинаас биш, ядаргаанаас болж эмчлүүлэхээр ирсэн. Өвснөөс өөр ургамал, эм, бодис татаж үзээгүй ээ. Гэхдээ манайхан өвс ургадаг талбайг жил бүр шатаадаггүй болохоор залуучууд чөлөөтэй түүж, хэрэглэдэг шүү дээ гэв.

ДЭМБ-аас хар тамхинд донтогсдын ердөө 1-5 хувь нь л эдгэрдэг гэжээ. Энэ бол мөнхийн эрх чөлөөгөө түр зуурын солиорлоор сольж буй үйлдэл.

Энэ хоёр залуу хоёулаа боломжтой айлын хүүхдүүд. Хэдийгээр хар тамхинд залуус нас, хүйс, боловсрол харгалзахгүй донтож байгаа ч боломжтой айлын хүүхдүүд илүү автдаг болохыг мэргэжлийн эмч нар хэлж байна. Ийм хүүхдүүд ихэвчлэн дураараа өсчихсөн, мөнгөний үнэ цэнийг ойлгодоггүй, аав ээждээ худал хэлж мөнгө авдаг гэхчлэн олон учир шалтгааны улмаас буруу зүйлд амархан татагддаг болохыг сэтгэлзүйчид ярьдаг.

Мансууруулах бодис, хар тамхинд донтсон хүнд хийдэг эмчилгээний зардал өндөр төдийгүй үр дүн багатай тул урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ёстой гэсэн зөвлөгөөг ДЭМБ манай улсад өгчээ. Тиймээс энэ ажлыг гардан хариуцаж буй ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэлээс асуухад "Шри Ланкаас удахгүй мэргэжилтэн ирж, манай хүмүүст сургалт явуулахаар зэхэж байна. Мөн гаднын жишгээр хар тамхины хамааралтай хүмүүст тусламж үзүүлэх "Drop center” байгуулахаар судалж байгаа” гэхээс өөр юм хэлсэнгүй.

ДЭМБ-аас хар тамхинд донтогсдын ердөө 1-5 хувь нь эдгэрдэг гэж мэдэгдсэн байдаг. Энэ бол мөнхийн эрх чөлөөгөө түр зуурын солиорлоор сольж, үлдсэн бүхий л жаргалтай амьдралаа нар харахгүй, чийгтэй орчинд өнгөрөөх таны буруу сонголтын "шагнал”. Тиймээс үхлийн тун гэгддэг хар тамхинаас хол явж, эрүүл мэнд, эрх чөлөөгөө хамгаалж, гэр бүл, үр хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдрахыг залууст уриалж байна.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Хар тамхины шарталт архиныхаас 60 дахин хүчтэй илэрдэг

СЭМҮТ-ийн Донтох эмгэгийн клиникийн эрхлэгч Б.Энхчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Танайх ямар шалтгаантай хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна вэ? 
-Донтох эмгэгийн клиник 30 ортой үйл ажиллагаа явуулж байна. Мөн өдрийн эмчилгээ давхар хийдэг. Өнөөдрийн байдлаар тасагт хэвтэн эмчлүүлэгчид дүүрсэн, өдрийн эмчилгээнд найман хүн хамрагдаж байна. Мөн хар тамхинд донтсон 20 гаруй насны хоёр залуу бий. Сүүлийн үед 18-25 насныхан сэтгэцэд нөлөөлөх бодисын хамааралд ихээр орлоо. Энэ нь хар тамхинд донтогчид улам залуужиж байгааг илтгэж байгаа юм. Манайх архи, тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис (морфин, кокайн, каннабис, мөс, газ, бензин, цавуу)-д донтох эмгэгтэй болсон хүмүүсийг хүлээн авч эмчилдэг. Архины хамааралтай хүнийг 14- 21, хар тамхинд донтогсдыг 2-6 сар хүртэлх хугацаанд эмчилж, зохих хөтөлбөр, сургалтад хамруулж байна.

-Донтогсдын нас улам залуужиж байгаа нь ямар хүчин зүйлээс шалтгаалж байна вэ? 
-Олон хүчин зүйлийн нөлөөтэй. Хамгийн гол нь боловсролын системд эрүүл мэндийн хичээлийг онцгойлон тусгаж, хүүхдүүдэд багаас нь архи, тамхи, хар тамхины хор хөнөөлийн талаар ойлголт өгөхгүй байгаатай холбоотой. Жишээлбэл, манайхаас хэдэн жилийн өмнө ерөнхий боловсролын сургуулиудын багш нарт архи, тамхи, хар тамхины хор хөнөөлийн талаар нэг бус удаа сургалт явуулсан юм. Гэвч багш нар бидний заасан сургалтыг нухацтай хүлээж аваагүй. Тухайлбал, мэргэжлийн бус буюу биеийн тамирын багш сургалтад хамрагдах жишээтэй. Сэтгэл хямарч, стресс үүсэхэд үүнийг хэрхэн даван туулах вэ гэдгийг мэдэхгүй цагт буруу нөлөөлөлд амархан автана. Ерөөс стрессээ тайлж сураагүй хүн буруу зүйлд амархан уруу татагддаг.

-Хар тамхинд донтох өвчлөл хүний биед ямар хор хөнөөлтэй вэ? 
-Бүхий л эд эрхтэн гэмтдэг. Ялангуяа, уураг тархинд хамгийн ихээр нөлөөлдөг. Ингэснээр донтолт улам даамжирч, зан авир нь өөрчлөгдөнө. Ялимгүй зүйлд уурлаж уцаарлах, гомдоллох, юм бүхэнд шүүмжлэлтэй хандах, хэт өөрийнхөөрөө байх зэрэг сөрөг хандлага илэрдэг. Улмаар тухайн бодисоо хэрэглэж байж тайвширч, эцэстээ хамааралд орж донтох эмгэг үүсдэг. Хар тамхины шарталт нь архинд донтох өвчний үед үүсэж байгаа биеийн хараат байдал буюу үгүйлэх шинж, шарталтын үеийнхээс 40-60 дахин хүчтэй дуршил илэрдэг. Учир нь хар тамхи хүний биеийн яс, булчинд илүү хуримтлагдаж, биеэс задрах үед биед өвдөлт үүсгэдэг тул архины шарталтаас илүү хүчтэй зовиур илэрдэг. Тиймээс л хар тамхины донтолт маш богино хугацаанд гүнзгийрдэг.

-Хар тамхины хамааралтай байдал эмчлэгдэх хувь хэд байдаг вэ? 
-Дэлхий нийтэд хар тамхины эмгэг туссан хүн 1-5 хувьтай эмчлэгддэг гэж үздэг. Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст хар тамхины хор хөнөөл, үүнээс гарах арга замын талаар сургалт явуулж байна. Гэхдээ энэ бүхэн хожимдсон сургалтууд юм. Өвдсөн хойно нь урьдчилан сэргийлж байна гэсэн үг. Гэхдээ эмнэлгийн байгууллага дахин хэрэглэх, илүү гүнзгий орохоос нь сэргийлж, эдгэрэлтийг сайжруулахын тулд чадах бүхнээ хийж байна. Дахин хэлэхэд, хар тамхинд донтож, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх мэдээлэл өгөх зайлшгүй шаардлага үүсээд байна. Манайд өөрсдийн хүслээр хар тамхинаас гаръя гэж ирэх хүн байдаггүй. Дийлэнх нь гэрийхнийхээ албан шаардлагаар эсвэл албадлагаар ирдэг.

Б.Бямбасүрэн

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.