ТҮЦ-ҮҮДЭД ЗАРАГДАЖ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД НОЦТОЙ ХОХИРОЛ УЧРУУЛЖ БАЙНА

105

ТҮЦ-ҮҮДЭД ЗАРАГДАЖ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД НОЦТОЙ ХОХИРОЛ УЧРУУЛЖ БАЙНА

 

Үе үеийн хотын удирдлагууд  зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ-үүдийг албадан буулгах талаар тэмцэж ирсэн. Гэсэн ч өнөөг хүртэл олигтой үр дүнд хүрсэнгүй. Нэг удаагийн хяналт шалгалт хийж, торгосон болоод орхидог. Энэ тэмцэл өдгөө ч үргэлжилж байна. Гэсэн ч ТҮЦ эрхлэгчид хүнд хэцүү амьдрал ярьж, хоолоо залгуулж байна гэдэг үгээрээ халхавчлан хотынхны үгийг үл тоож байгаа.
 
Гэвч ТҮЦ-үүдэд хугацаа нь дууссан, хадгалалтын горим алдагдсан, гарал үүсэл нь тодорхойгүй хамгийн аюултай хүнсний бүтээгдэхүүнүүд худалдаалагддаг гэдгийг мэргэжлийн хяналтынхан анхааруулсаар байна. Харин ТҮЦ эрхлэгчид хямд үнэтэйг нь бодож урд хөршөөс эдгээр бараа бүтээгдэхүүнээ оруулж ирж худалдсаар байгаа юм.
 
Хамгийн ноцтой нь ТҮЦ-үүдийн гол худалдан авагч үйлчлүүлэгч нь бага насны хүүхдүүд байдаг аж. Сүүлийн үед ширхэгийн чихэр жимс янз бүрийн химийн найрлагатай хүнсний бүтээгэдэхүүн ТҮЦ-нээс ширхэглэн авдаг хүүхдүүд  эмнэлэгт хандах нь ихэссэн гэдгийг  нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга бидэнд хэллээ. Тэдгээр хүүхдүүдийн зарим нь ходоод, гэдэсний хүнд өвчнөөр оношлогдох болсон байна.Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулж ТҮЦ-үүдээс хугацаа, хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй чихэр, бохь худалдан авахгүй байхыг анхааруулах шаардлагатай байна.
 
Нөгөө талд эдгээр ТҮЦ эрхлэгчдийг хууль дүрмээ биелүүлдэг болгох талаар сургах шаардлагатай. Нийслэлд одоогоор зөвшөөрөлтэй 1000 гаруй ТҮЦ үйл ажиллагаа явуулж байгаа аж. Эдгээр ТҮЦ эрхлэгчийн 98 хувь нь хууль, тогтоомжийг ямар нэг хэмжээгээр зөрчдөг гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлдэг. Наад зах нь, тамхи ширхэглэн зарах, түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалдаг, ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт ордоггүй, ариун цэвэр, гар угаах угаалтуургүй зэрэг нийтлэг зөрчил гаргадаг. Хэдийгээр холбогдох байгуул­лагаас шалгалт хийж, зөрчлөө арилгахыг шаарддаг ч худалдаа эрхлэгчид шаардлагыг  нь үл тоодог байна.
 
Хууль хяналтын байгууллагаас зөрчил дутагдлаа арилгах талаар удаа дараа шаардлага тавьдаг ч өнөөдөр ТҮЦ-ийн эмх замбараагүй, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй ойр орчны цэвэрлэдэггүй байдал хэвээр ноёрхсоор байна. Хэрэв Хувираа ТҮЦ эрхлэгчдийн холбоо ТҮЦ-үүдийг татан буулгахыг эсэргүүцэж байгаа бол төрийн байгууллагын хяналт шаардлагыг биелүүлж үүргээ ухамсарлах хэрэгтэй. Хэдийгээр олон мянган хүнийг ажлын байраар хангаж байгаа ч хүний амь насанд аюул учруулахуйц хүнс худалдаалахгүй байх нөгөө талаар эрүүл ахуйн бичигтэй бүтэгдэхүүн худалдан борлуулах учиртай. 
 
Б.Сансар
olloo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.