Албан бус насан туршийн боловсрол гэж юу вэ?

862

 

Албан бус насан туршийн боловсрол гэж юу вэ?Даяарчлагдаж буй дэлхий ертөнц дээр шинжлэх ухаан-технологийн үсрэнгүй хөгжил, мэдээллийн эринд амьдарч байгаа иргэд амьдралынхаа чанарыг дээшлүүлэхэд шаардагдах боловсролыг зөвхөн албан сургалтаар эзэмших бололцоо багасч, иргэд хөгжлийн чиг хандлагад нийцсэн, өрсөлдөх чадвартай боловсролыг насан туршдаа тасралтгүй эзэмшдэг байх зайлшгүй шаардлага тавигдаж байна.


Хүн төрөлхтөний хөгжилд насан туршийн боловсрол нь тулгамдсан хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхийн зэрэгцээ нийгэм, эдийн засаг, байгаль орчин, улс төр зэрэг бүхий л салбарт чухал үүрэг гүйцэтгэсээр ирснийг үгүйсгэх аргагүй юм. Үүний зэрэгцээ насан туршийн хэмээх ойлголт нь боловсролын бүхий л хүрээг нэгэн цогц хэлбэрээр авч үздэг


Насан туршийн боловсрол нь албан (formal) боловсролоос эхлээд албан бус (non-formal) болон амьдрах орчноос суралцах  (in-formal) боловсролыг хамарсан насан туршдаа суралцах үйл явц гэж ойлгож болно.  
Насан туршийн боловсролын үзэл санаа бол суралцагч-нийгмийн амин сүнс бөгөөд хувь хүн бүр насан туршдаа суралцах явдал юм. Насан туршийн бус байдаг боловсролын салбар гэж огт байдаггүй. Өөрөөр хэлбэл насан туршийн боловсрол бол хэн нэгний бий болгосон эсвэл аль нэг тогтолцоог нь илүүтэй дэмжих боловсролын систем биш юм. 


Насан туршийн боловсрол нь бичиг үсгийн болон гэр бүлийн боловсрол, иргэний боловсрол, урлаг гоо зүйн боловсрол, амьдрах ухааны боловсрол зэргийг хамарсан өргөн агуулгатай байх бөгөөд тэргүүлэх чиглэл нь тухайн улс орны онцлог, хэрэгцээнээс хамаарч байна. 


Анх 1995 оны Боловсролын тухай хуулинд Монгол улсын боловсролын тогтолцоо нь албан болон албан бус дэд тогтолцооны нэгдэл байна гэж зааж өгснөөр насан туршийн боловсролын үндэс суурь тавигдсан.


"Албан бус боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр" батлагдсан буюу 1997 оноос албан бус боловсролын тогтолцоо бий болж, 2012 оноос шинэчлэлийн Засгийн газрын бодлогын хүрээнд насан туршийн боловсролын тогтолцоо болгон өргөжин хөгжиж байна. 


Үйл ажиллагааны үндсэн чиглэл

Өнөөдөр манай улсад насан туршийн боловсролын 374 "Гэгээрэл" төв дүүрэг, сум бүрт үйл ажиллагаагаа явуулж байгаа үйл ажиллагааны үндсэн чиглэл нь 
Насан туршийн боловсролын үндсэн зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь дараах агуулгын 5 үндсэн чиглэлийг иргэдэд эзэмшүүлэх сургалт-үйл ажиллагааны товлосон зорилтуудаар тодорхойлогдоно. Үүнд: 


Гэр бүлийн боловсрол 

Агуулгын хүрээ: Хүн бүр гэр бүлээ төлөвлөх, үр хүүхдийнхээ бие бялдар, сэтгэц, оюун санааг эрүүл энх байлгаж, эрсдэлгүйгээр хөгжүүлэн өсгөх таатай орчин бүрдүүлэх, гэр бүлийн тулгамдсан асуудлыг зохистойгоор шийдвэрлэх, удмын сангаа цэвэр байлгах, төрөл садан, нийгмийн өмнө хүлээсэн гэр бүлийн гишүүнийхээ үүргийг биелүүлэхэд шаардагдах чадвар эзэмшихэд чиглэнэ. 


Иргэний боловсрол 

Агуулгын хүрээ: Хүн бүр үндэсний уламжлалт болон иргэний нийгмийн үнэт зүйлийн тэнцвэртэйгээр хослуулан эзэмших, улмаар оюун санаа, гэр бүл, нийгмийн олон талт харилцаанд иргэний хувьд тэгш эрхтэйгээр оролцох, экологи, эдийн засаг, улс төр, эрх зүйн хүрээнд бие дааж болон бусадтай хамтран аж төрөхөд шаардагдах чадвар эзэмшихэд чиглэнэ. 


Ёс суртахуун-төлөвшлийн боловсрол 

Агуулгын хүрээ: Хүн бүр өсвөр залуу насандаа амьдралын утга чанарыг танин мэдэж, аж төрөхүйн зорилгоо зөв тодорхойлох, амьдралынхаа чанарыг дээшлүүлэхийн тулд авьяас чадвараа нээн хөгжүүлэх, мэргэжлээ сонгох, эрүүл мэнд, харилцаа, ёс суртахууны хувьд төлөвших, буруу зуршилд автахгүй байх, нийгэмд эзлэх байр сууриа баттай олоход шаардагдах чадвар эзэмшихэд чиглэнэ. 


Гоо зүй-мэдрэмжийн боловсрол 

Агуулгын хүрээ: Хүн бүр байгаль, нийгмийн зүй зохист хамаарал, түгээмэл гоо сайхныг танин мэдэж, энэхүү төсөөлөл, мэдрэмжээ хүн-байгаль, хүн-нийгмийн харилцаанд бодитойгоор тусган хэрэгжүүлэх, аливаа урлагийн бүтээлээр дамжуулан хүний оршихуйн үнэ цэн, сайхныг түгээн дэлгэрүүлэх, хүртэн мэдрэх чадвар эзэмшихэд чиглэнэ.


Амьдрах ухааны боловсрол эзэмшүүлэх товлосон зорилт

Агуулгын хүрээ: Хүн бүр амьдралынхаа туршид нийгмийн хөгжлөөс хоцрохгүй байх, бие бялдар, оюун санаа, авьяас чадвараа хөгжүүлэх, эзэмшсэн мэргэжлээ тасралтгүй дээшлүүлэх, шинээр ерөнхий болон бичиг үсэг, мэргэжлийн боловсрол эзэмших, санхүүгийн нөхцлөө сайжруулах зорилгоор сургалт, өдөр тутмын үйл ажиллагааны олон арга хэлбэрийг ашиглах чадвар эзэмшихэд чиглэнэ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>