Ц.Нямдорж: “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудлыг улстөржүүлж, 49 хувийн хулгайг булах гэж байна

104

Ц.Нямдорж: “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудлыг улстөржүүлж, 49 хувийн хулгайг булах гэж байнаЛондон хотын олон улсын Арбитрт хянагдаж байгаа маргааны талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тодрууллаа.

-Хууль зүй, дотоод хэргийн яам Лондоны олон улсын Арбитрт хя­нагдаж байгаа мар­гаанд "Эрдэнэт үйлдвэр”-ийг төлөөлж орсон гэх мэ­дээлэл яригдах бол­лоо. Үнэхээр орсон юм уу?
-Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газар хуралдаанд оролцоогүй. Энэ маргаанд "Эрдэнэт үйлдвэр” нөгөө талаас "Стандарт” банк оролцсон. 
-ХЗДХ-ийн яамнаас аж­лын хэсэг гаргачихсан бай­гаа гэсэн. Ямар үйл ажил­лагаа явуулж байгаа вэ?
-Ажлын хэсэг "Эрдэнэт үйлдвэр”-т юу болсныг судалж байгаа. Түүнээс маргаанд оролцох ажлын хэсэг биш. Юу болсныг нь Засгийн газарт танилцуулах л үүрэгтэй ажлын хэсэг байгуулагдсан. 
-Тухайн үеийн Засгийн газрынхантай хариуцлага тооцох уу?
-Аль 2013 онд анх үүссэн маргаан юм билээ. Тэр үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, АН Засгийн газар барьж, "Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар Ц.Даваацэрэн томилогдсон. Маргаанд тэд нар өөрсдөө орсон. Ноднин хүртэл шүүхийн маргаан нь яваад одоо ч яригдаж байгаа асуудал шүү дээ. Энд улстөржүүлээд байх шаардлага байхгүй. Тухайн үедээ шалгаж, шоронд хийх хүмүүсээ хийгээд Ш.Батхүү гэдэг хүн суусан шүү. Баахан бензин колонктой байснаа түүнийгээ хураал­гасан. Банктай байснаа хураалгасан. Сүүлд нь тэр хөрөнгийг нь хаашаа гувчуулсныг бүгдээрээ мэдэж л байгаа. Тэр үед сайд байсан Х.Тэмүүжин, Д.Дорлигжав, Засгийн газар нь анхаарах ёстой бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь гээд хоёр тийшээ саваад байж болно. Одоо бол асуудлын цаана яаж хохирол багатай гарах вэ гэдэг байна. Эцсийн дүндээ мөнгийг нь төлөх ёстой, авсан хүн нь Ш.Батхүү гэдэг хүн шүү. Тэр хүний хөрөнгийг нарийвчлах, хууль хяналтынхан хэргийн учрыг олох асуудал байгаа. Гэхдээ нэг л юм мэдрэгдээд байгаа юм. Үүнийг улстөр­жүүлж 49 хувийн хулгайг булах зохион байгуулалт явагдаад байгаа. 
-Та энэ хэрэгтэй хол­богдох материалыг ил болгох уу?
-Энэ чинь нууцын асуудал. Би дэлгэдэггүй юм. "Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой төрийн өмчийн хорооны асуудал нууцаас гарсан тохиолдолд ил болгох асуудал яригдана. 
-Арбитраас Д.Сугар болон Ч.Ганзориг нарын гарын үсгийг мөн байна гэдэг шийдвэр гаргасан юм уу?
-Тэнд тийм шийдвэр гарсан эсэхийг хэн ч мэдэхгүй. Баахан гарын үсэгний асуудал яригддаг. Жинхэнэ биш, хуурамч л гэдэг. Үүнд хариулах ёстой газар нь Авилгатай тэмцэх газар, хянаж байгаа нь Прокурорын ерөнхий газар. Би болон манай яамны албан тушаалтнууд энэ хэрэг рүү орох ямар ч эрх байхгүй. Хуулийн хувьд хаалттай. Тэр Лондоны Арбитрийн мар­гаанаас ямар дүгнэлт гарсан нь Монголын Засгийн газарт байхгүй. "Эрдэнэт үйлд­вэр”-т л байгаа болов уу. 
-Засгийн газарт танил­цуулахгүй байгаа юм уу. Уг нь Засгийн газрын өмч биз дээ?
-"Эрдэнэт үйлдвэр”-ээс Засгийн газарт ийм шийд­вэр гарлаа гэдэг ерөнхий бичгийн танил­цуулга өгсөн.   

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.