МАХН ХХК эсвэл ...

398
	 МАХН ХХК эсвэл ...Үүнийг бичигч миний бие бээр 2011 оны 1 сарын 27-ны өдөр МАХН-ын анхдугаар онц их хуралд сууж байхдаа зүүний үзэл баримтлалтай улс төрийн томоохон хүчин болно гэсэн итгэл үнэмшилтэй байсан билээ. Гэтэл уг нам маань 2012 оноос эхлэн нэг хүнийг тахин шүтэх, бурхан чилж жирийн ард түмэнд хаан мэтээр ойлгуулах гэж хичээсээр өнөөг хүрсэн билээ. МАХН нь Н.Энхбаярыг тойрон хүрээлсэн арав гаран хүмүүсийн ашиг сонирхол, эрх ашгийг хангах хэрэгсэл болсон юм. Түүнчлэн Н.Энхбаяртай улс төрийн болон зарчмын зүрүүтэй санал гаргасан хэн ч бай ил далд дарамтанд орж элдэв нэр хоч өгөн намаас гадуурхдаг болсон юм. Үүний тод жишээ нь МАХН-ын анхны дэд дарга УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр, С.Молор-Эрдэнэ, У.Барсболд, Д.Батмөн, УИХ-ын гишүүн МАХН-ын дэд дарга асан Д.Тэрбишдагва , УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн МАХН-ын нарийн бичгийн дарга асан Л.Цог, академич С.Нарангэрэл, хөдөлмөрийн баатар Ч.Хурц гээд дурдаад байвал олны танил улс төрийн тодорхой мэдлэг туршлагатай олон арван хүмүүс МАХН-аас холдон явсан байдаг. Нэг хоёр хүний асуудал биш нилээд олон хүмүүсийн санаа бодол хүсэл зоригийг мохоож байна гэдэг нь Н.Энхбаярт асуудал байна гэсэн үг юм. Дээр нэр дурдсан хүмүүсийн дийлэнх нь МАХН-ын ирээдүйн улс төрийн төлөө тодорхой санхүүжилт гаргаж байсан агаад дан ганц Н.Энхбаярын шийдвэр бус хамтын шийдвэрээр явна гэсэн итгэл үнэмшил хүсэл зорилготой байсан нь түүний тойрон хүрээлэгчдэд таалагдаагүй юм. Түүнчлэн  Н.Энхбаяр 2000 онд засгийн газар толгойлж байхдаа төрийн албыг мөнгөөр наймаалцдаг болсон туршлагаар 2012-2016 онд МАХН-аас засгийн газар томилогдсон гишүүддээ ч ишлэл үзүүлсэн байдаг. Түүний тод жишээ нь эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба сайдын суудлынхаа төлбөрийг өгөх гэж авилга авч байгаад үйлдэлдээрээ баригдсан байдаг. Мөн Н.Энхбаярт урьд нь 250 сая төгрөг өгснөө ч өөрөө нотолдог юм. Зам тээвэр хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, шадар сайд асан Ц.Оюунбаатар нар ч авилгын хэргээр шалгагдаж байна. Н.Энхбаяр өөрт таалагдахгүй бага чуулганыхаа гишүүдийг ямарваа нэгэн үндэслэлгүйгээр сольж өөрийн худ ураг болон тойрон хүрээлэгчдийнхаа ойр дотны хүмүүсээр бага чуулганаа дүүргэсэн нь жирийн гишүүдийнхээ дургүйцалтай тулгардаг ч нугчин дарсаар ирсэн юм. Монголын улс төрийн намуудын түүхэнд байгаагүй нэгэн сонин үйл явдал  2017онд МАХН-д болсон юм. Энэ нь 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонгох бага чуулганы хуралд ХҮН намын дарга С. Ганбаатар уг хурал болохоос 30минутын өмнө МАХН-д элсэж бага чуулган дээр дэмжигдэн гарч ирсэн нь сонин үйл явдал байлаа. Парламентэд суудалтай улс төрийн хүчин ерөнхийлөгчид нэр дэвших хүчтэй нэр дэвшигчгүй байна гэдэг Н.Энхбаярын айдастай холбоотой юу? эсвэл багийнхандаа итгэдэггүй юу? гэсэн асуулт урган гарч ирж байна. МАХН үнэхээр улс төрийн хүчин байсан бол 30 минутын өмнө намдаа өөр намын даргыг элсүүлээд Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй байсан. Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаяр Сүхбаатар дүүргийн намын дарга,  дэд дарга С.Ганбаатар нь Дархан-Уул аймгийнх, дад дарга Ц.Оюунбаатар нь Хан-Уул дүүрэг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян Орхон аймгийнхаа намын даргыг тус тус хавсран гүйцэтгэж байгаа ба бусад аймаг дүүргийнхээ намын дарга нарыг тохоон томилсон байх юм. Уг бусармаг,  дүрмийн бус үйлдлүүдийг нь эсэргүүцэн намын бага чуулганы шударга гишүүд их хурлаа хуралдуулж алдаагаа засах шаардлагыг Н.Энхбаярт хүргүүлсэн авч шаардлагыг хүргэж очсон бага хурлын гишүүдээ зодож гутаан доромжилж хөөн явуулсан байдаг. Бага чуулганы шударга гишүүд МАХН-ыг Н.Энхбаярын хувийн эзэмшлийн ХХК болгохгүйн тулд намынхаа жирийн гишүүдээ уриалан УИХ-д МАХН-аас  суугаа  ганц гишүүн О. Баасанхүүг татан оролцуулж 2017 оны 12 сарын 9-10 –нд дүрмийн дагуу намынхаа 2-р их хурлаа хийсэн байдаг. Дээрх хурлыг хийлгэхгүй гэсэндээ Н.Энхбаяр тойрон хүрээлэгчдээ турхиран намынхаа хуралд орох гэсэн жирийн гишүүдээ зодож нүдүүлэн би Монгол улсын гуравдагч ерөнхийлөгч байна хэмээн дарамтлан айлган сүрдүүлсэн байдаг. МАХН Н.Энхбаярын ХХК байх уу? эсвэл улс төрийн гуравдах бодит хүчин байх уу? гэсэн асуултын хариулт удахгүй дээд шүүхийн танхимд хариу нь гарах болно. 

Санал болгох