Утаа улстөр хоёр...

891

Утаа улстөр хоёр...

 

Өвлийн өвөлд нүүгэлтсэн хар утаатай зууралддаг Улаанбаатарын маань амьдрал  уйтгартай, хэдэн улстөрчид нь ч учраа олохгүй хэрүүл тэмцэл ихтэй байна. Үндсэндээ манай дээдсүүд угаартаад юу яасан улс орныг удирдаж авч явах байтугай хэлж байгаа үгнийхээ учрыг ч зарим нь олохоо больцгоож байх шиг байна. Дээдсүүд нь төрийн ордондоо угаартаж суудлаа ч олохгүй дэнжигнэлдэж байх зуур доодчуудынх нь амьдрал доройтсоор л өдөр хоногууд нисэн одож байна. Ядаж байхад Утаанбаатарын харанхуй өдрүүд ойрын өдрүүдэд улам бүр түнэр болно. Учир нь хүйтний эрч эрс чангарч, хотын захын борчууд сурснаараа муур нохойн сэг зэмээ өрдөж эхэллээ. Тэдгээр нь амьтны сэг зэм гэсэндээ шатахаараа тос нь нэвчиж лавтай таваас зургаан цаг цогшин шатдаг гэж уугай. Ийнхүү гэр хорооллын иргэд амьтны гаралтай хорт утаагаар бүх биеэ хордуулж байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат "Утаа ихэссэн ч хортой үзүүлэлт нь багассан” хэмээн хэнэг ч үгүй яриад сууж байгаа юм.

 

Гэр хорооллоос жаахан хөндийрөөд хотын төв рүү ойртоод хаашаа л харна түгжирсэн зам дээр хөмсөг зангидсан жолооч нар машинаа хаазалж, тэдгээрийн яндангаас олгойдох утаа хоолой боочих шахна. Машинаа эцэст нь тултал хаазалж олгойдсон саарал утаа шидлэх ууртай жолооч нарын тэдний аясыг харж дайруулчих шахан гүйлдэх явган зорчигчид хий дэмий л ороолтоороо амаа баглана. Автобусны буудал болгон дээр овоорч бужигналдсан бөөн хүмүүс утаатай Улаанбаатарынхаа өвлийг бушуухан шувтарч урин хавар ирээсэй хэмээн дотор сэтгэлдээ залбирцгаана. Дайрч унагачих шахан уралдан давхилдах  автобус дараа дараагаараа шахцалдан ирэвч дотор нь хөл гишгэх газаргүй уурлаж бухимдсан зорчигчид дүүрэн. Нударгацлах нь холгүй байж арай чүү автобусанд орж амжвал авч давхих хөөргөн жолооч нарынх нь арагш, урагш нь түс хийтэл тормослож нугас тасалчихмаар явдал суудал нь аймшигтай. Багтах зайгүй автобусны ая тух, амгалан тайванг бол ярих ч юм биш. Бачимдсан сэтгэл дээрээ бөөн бухимдал нэмж үүрээд бушуухан  л буухын мөрөөс болно. Арай гэж нэг юм  автобуснаас буувал зам засварчдын  зунжингаа овоолж хаясан элдэв хог новшинд таварцаглаж ойчих гээд, ухсан нүхэнд нь  унаж үхчих гээд ээ дээ мөн ч яггүй. Урьд нь явган хүний зам байсан өнөөдрийн там дээгүүр дэгэнцэн догонцон харайлгаж явсаар гэртээ ороход замын тоос шороо, утаа тортогт дарагдсан малгай толгой зэвхий саарал, өмссөн хувцаснаас тортог ханхийнэ. Өдрийн бүх л бухимдал, утаатай Улаанбаатарын нэг өдрийн хир буртагаасаа бушуухан салъя хэмээж цэмбийтэл усанд орж, хоолоо идчихээд сэтгэл сэргээд зурагт харахаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Бид үлдсэн нэг сарын хугацаанд утааны эсрэг дорвитой ажил хийж чадахгүй. Тийм боломж ч байхгүй. Харин утааг бууруулах тал дээр цогц арга хэмжээ авч ажиллахаар болж, нэгдсэн ойлголтод хүрлээ” хэмээж ялимгүй амарч байсан бие сэтгэл рүү хорт утаа тургилах нь дахиад л угаартаж унамаар.   

 

Д.Хаянхярваа даргын урамгүй яриатай залгаад захын гэр хорооллууд орчмоор зарагдаж байгаа түлээ нүүрсний үнэ ханшийг мэдээлж байна. Ноднин өдийд 150 мянган төгрөг байсан портер нүүрс 300 мянга боллоо л гэнэ. Шуудай биш ээ, уут мод 2000 төгрөг болсон л гэнэ. Ганцхан өдөрт 17 хүн цаг бусаар хорвоог орхилоо гэнэ. Ургийн гажиг 30% нэмэгдлээ гэж байна. Жирэмслэлт 40% буурлаа гэнэ. 15-17 насны  хүүхдүүд элдэв цавуу, ахуйн хэрэглээний газ үнэртэж мансуурах нь сүүлийн хоёрхон сард  21 удаа бүртгэгдэж тэднээс 4 нь амиа алдлаа л гэнэ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь эрс нэмэгдэж  амралтын өдөр 48 жолооч энэ төрлийн зөрчил гаргажээ л гэнэ. Аймшигтай. Аргаа бараад зурагтынхаа сувгийг дээрээс нь доош дуустал гүйлгэсэн ч ихэнх сувгаар Монголын амьдралын аймшигтай дүр зураг, ухаж сэндийчсэн уурхайн хаягдал, хогон дунд босгосон  овоохойдоо нүд шүд нь гялалзаж суугаа орон гэргүйчүүд,  үгүй бол жагсаж тэмцэж сандал суудлаа булаацалдсан дарга нар л харагдана.

 

Амьдрал үргэжилсээр хэдий ч гялтайж гялайлгах юм  тун ч ховор байна. Ядаж байхад энэ өвөл айхтар хүйтэрч эхэллээ. Уг нь хоёр гурван жилийн өмнөхөн дэлхий шилгээж аймшигтай осол болвол тэсч үлдэх ганцхан авралын сууц нь Монгол гэр гэж хаа сайгүй ярьсансан. Нээрээ бодоод байхнээ галав юүлж газар хөдөлж байхад гэрийн маань унь л  толгой  дээрээс унахаас өөр сүйдтэй шийтгэлийг монголчууд бид амсахгүй  шиг байгаа юм. Тэгэхээр өвлийн энэ тэсгим хүйтэнд Улаанбаатарын гэр хорооллынхон нүүрсээ түлж, бөмбөгөр гэртээ бүлээн дулаан амьдрахаас ч өөр яах вэ.  Гэтэл энэ муусайн нүүрс түлээний ченжүүд үнэ ханшаа тэнгэрт тултал нь хөөрөгдөж байгаа нь бухимдаж тарчилсан сэтгэлийг минь  бас л дахин зовооно. Орон сууцанд амьдардаг мань мэтэд түлээ, нүүрсний үнэ  огтхон ч хамаагүй санагдавч зуухандаа хийх тэвэр түлээ, түмпэн нүүрсгүй, хөлдүү гэрт ходоод нь хонхолзон уйлж суугаа халтархан жаалууд нүдэнд харагдаж  хоолой дээр дахиад л бөөн хар юм тээглэнэ. Орон сууцныханд ч ялгаагүй бөөн зовлон байж л байна. Өглөөнөөс орой болтол байн байн цахилгаан тасрах нь өнгөрсөн зун, намрын хувьд жирийн үзэгдэл болсон.  

 

Цэвэр агаар төслийг 30 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж Улаанбаатарын утааг 25% буурууллаа гэж  бахиралдаад байсан хотын хуучин удирдлагуудтай хатуухан ярих цаг болсон мэт. Улаанбаатарын утаагаар бизнес хийж түрүүвчээ түнтийлгэсэн дарга нар, улстөрчидтэй хатуухан тооцоо бодууштай. Утааны эсрэг мөнгөөр бизнес хийж хагартлаа баяжсан дарга нараас залхсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Сүүлийн 10 жилд 147 тэрбум төгрөгийг утааны эсрэг зарцуулсан ч утаа арилаагүй, улам л өтгөрлөө. Манай Засгийн газрын үед 17.5 тэрбум төгрөгийг утааг бууруулахад төсөвлөсөн. Энэ мөнгө зөвхөн утааг бууруулахад л зарцуулагдах ёстой. Хэн ч ашиг хонжоо хайх ёсгүй. Хэрвээ тийм үйлдэл илэрдэг л юм бол хатуу хариуцлага тооцно” хэмээн аргаа барсан хүний үгийг хэлж зогсоно. Улаанбаатарын утаа улстөр хоёр ийнхүү өтгөрөн замхарч байна.

 

Монголын улстөрчид Улаанбаатарын утааны өмнө хоёр гараа өргөсөн энэ үед Ерөнхийлөгч Х.Баттулга "Хэрэв утааны асуудлыг шийдэж чадахгүй бол УИХ-ыг тараах тал дээр санаачилгатай ажиллана” хэмээн эцсийнхээ үгийг хэллээ. Улс эх орон маань хөгжөөд байна уу хөлхөөд байна уу. Хүн ард нь дэвжээд байна уу дордоод байна уу. Хот хөдөөгүй суугаад л хөгшин залуугүй уугаад л. Зон олон маань нэг л зовсон шинжтэй харагдахгүй байна уу эрхэм дарга нар аа. Та нарыг эрх ямба, алба тушаалаа булаацалдан хэдэн хэсэг болчихоод архиралдаж байх хооронд Монгол түмэн уруудаж, Улаанбаатарчууд угаартаж, хордож гүйцлээ. Өвөл улам ч хахир хүйтэн боллоо.

 

Д.Энхтүвшин

Эх сурвалж: 24tsag.mn

http://www.24tsag.mn/content/158766.shtml

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>