Тусгаар тогтнолын үндэс ...

306
 
 Тусгаар тогтнолын үндэс ...
Монголын Нууц Товчооны V бүлэгт: Тэр цагт Чингэс хаан, тэнгэр Эцэгтээ мөргөе гэж довцог өндөр дээр гарч, тохмоо дэлгэж тавиад бүсээ хүзүүндээ өлгөж залбиран өчив:
 
"Эрэмгий сайнаар эзэн эс боллоо, би. Эрхт Тэнгэр Эцгийн хайраар эзэн боллоо, би.
Эцэг Тэнгэрийн ачаар эсрэг дайснаа дарлаа, би.  Хамрагч сайнаар хаан эс боллоо, би.
Хан Тэнгэр Эцгийн хайраар эзэн боллоо, би.  Хан Тэнгэр Эцгийн өршөөлөөр харь дайсныг дарлаа, би" гэж мөргөв.
Найман зууны тэртээ язгуур угсаа, цэрэг эрс зэр зэвсгээр аархсан омог бардам Жамух өөрийн хор шарандаа шатаж мөхөж байхад, өнчин өрөөсөн хэдэн дүүтэйгээ уулын мухар ганц гэрт орогнох зөв сэтгэлт итгэлт Тэмүжин Монгол хэмээх дэлхийн супер-гүрэн байгуулж, газрын хаан болсон нь аз бус Тэнгэрийн хүсэл сорилт байв. Түүний итгэл сэтгэл зүтгэл нь өнөөгийн бидний ч туурга тусгаар улсын үндэс болдог бөгөөд өнгөрсөн зууны хорин нэгэн онд өвөг дээдэс маань ганцхан шөнийн дотор арван мянган гаминг бутцохиж туурга тусгаар улс үндэстэн болсон ч тусгаар тогтнолоо баталгаажуулах гэж дөчин жил зовж зовж ёстой нөгөө Сайн эцгийн нэрийг хэд хувааж иднэ гэдэг шиг Сайн Хаан Эцгийн сүнс сүр сүлдээр даян дэлхийд тусгаар улс болж өдий зэрэгт хүрсэн юм. 

Дөчин таван онд Орос Англи Америк гурван улсын Яалтын гэрээгээр яалт ч үгүй ертөнцийн бүх үндэстэнүүдийн хувь заяаг дэлхийн хамгийн хүчирхэг гуравхан эр/Сталин Черчилль Рузвельт/ шийдэж байсан эгзэгтэй үе байв. Хэдий улаан коммунист ч гэсэн өөрөөс нь эхлээд Чингэсийг ч оруулаад газар дэлхийн бүх хаадууд ч, өнөө цагийн төр улсын тэргүүн лидерүүд ч азаар биш Тэнгэрээс соригдож ирсэн нэгэн гэдгийг Сталин гадарлах тул улс үндэстэнүүдийн хувь заяаг ялангуяа Монголын хувь заяаг тэнгэрийн тааллаар шийдэх ёстой гэдгийг сайн ухаарч байв. Сталин өөрийгөө болд шиг хатаагдсан лидер(угаасаа л Сталин гэдэг нь сталь-болд гэсэн үгнээс гаралтай) гэж харуулах дуртай ч, Гитлер Москвад дөхөн ирсэн дөчин нэгэн оны Октябрын баярын өмнөх түүний зүрх нь түгшсэн тэрхүү аймшигт өдөр шөнүүдэд аргаа барахдаа өөрийн зүүд совинд татагдан Москвагийн бүх Үнэн алдартаны сүмүүдийн тахилч нарыг хамаг нандин шүтээнийг нь бариулан Москваг тойруулан мөргөл үйлдүүлж авралыг хайж Гитлерийн давшилтыг зогсоож байснаараа нилээд сүсэглэг нэгэн байсан гэж үйл явдлыг нүдээр харсан оросын ахмад дайчин-буурал хурандаагийн амнаас нь сонсож билээ. 

Мөн адил Монголын асуудал Яалтын хурлаар маргааш нь шийдэгдэх ёстой тэр шөнө Сталины сэтгэл санаа нь тавгүйтэж зүүрмэглэх зуур хэн нэгэн хүчирхэг нэгэн Миний хайртай монгол үндэстэн заавал тусгаар байх ёстой гэсэн хэн нэгний сүрт дуу хоолой чихэнд нь хүнгэнэх шиг болж Чингэс хаан түүний сүрт жанжинууд нүдэнд нь үзэгдэх шиг болоход байн байн давхийн сэрж зүрх нь дагжин чичэрч түүний нойр нь хулжсан байлаа. Дэлхийн талыг эзлэж явсан, оросоос эхлээд олон арван үндэстэнг зуу зуун жилээр эрхшээлдээ байлгасан монгол хэмээх агуу үндэстэн тусгаар байх нь зүйтэй гэсэн Сталины өдрийн наранд дахь өнгөцхөн бодол нь энэхүү шөнийн зүүд совингын дараа Монгол заавал тусгаар улс байх ёстой гэсэн хатуу байр сууриар солигдож, маргаашийнх нь Яалтын хурал дээр батлагдсан төдийгүй энэ нь явсаар Монгол Улс НҮБ-д элсэж тусгаар тогтнолоо 1961 онд  дэлхийн тавцанд 100 хувь баталгаажуулсан улс төрийн шийдвэрийн үндэс болсон юм. Хэдийгээр бид Сталиныг тахин шүтэж долоох шахам байж тусгаар тогтнолоо баталгаажуулж авсан гэх боловч энэ нь яг үнэндээ түүний зүрх сэтгэлд дэхь Чингэс хаан Монгол үндэстэнийг үнэлэх үнэлэмжтэй салшгүй холбоотой байсан юм. Бид сайн эцгийнхээ нэрийг гурав худалдаж идэх ч яахав, харин Сайн Хаан Эцгийнхээ нэрээр монгол үндэстэн мянган үедээ ч дархлагдах болтугай!
Азаар хэн ч хаан болчдоггүй нь
Ард нь Тэнгэрийн сорилт отож байдгаас тэр..,
 
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Д.Эрдэнэцогт


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.