БНХАУ-ын эдийн засаг 2017 онд 6.9 хувиар өсчээ

284

БНХАУ-ын эдийн засаг 2017 онд 6.9 хувиар өсчээ

 

БНХАУ-ын эдийн засаг өнгөрсөн 2017 онд 6.9 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Энэ тухай БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян, Камбожийн нийслэл Пном Пен хотноо болж байгаа Меконгийн хамтын ажиллагааны форумын 2 дахь удаагийн уулзалтын үеэр мэдэгдсэн байна.

Эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлсөн хүчин зүйл нь гадаад экспортын хэмжээ болон хэрэглээний зардлын хэмжээ гэнэ. Энэ нь өнгөрсөн 2016 онтой харьцуулахад 0.2 хувиар өссөн гэсэн үг юм. Харин 2015 онд БНХАУ-ын эдийн засаг 6.9 хувийн өсөлттэй гарч байсан юм. Сүүлийн 2 жилийн үзүүлэлт нь БНХАУ-ын хувьд 1990 оноос хойших эдийн засгийн өсөлт хамгийн бага хэмжээгээр өссөн үзүүлэлтэд тооцогдож буй жилүүд болж байна.

Өнгөрсөн 2010 онд тус улсын эдийн засгийн өсөлт  10.4 хувьтай байсан нь сүүлийн жилүүдийн хувьд хамгийн өндөрт тооцогддог юм. 2010 оноос хойших долоон жилийн хугацаанд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт ямагт буурсан үзүүлэлтийг харуулж байсан бол өнгөрөгч 2017 онд өссөн үзүүлэлт гарлаа гэж Ли Көцян мэдэгджээ.

БНХАУ 2017 оны эдийн засгийн өсөлтийн талаарх албан ёсны мэдээллийг ирэх мягмар гарагт олон нийтэд мэдээлэх юм байна. Камбожийн нийслэлд болж байгаа Меконгийн хамтын ажиллагааны форумын 2 дахь уулзалтын тухайд Мьянмар, Лаос, Тайланд, Камбож, Вьетнам болон БНХАУ-ын эрх баригчид оролцож байна.

Бээжин анх 2016 онд эхний уулзалтыг санаачлан зохион байгуулж, Мекон мөрний сав газарт аж төрж байгаа олон сая хүний амьдралын чанарыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой энэ хамтын ажиллагааг эхлүүлжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.