|
Видео

Шинэ мэдээ

Улстөржилт-сэтгэл сэвтэхүйн хам шинж

Улстөржилт-сэтгэл сэвтэхүйн хам шинж

 

Амьдралын эх сурвалж болсон малын бэлчээр, ус, ургамал нь нийтийн өмч, хамтын хэрэглээний баялаг байснаас нүүдэлч монголчууд хамар багтахаараа идэж (малдаа өвс идүүлж), хаяа багтахаараа (гэр барихаар тэгш газар) айлсъя гэдэг эвсэг сэтгэлтэй, малын хариулга, ахуйн хүндхэн ажлаа хамтарч гүйцэлдүүлдэг найрсаг нөхөрсөг ард түмэн. "Эвлэвэл бүтдэг, ховловол гутдаг”, "Эвт шаазгай буга барина” гэх зүйр сургамжуудыг мөрдөн өсч хөгжиж ирсэн аав ээжийн үр сад юмсан бид. Ердөө сүүлийн хориод жилд бидний ааш авир танигдахгүй болтлоо хохилзож, ёхилзчихсоныг халаглаж харамсаад барамгүй. Сонин юу байна гэж мишээл гэрэлтүүлэн уулздаг байсан нөхөд, өчигдрийн сонин уншив уу. Үдшийн зурагт харав уу. Үгүй ээ, тэр намын тэрнийг ээ, хөөе, гээд л хэн нэгнийг харааж загнаад эхлэх болжээ. Улс төржилтийн дайсагнал өдөр тутмын уншлага болчихоод ард түмнийг галзуурлын төвшинд хүртэл нь донтуулж байна. -"Улс төр гэдэг чинь ямар мэргэжил юм бэ? Хэрэлдэж, маталцахын мэргэжил” гэсэн онигоо гарчээ. УИХ-аас, баг, хорооны ардын хурал хүртэл, наадмын бөхөөс эхлээд найз нөхдийн цайллага хүртэл, хэвлэл, зурагтын ярилцлага, хүний алдар гавьяаны магтаал, үхлийн эмгэнэлийн үг гээд юм бүхэнд заавал улстөржилт оролцох болсон байна. Яг л бурхан номын уншлагад ум мааний бадмий хум дагалддаг жаяг шиг болжээ, энэ улс төр гээч юм. Улс төр ярих бүрдээ уур уцаар, хараал зүхлээр амьсгална. Нэг л их хамаг байдгаа хулгайлуулж, дээрэмдүүлж хохирсон, улсаа хүртэл өрөнд өгч, авлигад алдаад сүйдэж, сөнөж байгаад бухимдсан эх оронч, шударга амьтан хөмсөг зангидан шүд зууж загнах юм. "Тэр чинь үнэн юмуу даа” гэхээр, "Сонин, зурагтаар тэгж байгаа. Тэд тэгдэг л байхгүй юү! (Тэнэг минь гэж харцаараа хэлнэ)” гэж мэдэмхийрэн омогдоно. Энэ их үзэн ядалт, занал зүхэл нь нам, бүлэглэл хоорондын хэрүүл, дайралцааны л хаялга байдаг. Жирийн хүн хичнээн уурлаж цамнаад төрд ч, өөрт ч өгөөж байхгүй. Тайван шиг ажиж байгаад л сонгууль болохоор дэмждэг талдаа санал өгнө биз дээ.

Ингэж улс төржиж бухимдсаар сэтгэхүй нь сэвтэж, "Монголд үнэн юм байхгүй” гэж хуйсагнан найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ч амьдралыг барзгар, уруугаар харах болсон хүн нэг биш ажиглагдах юм. Энэ бол улстөржилт-сэтгэл сэвтэхүйн синдром буюу хам шинж гэгч согог юм. Улс төрийн талцал гэгч хэрүүлээр төрийн өмч идэж ашигласныг дэлгэлээ гэсэн сүржин мэдэгдлүүдийн үнэн мөн нь нотлогдохгүй намжих нь олонтаа. Тэгэхээр хуулийнхныг авлигад автлаа гэж загнан доромжилно. Эдгээр хоосон хардлага нь олон түмнийг юунд, хэнд ч итгэхгүй болгон эвдэж байна. Албан тушаалтнуудын буруугаар төрийн өмч, хөрөнгө мөнгийг зохисгүй зарцуулах алдаа гардаг л биз. Тэгэхдээ төрийн сан хөмрөг нь тэр хүрээндээ л эргэлдэж байгаа шүү дээ. Харин завсраас нь хумсалж хувийнхаа касс, данс руу оруулсан, луйвраар ашиглаж завшсан юм байдаг бол шалгаж илрүүлдэг, шийтгэж цээрлүүлдэг машин механизм нь төрд ажилласаар байгаа шүү дээ. Бүх ард түмнийг ядууртал нь төрийн өмч хөрөнгө, мөнгөн санг хуу цөлмөчих аймшигт мангас хаана ч байхгүй. Намуудын төрийн эрхийн төлөөх хардлага сэрдлэгийн хараал хэрүүл, дайралцаан, гүтгэлцээнээс болж олон түмний итгэлийг сэвтүүлж, сэтгэлийг бузартуулж байгаа энэ муухай тангараг тасралтыг засаж залруулахсан. Том жижиг аливаа бизнес эрхлэгч, төр, хувийн аль ч салбарт ажиллагч сэхээтэн, эрдэмтэн, жирийн ажилчин, малчин, тариачин хэн ч атугай хөлс цалингаа авч, хувийн орлогоороо санхүүжиж амьдрал ахуйгаа болгоод л, хөгжиж дэгжсээр яваа.

Одоогийн төвшинд гэж л голж чамлахаас өлсөж зөгийсөн, өмсөх хувцас нь уранхай, ноорхой ядуус хот хөдөө хаана ч байхгүй. Нийтээрээ өнгөтэй сайхан л харагдах юм. Өндөр настан, өвчин эмгэгтэй нь төр засгийн халамж хангамжинд юугаар ч дутаагүй л явна. Жирийн бид хэнд, юугаа хулгайлуулж, дээрэмдүүлчихээд удирдах дээдсээ хуйвалдагчид, авилгачид, олигархууд гэж харааж зүхээд байгаа юм бэ? Сохор нохой дүйвээнээр гэгчид л Монголоор нэг болж, чёрт! Ноёдын хэрүүл ардад хүртээлгүй, нохойн хэрүүл морьдод халгаагүй гэдэгсэн. Улс төрөөр урж тасдалцдагууд нь тэндээ учраа олно л биз. Ээжээс төрсөн зүс нэгтэн, инээж ярилцах хэл нэгтэн удамт Монголын ухаант үрс бид биесдээ элгэмсэг зөөлөн сэтгэлтэй, эвсэг зөв үгтэй явахсан.

Ц.ДАНДАР

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.