Хариуцлага хаана байна вэ

662

 Хариуцлага хаана байна вэ

Манай улс 25.2 тэрбум америк долларын гадаад өртэй. Өрийн хэмжээг нийт хүн амд хуваан тооцвол Монгол Улсын иргэн бүрт 19 сая төгрөгийн өр ногдож байна. Гадаад өрийн хэмжээ цаашдаа ч өснө. Саяхан У.Хүрэлсүхийн Засгийн газар БНСУ-аас 500 сая ам.долларын зээл авахаар болсон. Үүнээс гадна Азийн хөгжлийн банкнаас 468 сая ам.долларын зээл авах тухай асуудал УИХ-ын түвшинд яригдаж буй.

"Чингис” бондыг анх авахдаа юунд зарцуулахаа тооцоогүй. Улмаар хоёр жил орчим хүүгийн алдагдал хүлээж, эцэст нь төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжилт хэлбэрээр тараасан гэж зарим эдийн засагчид харддаг.

Улс орныг хурдацтай хөгжүүлэхийн тулд ашигтай төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор гаднаас зээл авдаг. Монгол орныг аж үйлдвэржсэн, дэд бүтэц хөгжсөн улс болгоно хэмээн Чингис, Самурай бондыг Ардчилсан нам эрх барих хугацаандаа олон улсын зах зээл дээр гаргаж байсан. Гэвч бодит байдал дээр Чингис бондын 500 сая америк долларын өрийг төлөхийн тулд "Гэрэгэ” нэртэй 800 сая ам.долларын бонд гаргаж өрийг өрөөр дарсан билээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "Чингис бондын өрийг бидний үр хүүхдүүд төлчихнө" гэж УИХ-ын чуулганы танхимд хэлж байсан удаатай. Өнөөдөр Монголчууд бидний төлөх ёстой бондын төрөл нэмэгдэж Чингис+Самурай+Гэрэгэ гэсэн нэрсийн жагсаалт бий болжээ.

"Чингис” бондыг анх авахдаа юунд зарцуулахаа тооцоогүй. Улмаар хоёр жил орчим хүүгийн алдагдал хүлээж, эцэст нь төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжилт хэлбэрээр тараасан гэж зарим эдийн засагчид харддаг.

Сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүд Чингис, Самурай бондыг үр ашиггүй зарцуулсан. Бондын мөнгийг танил тал, фракц бүлэглэлээрээ хувааж завшсан улс төрч, шийдвэр гаргагч нарт хариуцлага тооцох ёстой гэж ярих болсон. Гэхдээ энэ яриа сонин зүйл биш юм. 2016 оны сонгуулийн өмнөөс л төрд хохирол учруулсан, бондын мөнгийг завшсан хүмүүст хариуцлага тооцно, шударга ёсыг тогтооно гэсэн амлалт чихэнд хоногших болсон. Гэхдээ өнөөдрийг хүртэл ил болсон зүйл алга.

"Чингис бонд өр биш өглөг юм” хэмээн цэцэрхэж явсан Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, Улс Их Хурлын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарыг хууль хяналтын байгууллагаас шалгаж буй тухай мэдээлэл гарч хэсэгтээ шуугиад удалгүй намжсан. Гэм буруугүй бол тэдний нэр төрийг сэргээгээд, гэмтэн мөн бол ял зэмийг нь  үүрүүлээд төрд учирсан хохирлыг барагдуулах хугацаа аль хэдийнэ өнгөрлөө. Дахин асууя, хариуцлага хаана байна вэ?

100 хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Хуульгүй мэт авирлаж буй этгээдүүдэд хууль байгаа, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлнэ. Би амь насаа алдахаас айхгүй байна. Ганцхан ард түмний итгэлийг алдахаас айж байна” гэж хэлээд гүйцэтгэх засаглалын тэргүүн болж байв.

Төрд хариуцлага, ёс зүй авчирна гэж ам гарсан Ерөнхий сайдаас одоо амлалт нэхье. Монголын төрд хохирол учруулсан, бондын мөнгийг үр ашиггүй зарцуулсан, улс төрчдөд хариуцлага тооцохыг түүнээс шаардъя. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй. Хулгай хийсэн бол хэн байхаас үл хамаарч ял зэмээ үүрэх ёстой. Эд хөрөнгөтэй, эрх мэдэлтэй эсэх нь энд үл хамаарах учиртай. Ингэж байж цаашид шударга ёс тогтох болно.

Хоёр жилийн өмнө Хөгжлийн банканд санхүүгийн шалгалт хийхэд 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрч байсан. Тухайлбал 300 сая төгрөгийн өртгөөр барихаар төлөвлөсөн замыг 1.3 тэрбум төгрөгөөр барьсан. 440 сая төгрөгийн өртөгтэй хийгдэх ажлын санхүүжилтийг өөрчилж 1.8 тэрбум төгрөг болгож нэмсэн тухай мэдээлэл илж болж байсан.

Төсөвт өртөг нь нэмэгдсэн төслүүдийн цаана Ардчилсан намын гишүүдийн компани байсан тухай Улс Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр ярьж байсан удаатай.

Харамсалтай нь өнөөдрийг хүртэл 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил яагаад бий болов. Хэний буруутай шийдвэр ийм үр дагавар авчирсан бэ гэдэг асуултууд хариултгүй хэвээр байна. Хариуцлага хаана байна вэ?

Г.Дугар     

Zaluu.com


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>