Хүлэмжийн хийг өөгшүүлэгч Монгол

1359

Хүлэмжийн хийг өөгшүүлэгч Монгол

 

Монгол Улс хүлэмжийн хий ялгаруулалтаар олон улсын анхааралд өртөхүйц биш ч (одоохондоо) уур амьсгалын өөрчлөлтийн конвенцэд нэгдэн орсон орны хувьд хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээгээ бууруулах, эрчим хүч, дулаан, шатахууны хэрэглээгээ багасгах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэгтэй.

Нөгөө талаар манай улсад боломж бий. Уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд гадаадын улс орнуудаас тусламж дэмжлэг авах боломж нээлттэй байдаг ажээ.

Монголчууд уур амьсгалын өөрчлөлтийн талаар төдийлөн сайн мэддэггүй. Сайндаа л Улаанбаатарын утаагаар төсөөлж байгаа хүн олон. Гэтэл дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа уур амьсгалын өөрчлөлт бидний алхам тутамд мэдрэгдэж байгаа. Дулааралд ташуур өгдөг хүлэмжийн хийн гол элемент болох метан малын амьсгал болон ялгадсаар дамжин агаарт цацагддаг. Өөрөөр хэлбэл, мал хивж байх үед амьсгалаар нь метан ялгарна. 60 гаруй сая мал дулааралд ямар ихээр "тусалж” байгаа нь ийм тодорхой байна.

Манай өөр нэг "тус” нь хог хаягдал. Манай улсад дахин боловсруулах үйлдвэр байхгүй учраас хөрсөнд хогийг булсаар ирсэн. Энэ нь ялзралынхаа явцад хүлэмжийн хий ялгаруулдаг. Нүүрсхүчлийн хий 200 орчим жил хадгалагдана. Мөн атаршсан талбайгаас карбоны төрлийн хий ялгарч агаар мандалд хуримтлагддаг ажээ. Эрдэмтдийн судалгаагаар ой мод, өвс ургамалд 450-650 тэрбум тонн нүүрстөрөгч хуримтлагдаж байдаг гэсэн тооцоо гарчээ.

Үүнээс 80 хувь нь ой модонд оногдож байна.Ой мод, өвс ургамал нь жилдээ 60 тэрбум тонн нүүрстөрөгчийг агаар мандлаас шингээж авах чадвартай юм. Харин ой модыг тайрч устгаснаар энэ их хий шууд л агаар мандалд гарч байна.

Эрдэмтдийн яриагаар Монгол орны цаг уурын 48 өртөөнд хийсэн хэмжилтийн дүнгээр дунджилсан жил, улирлын агаарын дундаж температур 1940-2010 онд 2.1 хэмээр дулаарчээ. Энэ бол сэтгэл сэрдхийлгэм тоо. Үүнд хүргэсэн зүйл бол мэдээж хүлэмжийн хий. Манай улс агаар мандалд байдаг хүлэмжийн хийн хэмжээг тодорхойлдог ганц станцтай. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт Улаан-Уул станц дээр 1992 оноос эхлэн судалгаа хийсэн байна.

1992-2009 онд хэмжсэн хүлэмжийн хийн дүнгээс үзвэл нүүрсхүчлийн /С02/ хийн агууламж 18 жилийн хугацаанд 35 ррт-ээр буюу 10 орчим хувиар өссөн байна. Хүлэмжийн хийн хувьд агууламжаараа бага боловч дулааруулалтын потенциал ихтэй зургаан фторт хүхрийн агууламж нь хэмжилтийн туршид бараг хоёр дахин өссөн байна.

Энэ бүхнээс харахад Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой ямар ч ажил хийдэггүй, хүлэмжийн хий нэмэгдсээр байгаа нь тодорхой юм. Уг нь дэлхийн дулаарал бидэнд хамаагүй гэж хэлэх эрх байхгүй. Яагаад гэвэл, бид энэ дэлхийд амьдарч байгаа болохоор сайн, муу бүх зүйл нь бидэнд хамаатай.

Дэлхийд ойр ойрхон болж байгаа газар хөдлөлт бол тохиолдлынх биш, харин уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэж олон эрдэмтэн үзэж байна. Ийм шалтгаанаар байгалийн гамшигт үзэгдэл цаашид ч олон болох төлөвтэй. Үүнийг зогсоохоо байг гэхэд Монголдоо хүлэмжийн хийг багасгаж дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлье.

ХҮЛЭМЖИЙН ХИЙГ "УСТГАГЧ” НЬ ОЙ МОД, ӨВС УРГАМАЛ, ХӨРС

Эрдэмтдийн судалгаагаар ой мод, өвс ургамалд 450-650 тэрбум тонн нүүрстөрөгч хуримтлагдаж байдаг гэсэн тооцоо гарчээ. Үүнээс 80 хувь нь ой модонд ногдож байна. Ой мод, өвс ургамал нь жилдээ 60 тэрбум тонн нүүрстөрөгчийг агаар мандлаас шингээж авах чадвартай юм. Гэвч тайрсан модны хожуулаас тэр хэрээр нүүрсхүчлийн хий эргэн агаарт дэгддэг ажээ.

Иймд ногоон модыг аль болох огтлохгүй байх нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах давхар агуулгатай юм. Мөн газрын хөрсөнд ойролцоогоор 1.5 триллион тонн нүүрстөрөгч агуулагдаж байгаа. Далайн ус нь жилдээ 90 тэрбум тонн нүүрстөрөгчийг шингээж, 88 тэрбум тонн нүүрстөрөгчийг ялгаруулдаг байна. Энэхүү зөрүү болох хоёр тэрбум тонн нүүрстөрөгчийг жил бүр агаар мандлаас өөртөө шингээж байна гэсэн үг. Далайн усанд агуулагдаж буй нийт нүүрстөрөгчийн хэмжээ 38 триллион тонн юм.

Дэлхийн хүлэмжийн хийн ялгаралт нь аж үйлдвэржилтийн өмнөх үеэс хойш тогтмол өссөн ба 1970-2004 оны хооронд 70 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс С02-ийн ялгаралт 80 хувиар нэмэгдсэн байна. Үүний нэг гол шалтгаан бол ялгарч байгаа хүлэмжийн хийн хэмжээ ихсэж, ой мод, өвс ургамал, далайн усны шингээж буй хэмжээ буурч байгаатай холбоотой юм. Дэлхийн дулаарлыг агаарын болон далайн дундаж температур тогтмол нэмэгдэж байгаагаас, далайн дундаж түвшин нэмэгдэж байгаагаас тод харж болно.

Далайн дундаж түвшин 1993-2003 оны хооронд жил бүр 3.1 мм-ээр нэмэгдэх болсон.Дэлхийн цас, мөсөн бүрхүүлийн хэмжээ багасаж, 1978 оноос хийж эхэлсэн сансрын судалгаагаар хойд мөсөн далайн мөсөн бүрхүүлийн хэмжээ 10 жил тутамд багасаж байна. Хамгийн халуун жилүүд сүүлийн 14 жилд тэмдэглэгдсэн байна. Ойн түймрийн тоо нэмэгдэж, хамрах газрын хэмжээ ч хүрээгээ тэлж байгаа.

Үүнтэй холбоотойгоор агаарт хүлэмжийн хий их хэмжээгээр гарч, хүлэмжийн хийг шингээгчийн хэмжээ багасаж байна. Энэ нь дэлхийн дулаарлыг хурдасгаж байгаа хүчин зүйлийн нэг юм. Далайн шуурга, үер усны аюул нэмэгдэж, эдийн засаг, хүний амьдралд учруулах хохирол улам бүр нэмэгдсээр байна.

1960-аад оны үед байгалийн гамшгаас болж 75.5 тэрбум ам.долларын хохирол учирдаг байсан бол энэ тоо 1990-ээд оны үед 659.9 тэрбум ам.доллар болтлоо өссөн байна. Харин 2000-2017 оны хооронд дэлхийн эдийн засагт цаг агаарын үзэгдлээс болж 4.4 триллион ам.долларын хохирол учирчээ.

Б.ЭНХ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>