М.Энхсайхан: ОУВС-аас тусламж авч явааг сайн муу гэж цэцэрхэж болох боловч буруу нь Монголчууд биднийх

234
 
 М.Энхсайхан: ОУВС-аас тусламж авч явааг сайн муу гэж цэцэрхэж болох боловч буруу нь Монголчууд биднийх
"Бүүм: Ашигт малтмалын хууль ба 250"
 
 
1997 онд эдийн засгийн ямархуу хүндрэл бэрхшээлийн дунд яагаад гаалийн татвар тэглэж байсан тухай товчхон бичсэн билээ. Эдийн засгийн гол стратеги зорилт нь гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол руу татах явдал байлаа. Монголын газар зүйн байршил, дэд бүтцийн сул хөгжил нь  ялангуяа барууны хөрөнгө оруулагчдын хувьд Монголыг дэлхийгээс дэндүү хол харагдуулдаг нэг ёсны бурхан тэнгэрээс бий болгосон "гаалийн татвар” байлаа. Ийм нөхцөлд төр засаг, хүмүүний тогтоодог субьектив чанартай импортын татвар эдийн засгийн стратеги зорилтод нийцэхгүй гэж үзсэн тухай өгүүлсэн билээ.
Өнгөрсөн 20 жилийн эдийн засгийн хөгжлийн түүхэнд бас нэг томоохон нөлөө үзүүлсэн үйл явдал бол Монгол улс зах зээлд шилжсэнээс хойш анх удаагаа шинэ Ашигт малтмалын хуультай (АМХ-1997) болсон явдал байлаа. Тухайн үед тэрхүү хуулийг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд "Монгол улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах чадлаараа  дэлхийн эхний 10-т багтах эрх зүйн орчин бүрдүүллээ” гэж шагшиж байсан санагдана.  Тэр нь бидэнд сурталчилгаа болсон нь дамжиггүй.
Бид хуулиа гаргачихаад сайнаар ярьвал өөрсдийгөө эмхэлж, муугаар ярьвал өөрсдийгөө хэмлэж байх зуур дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнийн өсөлтийн цикл ирж, тэр нь бүр суперцикл болж (2000-2012) , манай эдийн засагт Бүүм авчирсан юм. Бүхэлдээ өнгөрсөн 20 жилд монголчуудад аз тохиосон байдаг. Суперциклийг бид бүрэн ашиглаж чадсан эсэх нь маргааны сэдэв ч монголчууд томоор харвал алдаагүй. Энэ талаар хожмоо дурсая.
Геологи хайгууль бол асар үнэтэй төдийгүй өндөр технологи, мэдлэг шаардсан ажил. Бидэнд тэр бүгд нь байсангүй. Монгол бол геологийн хувьд одоо ч нээгдээгүй орон. Газар доорхи нөөцийг нь үнэлгээнд оруулбал нэг ам дөрвөлжин нутаг дорхи байгалийн нөөц нь 1 ам. доллар хүрэхгүй байна. Нэг үгээр хэлбэл геологи хайгуульд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй хэвээр байна.
Социализмын үед Оросууд нэлээд геологийн хайгууль хийсэн байдаг. Тэр ч байтугай Оросын геологи хайгуулийн анги манай хилээс дотогш 100 км-т чөлөөтэй нэвтрэх эрхтэй байлаа. Тэгээд ч хамаг мэдээлэл Оросын архивт байлаа. Алдаг оног хуулбарууд нь манайд үлдэж байсан байх. Гэтэл улс орон алсын хараатай хөгжихийн тулд геологийн салбар нь бусдаас наад зах нь 20 жилийн өмнө явах шаардлагатай байв.
1997 оны АМХ-ийн гол зорилго нь урт хугацаандаа бусдын хөрөнгө, хүчээр өөрийн нутагт хайгууль хийлгэж улс орныхоо байгалийн нөөцийн талаар тогтвортой хөгжлийг төлөвлөж болохуйц геологийн нэгдсэн мэдээлэлтэй болж авах, богино дунд хугацаандаа эдийн засгаа өөд татах явдал байсан юм.
1997 оны АМХ-ийн бий болгосон эрх зүйн орчинд Оюу Толгойн орд нээгдэж тэр нь мегатөсөл болон хэрэгжиж бодитойгоор манай эдийн засагт хувь нэмрээ оруулж байна. Оюу Толгой төслийн зарим үзүүлэлтүүдийг сайтаас нь чирээд ирлээ.
 
  
 
 
 
 
Сайны хажуугаар саар юм их бий. Үр дүн багатай маргалдах сэдэв маш их байгаа
Ашигт Малтмалын Хууль батлагдснаас хойших 20 жилд уг хуульд нийтдээ 250 өөрчлөлт орсон гэсэн мэдээлэл саяханаас олж харлаа. Ийм олон өөрчлөлт хийгдсэн нь үнэн бол АМХ гаргаж байсан үеийн анхны стратеги баримтлал алдагдсан байж таараа.  Тэгсэн ч болов уу. Яагаад гэхээр суперциклийн сөрөг нөлөөн дор хаа сайгүй популист санаанууд газар авч тэр нь хуулийн өөрчлөлт болж байсан хэрэг л дээ. Тэр хэмжээгээрээ Монголоос гадаадын хөрөнгө оруулалт зайлж байсан.
 
 
Суперцикл төгсгөл болоод удаагүй байна. Эргэж ирэх эсэх нь тодорхойгүй байна.
Монголд руу чиглэсэн хөрөнгө оруулалт татраад бидний байдлыг хүндрүүлж байна.
Өөрийгөө байгалийн нөөцөөр баян хэмээн тансаглан зээл авч, бонд гаргасаар өрөнд унасан байна.
Байдлаас гарахын тул ОУВС-аас  тусламж авч явааг сайн муу гэж цэцэрхэж болох боловч буруу нь бидний монголчуудынх билээ.
Өнгөрсөн үеэ зөв задлан шинжилж ирээдүйн бодлогоо алхам алхамаар чамбайруулах цаг үе дээр ирээд байна.
Энэ хэрэгт тус болох боловуу хэмээн дээрхийг тэрлэв.
 
М.Энхсайхан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.