Ройтерс: Эрдэнэтийн асуудал хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна

178
Ройтерс: Эрдэнэтийн асуудал хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байнаМонгол Улсын Засгийн газар "Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг төрд авах шийдвэр дахин гаргасныг "Монголын Зэс” корпораци эсэргүүцэж байгаагаа албан ёсоор илэрхийлээд байна. Монгол Улсын Дээд шүүх арванхоёрдугаар сард тус үйлдвэрийг нийгэмчлэхийг хориглосон шийдвэр гаргасан ч энэ сарын эхээр Засгийн газар тус үйлдвэрийн 49 хувийг хэлцэл хийж авах замаар "Эрдэнэт үйлдвэр” компанийг 100 хувь төрийн өмчит компани болгоно гэж зарласан. Гэсэн хэдий ч талуудын хооронд худалдах, худалдан авах хэлцэл хийгээгүй болохыг "Монголын зэс” корпорациас мэдээлсэн байна. Энэ үеэрээ Засгийн газрын энэ шийдвэрийг хуулийн хүрээнд түдгэлзүүлнэ гэдгээ мэдэгджээ. Тус компанийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар олон улсад "Монголын зэс” корпорацийг төлөөлж буй "Омниа Стратеги” хуулийн фирмтэй уулзахаар Лондонд ирэх үеэр нь "Ройтерс” агентлагийн сурвалжлагч түүнтэй уулзсан юм. Тэрээр "Бид өөрсдийн хууль ёсны өмчлөлөө дотооддоо ч олон улсад ч хамгаалах болно” гээд "Монгол Улс Олон улсын валютын сангийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд гадны хөрөнгө оруулагчдыг татах шаардлагатай. Гэхдээ Засгийн газрын хийж буй энэ үйлдэл нь хөрөнгө оруулагчдад сөрөг дохиог өгөөд зогсохгүй дахин давтагдвал Монголыг сонирхох хөрөнгө оруулагч олдохоо болино” гэлээ. Дэлхийн уул уурхайн томоохон компани "Рио Тинто” групп Монголын Оюутолгой зэсийн ордод үйл ажиллагаа явуулж байгаа. Оюутолгой компанийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар, 66 хувийг "Туркойз Хилл Ресурс” компани эзэмшдэг бол тус компанийн 51 хувийг "Рио Тинто” групп эзэмшдэг юм. "Монголын Зэс” корпораци 2016 онд Засгийн газрын зөвшөөрлөөр ОХУ-аас "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан ч парламентын зарим гишүүд уг худалдан авалтыг эсэргүүцэж, тус уурхайг нийгэмчлэх шийдвэр гаргасан байна. "Монголын Зэс” корпораци уг худалдан авалт нь хууль ёсны дагуу хийгдсэн бөгөөд Засгийн газар Дээд шүүхийн шийдвэрийг үгүйсгэж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна хэмээн мэдэгдсэн. Төрийн өмчит "Эрдэнэт үйлдвэр”-т хувийн компанийн менежмент орсноор ашигт ажиллагаа сайжирч, төсөвт төвлөрүүлэх орлого нэмэгдэнэ гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Өнгөрсөн оны эхний хагас жилд "Эрдэнэт үйлдвэр” компани төсөвт өмнөх жилтэй харьцуулахад дөрөв дахин их хэмжээний татварыг төвлөрүүлжээ.
 
 
Д.Чимэг
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.