АН, МАХН нэгдэж эрх баригчдад сануулга өгөв

497

АН, МАХН нэгдэж эрх баригчдад сануулга өгөв

 

Төв талбай амь орж, 2018 оны улс төрийн анхны жагсаал өчигдөр боллоо. АН-ынхан эрх баригчдын эсрэг дуу хоолойгоо хүргэж, МАХН-ынхан хүч нэмэв. Энэ жагсаал зөвхөн Улаанбаатарт төдийгүй, улс орон даяар  өрнөсөн юм.  Жагсаалын эхэнд ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн шаардлагын хариуг нэхэж, Төрийн ордныг нар зөв тойрлоо. Тэд ард түмний нуруун дээр ирсэн татвар, өр зээл, агаарын бохирдлын асуудлыг хөндөж, 60 тэрбумын болон авлигын хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг шаардаж байв. Мөн Төрийн ордонд УИХ-ын чуулганы хуралдаантай байсан ч АН-ын бүлгийнхэн хурлаа  орхин, ширээн дээрээ эсэргүүцлийн  бичиг нааж, жагсаалд нэгдсэн юм.

Тэд ОУВС-гаар халхавч хийн тооцоо судалгаагүй есөн төрлийн татвар нэмсэн бодлогогүй шийдвэрээ цуцлахыг, Агаарын бохирдлын асуудлаар нэн яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг, МАН хэт олонхдоо эрдэн өөрсдийн эрх ашгийг хамгаалж батал­гаа­жуулахаар улайран төрийн эрх мэд­лийн тэнцвэрт байдал, Үндсэн хуулийн суурь бүтэц, үзэл баримтлалыг эвдсэн төсөл хэлэлцүүлж байгаа үйлдлүүдээ зог­соохыг шаардаж жагссан юм. Жагсаалд оролцсон хүмүүсийн байр суурийг хүргэж байна.

АН-ын дарга С.Эрдэнэ:

– Бид Монгол төрөө ард түмнийхээ эрх ашиг, үнэт зүйлийн төлөө ажил­ладаг болгохын тулд тэмцэх цаг болсон. Тийм учраас монголчууд бидний хүлцэнгүй ном­хон, тэвчээртэй байдлыг ашиглаж, эрх баригчид даварсаар байна гэдгийг юуны түрүүнд хэлмээр байна. Үнэхээр өнөөдөр өнгөрсөн жилийн улс орон, эдийн засгийн хү­рээнд өрнөсөн үйл явд­луу­дыг харлуулах замаар Ардчилсан нам, Ард­чил­сан хүчнийг гутаах үйлдэл тасрахгүй байна. Ингэж эрх баригч нам эрх мэдлээ улам баталгаажуулахын төлөө улайрч байна. Ардчилсан хувьсгал хөгж­сөн 28 жилийн дий­лэнх хугацаанд өнөө­гийн МАН-ынхан эрх барьсан. Тэд идэж, ууж, эрх дархаа бэхжүүлж, Монгол Улсын баялгийг гадныханд хямд үнээр зарж, борлуулсаар ирлээ. Өөрсдөө харин хагартлаа баяжсан. Одоо болно. Бид тэвчиж ханалаа. Монголчууд өөр өөрс­дөдөө, эх орондоо эзэн болох цаг ирсэн. Бид үүний төлөө ард түмэнтэйгээ жагсаж байна.

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар:

-Улс орны эдийн зас­гийн хямрал, олигар­хиудын даварсан, задар­сан, мафижсан байдлыг эсэргүүцэж байна. 2016 онд байгуулагдсан УИХ-ыг тарах ёстой гэдэг уриалгыг МАХН-аас гар­гасан. Энэ парла­мент нэр хүндгүй бай­на. Хүчир­хийлэгч, ёс суртахуунгүй, оффшорчид цугласан парламент болсон байна. Ард иргэдийн дийлэнх нь УИХ-ыг тарах ёстой гэж үзэж байгаа учраас парламент тарах ёстой. Ардчилсан намынхан өөрсдөө үлгэрлэл үзүүлээд гишүүдээ татах байх гэж бодож байна. Манай нам ард түмний эрх ашгийн төлөө АН-ын жагсаалыг дэмжиж оролцож байна. Ард түмний эрх ашгийг эрх баригчид уландаа гишгэж байна.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Сонгуулийг хоосон амлалтаар хуурч хийсэн нь хүн бүрийн өмнө ил байгаа. Ард түмэн зөвхөн үнэнг шаардаж байна. Энэ шаардлагыг Ардчилсан нам хамтдаа илэрхийлэхээс өөр арга алга. 60 тэрбумын үр дүнд та бүхэн 65 суудал авсан. Үүний цаана ард түмнийг өдөр бүр хоосон амлалтаараа хуурч, өдөр бүр хийж байгаа алхам бүр нь ард түмнээр тоглож, наадсан нөхцөл байдлыг бид хүлээн зөвшөөрч чадахгүй. Ард түмний амьдралыг дордуулах, бизнес эрхлэгчдийг туйлдуулах, ард түмний халаасанд гараа шургуулах, бүх алхмыг хийчихээд, хагас алхам ухарч буйгаа одоо татвар буурууллаа, мөн цалин тэтгэврийг бага зэрэг нэмлээ, тэтгэврийн насыг буурууллаа гээд улайм цайм худал ярьж байна. Энэ бүх зүйл нийгмийг асар их бухимдал руу түлхэж байна. Үүнийхээ хариуг хүртэх ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Монголын шударга эх орончид эх орныхоо өнцөг булан бүрт үр хүүхдийнхээ ирээдvйн сайн сайхны төлөө эрх баригчдаас амлалтыг нь нэхэж, ээлжит тэмцлээ эхлүүллээ. Манай ард түмэн төрөөс, төрийн хүнээс төрт ёсны багана, шударга ёсны тулгуур байхыг шаарддаг билээ. Ярьснаа үгүйсгэдэг, амласнаа мартдаг хүнийг төрд бүү хэл, төрлийн нэрд ч цөвтэй гэж монголчууд үздэг. Хэдхэн сарын өмнө эрх баригчид татвар нэмэхгүй, өр нэмэхгүй, ажлын байр олноор бий болгоно, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний алба давхар хашихыг зогсооно гэж худал амлаж, хууран мэхлэх замаар сонгуульд ялалт байгуулсан. Харамсалтай нь тэд сонгуулийн өмнө бурхан шиг амлачихаад, сонгуулийн дараа чөтгөр шиг авирлаж байна. Энэ жагсаал бол эрх баригчдаас амлалт нэхэх жагсаал юм. Эрх баригч намын мөрийн хөтөлбөрөөс өнөөдрийг хvртэл бодитой хэрэгжсэн нэг ч зүйл заалт алга.

Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Болор-Эрдэнэ:

-Бид залуу үеийн төлөөлөл учир маш том хариуцлагыг нуруун дээрээ үүрдэг. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдал ирээдүйдээ бүрэн дүүрэн итгэх итгэл өгөхгүй байна. Тиймээс төрд ажиллаж байгаа хүмүүст хандаж залуу үеэ анхаардаг байгаасай, хариуцлагатай ажиллаж ард иргэдийнхээ ахуй амьдралыг мэддэг байгаасай хэмээн тэр хариуцлагыг нь сануулж жагсч байна. Хамгийн гол нь бодит байдлаас судалгаа хийх хэрэгтэй.

Ардчилсан залуучуудын холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Б.Энхмөнх:

-Төрийн дарамт дийлдэхээ байж түмэн олон тань туйлдаж ядарлаа. Би энэ жагсаалд 40 гаруй кг ачаа үүрээд оролцож байна. Энэ юу ч биш ард түмэн үүнээс хүнд ачаа үүрч яваа. Тиймээс би ард иргэдээ эрх баригчдаас асуулт асууж чаддаг байгаасай хэмээн уриалж байна гэв.

Ийнхүү 2018 оны  анхны улс төрийн жагсаал дөрвөн цаг орчим үргэлжилж өндөрлөв. АН-ын зохион байгуулагчдын өгсөн мэдээллээр улаанбаатарт 30 мянган хүн жагсаалд нэгдсэн бол  орон даяар 60 мянган хүн эрх баригчдын эсрэг дуу хоолойгоо нэгтгэсэн гэв. Жагсаалд оролцогчид өнөөдөр ганц цуглаад тарчих биш. Цаашид ч тэмцлээ үргэлжлүүлнэ.Улс орны чухал шийдвэр эрх баригч намын Удирдах зөвлөл дээр хэлэлцэгдэж, цөөн хэдэн хүний эрх ашигт нийцүүлэн гардаг байдлыг таслан зогсоохын төлөө эвлэлдэн нэгдэнэ гэдгээ онцолж байлаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин 

Т.БАТСАЙХАН


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>