ДЦС-4 ТӨХК бусдад “булаалгасан” газраа буцааж авлаа

71

ДЦС-4 ТӨХК бусдад “булаалгасан” газраа буцааж авлаа

 

Дулааны Цахилгаан станц-4 ТӨХК бусдад алдсан газраа Ерөнхий сайдын дэмжлэгээр буцаан авч байна.  Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны 11 дүгээр сард ДЦС-4 –т ажиллах үедээ станцын эзэмшил газраас хувь хүн, аж ахуй нэгжүүд хууль бусаар эзэмшиж байгааг зөвшөөрлүүдийг нь яаралтай цуцалж улсын өмчид хэвээр үлдээхийг холбогдох хүмүүст үүрэг болгосон. Иймд ДЦС-4 ТӨХК хуулийн дагуу газраа буцаан авч,  нэг аж ахуй нэгж өөрийн хөрөнгөөр тухайн газар дээр барьсан 2 давхар объектоо төрд бэлэглэх хүсэлт гаргажээ 


Дулааны  цахилгаан станц 4 нь төрийн өмчит хувьцаат компани билээ.  Энэхүү компанийн эзэмшлийн газар нь улсын онцгой объект төдийгүй байнгын харуул хамгаалалтанд байдаг байгууллага юм. Гэтэл 2008 оноос хойш эрх бүхий албан тушаалтнууд шийдвэр гаргаж Дулааны цахилгаан станц -4 компаний эзэмшлийн газар болох  хашаан дотор нь  хэд хэдэн аж ахуй нэгж байгууллагад тус бүрт нь хэсэгчлэн  газар олгож хувьчилсан байна. Энэ асуудлаар ДЦС-4 компани хуулийн байгууллагад хандаж зарим нь шийдвэрлэгдсэн ч ихэнхи нь хэвээр үлджээ. Тэгвэл өнгөрсөн оны 11 дүгээр сард Ерөнхий сайд Хүрэлсүхийг ДЦС-4-т ажиллах үеэр станцын гүйцэтгэх захирал С.Анхбаяр хашаан дотор нь газар авсан гэх аж ахуй нэгжүүд барилга барьж, хашаа татсанаас  станцын үйл ажиллагаанд саад учруулж, аюулгүй байдалд заналхийлэх болсныг дуулгасан юм. Харин ерөнхий сайд улсын онцгой объектод ийм зүйл байж болохгүй, газрын зөвшөөрлүүдийг цуцла гэсэн үүргийг салбарын сайдад өгсөн юм.

Ерөнхий сайдын энэ даалгавар биелэлээ олж  ДЦС -4 компани "Квадрат берг” компанид алдаад байсан 4591мкв газар болон  энэхүү газар дээрх 621,5 мкв талбай бүхий төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгөө буцаан авахаар болж байна. Тэгвэл "Оюуны холбоо” компани ДЦС-4 ТӨХК-ийн  хашаан дотор 8х12 метрийн харьцаатай 96 мкв хоёр давхар 80 гаруй сая төгрөгийн өртөг бүхий  барилгыг мөн л дээрхи газарт барьж байгуулсан байснаа төрийн өмчид  бэлэглэхээр хүсэлт гаргасны дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас бүртгэж улсын өмчид хүлээж авааад байна.

"Оюуны холбоо” компани төрийн өмчид үл хөдлөх хөрөнгө бэлэглэх тухай хүсэлтээ Монгол Улсын ерөнхий сайдад албан бичгээр ирүүлэхдээ "Авлигад автсан орчныг хөндөж авлигатай тэмцэж байгаа таны ажлыг дэмжиж талархан хүлээж авснаа энэ захидлаараа илэрхийлье. Таны өгсөн үүргийг гүйцэтгэхэд иргэдийн оролцоо идэвхи санаачлага чухал гэж үзэж байна. Газрын маргаанаас үүдэн шүүхэд хандсан байсан. Шүүхийн шийдвэр гарч бидний барьсан 2 давхар барилгыг нураах шийдвэр гүйцэтгэл хийх болсон тул  хөдөлмөр,  хөрөнгө мөнгө орсон үл хөдлөх хөрөнгөө энэ хэвээр нь төрд бэлэглэх хүсэлтэй байна. Дулаан, цахилгаан, цэвэр бохир усны шугамд холбогдсон 4 автомашины зогсоолтой энэхүү барилгыг Иргэний хуулийн 276.1-ийг үндэслэн бэлэг болгон  хүлээн авах зөвшөөрөл олгоно уу” хэмээсэн байна. Тэдний энэхүү хүсэлтийг биелүүлж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хуулийн дагуу төрийн өмчид бүртгэж аваад  байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.