|
Видео

Шинэ мэдээ

15-02-2018, 07:55

Утаанаас дүрвэх бус тэмцэх хэрэгтэй, хотын дарга аа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд сэтгүүлчидтэй хийсэн зангиагүй уулзалтын үеэрээ утаанаас залхаж байгаагаа онцлоод нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд сайжруулсан зуух, утаагүй түлшийг тараахаас өөр аргагүй” гэжээ.

 

Утаанаас дүрвэх бус тэмцэх хэрэгтэй, хотын дарга аа

 

Энэ цаг улирлын тухайд нийслэлийн Засаг дарга утаанаас залхах бус агаарын бохирдолтой хамгийн өндөр байгаа нийслэлийн зургаан дүүрэгт өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, өглөө бүр агаарын бохирдлоос сэргийлэх талаар  наанадаж максаа зүүж гарахыг зөвлөж, утааны голомтыг очиж,  хийгдэж байгаа арга хэмжээ ямар үр дүнтэй байгаа үзэж танилцан, УИХ, Засгийн газар, яамдаас өгсөн чиглэл зөвлөмжийг ягштал хэрэгжүүлэхийг  холбогдох газар, хэлтсийн дарга нартаа өглөө бүр үүрэгдэж, биелэлтийг биеэр хянаж байх учиртай.

 

Утаанаас бол өдөр бүр нэг хүүхэд амиа алдаж байна гэсэн албан бус мэдээлэл байдаг.  Улсын нийслэлийн хүн амын гуравны нэг нь оршин суудаг, өдөртөө нийслэлд орж ирдэг хөдөлгөөнтэй нийлээд 1.5 сая буюу бараг тал хувь нь суурьшдаг Улаанбаатар хотод өнөөдөр хамгийн тулгамдсан гамшиг нь агаарын бохирдол болоод байгаа.

 

Улс нийтээрээ утаатай тэмцэж байхад их хотын удирдагч,нийслэлийн гүйцэтгэх  засаглалын тэргүүн залхаж байгаагаа дуулгаж  Улаанбаатарчуудын урмын хугаллаа. Ер нь бол агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ, хөтөлбөр эхлээ ч үгүй байгаа.

 

Өнөөдөр УИХ дээр "Улсын Их Хурал болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж,  санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх" үүрэг бүхий Ё.Баатарбилэг гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг гарч, нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсүүдэд ажиллан, судалгаа хийж байгаа.  Шинэ он гарсаар УИХ агаарын бохирлыг бууруулах тухай хууль, тогтоолыг ар араас нь баталлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бэлэн баригдсан 30 мянган орон сууцыг банкны урьдчилгаа төлбөр шаардахгүйгээр ажилтай иргэдээ оруулах саналыг дэвшүүлж байгаа бол нийслэлийг 10 орчим жил удирдсан, хотын унаган иргэн, УИХ-ын дарга М.Энхболд "гэр хорооллыг оронсууцжуулж байж агаарын бохирдлыг нь хамгийн үр дүнтэй шийдэл”  хэмээн тодорхойлдог.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх  зуух тараана гэж яриад байгаа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатдаа анхааруулга өгсөн байна лээ. Тиймээс өнөөдөр  гэр хорооллынхонд зуух тараах бодлогын цаана хэний бизнес яваад байна вэ гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс эхлээд нийслэлийн иргэд ч хардаж байгаа. Хардах үндэслэлийг аль 10 гаруй жилийн өмнөөс тавьсан. Сайжруулсан зуух, утаагүй түлш тараагаар Улаанбаатар агаарын бохирдлоосоо гарчихдаг байсан бол тэртээ 10 гаруй жилийн өмнөөс агаар цэвэрших байлаа. Гэвч утааны бизнес л цэцэглэсэн.

 

Ер нь агаарын бохирдол гэлтгүй нийслэлийн Засаг дарга болоод хугацаанд юу хийж хэрэгжүүлсэн ? Нийслэлчүүдийн нүдэнд тусч, эрэлт хэрэгцээнд нийцүүлсэн ямар ажил хэрэгжүүлэв. Драмын театрын өмнө тавьсан УЛААНБААТАР лого, Сөүлийн гудамжны зам дагуух гэрлэн чимэглэл, гэр бүлийн хөшөөг дурдах илүүц биз. Хувийн хэвшлийнхэн ч санаачлагаараа хийж хэрэгжүүлчих ажил. Нийслэлчүүд хотын даргаасаа их бүтээн байгуулалт, түүнийг дагасан хөгжил дэвшлийг хүлээж байгаа. Ингэхдээ өмнөх Засаг дарга Э.Бат-Үүлийн хийж, хэрэгжүүлсэн их бүтээн байгуулалтын ажилтай харьцуулдаг гэм зантай.

 

Э.Бат-Үүлийн багт алдаа ч байсан, оноо ч бий. Өнөөдрийн нийслэлийн "Гудамж” төслийн хүрээнд хийгдсэн  замын уулзвар, шинээр тавигдсан автозам, гэр хорооллын дахин төлөвлөлт, нийслэлийн нэг цэгийн үйлчилгээ гээд өөрийнх нь хэлснээр  "Бүтээн байгуулалтын бослого” өрнөсөн он жилүүд байлаа.

 

Харин өнөөдрийн хотын дарга С.Батболд Улсын баатар шиг  шинийг санаачилдаггүй юм гэхэд бүтээн байгуулалтын ажлыг нь үргэлжлүүлэн хийж,  нийслэлийг Улаанбаатарыг утаанаас салгачихад л   сайн нэр өөрт чинь ирнэ.

 

Утаанаас залхаж, албан хаагчдаа авч Яармаг руу дүрвэх бус гэр хороолол руу чиглэсэн утааг бууруулах дэд бүтцийн ажлаа эхлээд хэрэгжүүлчих, хотын дарга аа. 

Б.Ган

Эх сурвалж: Shuud.mn

http://www.shuud.mn/content/read/493132.htm

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.