|
Видео

Шинэ мэдээ

"Гажигтай" газрын албанд гавьяа байна уу?

 

Өнөөгийн нийгэмд хүн бүхэн өөрийн гэсэн хашаа байшин, үйлдвэр үйлчилгээ, газар тариалан, зуслангийн газартай болохыг хүсдэг. Энэ утгаараа нийслэлд газрын эрэлт нэмэгдэж, түүнийгээ дагаад хүнд суртал, хээл хахууль ч нэмэгдэж байна. Хамгийн ашигтай бизнес нь газрынх болоод байна ч гэх. Хууль бус бизнестэй хэн ч, ямар ч төрийн байгууллага тууштай тэмцэж, дорвитой арга хэмжээ авахгүй яваа юм.

Мөн нийслэлийн газрын алба, дүүргийн газрын албадууд хоорондын ажлын уялдаа байдаггүйгээс нэг нь зөвшөөрөл өгөөгүй газрыг нөгөө нь зөвшөөрөөд олгочихсон байдаг зэрэг ажлын олон алдаа ажиглагддаг. Нөгөөтэйгүүр төрийн буруу үйл ажиллагаанаас болж гарч байгаа газрын маргаанууд олон байдаг хэдий ч төртэй заргалдах хууль эрх зүйн үндэс байдаггүй нь төр засгийн удирдлагууд ямар нэгэн шийтгэлгүй өнгөрдөг сул тал байгаа нь нууц биш.

Өнгөрсөн нэг сарын хугацаанд газартай холбоотой 530 гаруй өргөдөл, гомдол иржээ. Үүний 70 гаруй хувь нь газрын албаны удирдлага зохион байгуулалт, ажилтнуудын ёс зүй, хүнд сурталтай холбоотой бөгөөд газрын харилцаатай холбоотой төрийн үйлчилгээ авахад маш хүндрэлтэй байдаг талаар иргэд дурджээ.

Иргэдийн санал гомдлыг шийдвэрлэхгүй тодорхой хариу өгөлгүй олон жил хүндрүүлдэг, газар эзэмших эрхийг нь хууль зөрчин бусдад шилжүүлдэг, давхардуулан олгодог, шүүхийн шийдвэрийг зөрчин иргэдийг хохироодог зэрэг ноцтой зөрчил, дутагдлууд их байгаа нь эцэстээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлж мэдэх хор хохирол учруулж байгааг иргэд сануулж байв.

Дээрх асуудлуудаас үүдэлтэй гэр бүл салах, амь нас, эд хөрөнгөө алдах зэрэг хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудал ч олон гардаг байна.

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Б.Цогбаяр газраа 2008 онд өмчилж авчээ. Ингээд санаа амар сууж байтал нэг л өдөр өөр хүн "Газраа чөлөөлж өг. Энэ миний газар” гэсээр бичиг цаас барьсаар ирсэн байна. Адгийн зарга 10 хоног гэгчээр энэ маргаан явсаар өнөөдөртэй золгожээ.

Үүнтэй адил маргааныг тус дүүргийн хэд хэдэн хүн нийслэлийн удирдлагуудад "Газрын харилцаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг”- ийн үеэр хаяглаж байлаа. Ерөөсөө Баянзүрх дүүргийн Газрын алба авлигад идэгдсэн гэж иргэд бухимдаж, асуудлыг яг одоо шийдвэрлэж өгөхийг шаардаж байсан юм. Иргэдийн бухимдал, тэвчээр, хүлээлт дээд цэгтээ хүрсэн байгаа юм. Өнгөрсөн онд газартай холбоотой асуудлаар 200 гаруй иргэн, аж ахуйн нэгж нэхэмжлэл гаргаснаас 96-г шийдвэрлэж, 120 орчим нь шүүхийн шатанд байгаа гэдгийг онцолж байв. Зөвхөн Баянзүрх дүүрэгт л гэхэд 1785 хүн газраа өмчилж авч чадаагүй байгааг хэлэлцүүлгийн үеэр хэлж байлаа.

Аливаа систем сайн муу гэсэн хоёр талтай. Ер нь газар олголт болон газрын тогтолцоо гажиг болчихоод байна. Газрын асуудалд төрийн оролцоог багасгавал зүгээр. Газрын тухай мэдээллийн цогцбаазыг төрийн алба нь хийгээд, харин газар, үл хөдлөх хөрөнгийг борлуулах асуудлыг биржийн тогтолцоонд шилжүүлбэл зохистой.

Ингэснээр газартай холбоотой хээл хахуулын асуудал их бага хэмжээгээр таслагдах магадлалтай. Мөн нийслэлийг бүсчлэн хөгжүүлэх асуудлыг эн тэргүүнд авч үзэх хэрэгтэй. Дэд бүтэц нь шийдэгдсэн газруудыг дарчихаад ах дүү, танил талынхаа сүлжээгээр дамжуулан үнэ хүргэж зардаг.

Түүнээсээ авилга авдаг болчихсон нь өнөөдөр олон нийтэд ил. Газар өнөөдөр ямар үнээр олдсоноосоо шалтгаалаад аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэд нөлөө үзүүлж, үнийн хөөрөгдлийг бий болгож байна. Жишээлбэл, асар үнэтэй авчихсан газар дээр барьсан орон сууцны 1 метр квадратын үнэ өндөр байна. Өндөр үнэтэй газар аваад үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулж байгаа компанийн түүхий эд, бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байдаг. Энэ бүхэн ард түмэнд хүнд дараас болж үлддэг.

Г.Хулан

bataar.mn



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.