Их аварга Хакүхо М.Даваажаргал ёкозүна цолтойгоор 63 дахь башёдоо зодоглоно

248

Их аварга Хакүхо М.Даваажаргал ёкозүна цолтойгоор 63 дахь башёдоо зодоглоно

 

2018 оны эхний сарын тэмцээн буюу Хацү башё энэ ням гарагт эхэлнэ.

Нэгдүгээр сарын тэмцээнд Монголын 22 сүмоч хүч үзэхээр банцүке гарчээ. Дээд зиндаанд зургаа нь зодоглох юм. Энэ нь ойрд сонсогдоогүй цөөн тоо юм.

Учир нь өмнөх тэмцээнүүдэд Монголын 8-10 бөх хүч үздэг байв. Мөн Харүмафүжи Д.Бямбадорж зодог тайлах болсноор дөрвөн ёкозүнатай тэмцээн дуусгавар боллоо.

Зүүн жигүүрийг их аварга Хакүхо М.Даваажаргал, барууныг ёкозүна Кисеносато манлайлахаар банцүкед бичигдсэн байсан.

Гэтэл сүүлийн үеийн мэдээгээр дэвжээнүүдийн хамтарсан бэлтгэлд Кисеносатогийн байдал тун муу байгаа учир багш нь энэ удаа барилдуулахгүй байхаар зөвлөснийг зарим мэдээлэлийн сайт онцолсон байна.

Тэрбээр Какирюү, Гоэйдо нартай зургаа барилдахдаа ердөө хоёрхон давжээ. Харин хоёр ч башё өнжсөн Какирюү М.Ананд аваргын бэлтгэл сайн байгаа гэнэ.

Энэ башёд манай Тамаваши, Митакэүми нар секиваке, Ооношёо, Такакейшёо нар комүсүби цолтойгоор барилдана. Озеки хоёр бий. Тэрний нэг нь Такаясү цолоо хамгаалахын төлөө барилдана.

Монгол сүмочдоос Ичиножёо А.Ичинноровын зиндаа эрс дээшилж магеширагийн зүүний нэгээс босох бол Араваши Э.Дөлгөөндөрөв, Чёошома Г.Мөнхсайхан долоод бичигджээ. Озеки байсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ доошилж, магеширагийн 10-т жагссан байна.

Их аварга Хакүхо ёкозүна цолтойгоор 63 дахь башёдоо зодоглоно.

Энэ нь алдарт аварга Китаноүмитэй эн зэрэгцсэн гэсэн үг. Харин дараагийн тэмцээнээс энэ тоо 64-т хүрвэл Хакүхо мэргэжлийн сүмогийн бас нэг рекорд амжилтын эзэн болох юм. Хэрэв тэгвэл шинээр бий болох амжилтууд зөвхөн өөрийнх нь байх ажээ.

Сүмо сонирхогчид Хакүхо аваргын түрүү 40-өөр зогсохгүй ээ гэж байна.

Харүмафүжигийн хэргийн хохирогч гэгдэх болсон Таканоива Д.Баасандорж жүрьёод барилдана.

Энэ зиндаанд Миторюү Б.Төрболд, Даншёохо Р.Шижирбаатар дэвшин орж иржээ. Б.Төрболдын хувьд Монголоос төрсөн 33 дахь сектори болов.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.