НГА-НЫ ДАРГА Э.БОЛОРЧУЛУУН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖИЙГ "ХУУРАМЧААР" ҮЙЛДЭЖ ГАЗАР ОЛГОЖЭЭ

242

НГА-НЫ ДАРГА Э.БОЛОРЧУЛУУН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖИЙГ "ХУУРАМЧААР" ҮЙЛДЭЖ ГАЗАР ОЛГОЖЭЭ

 

60 тэрбумын сүлжээ далд хэлбэрт оржээ

Өнгөрөгч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулианаас дутахааргүй сенсаци бол Ц.Сандуй нарын өдөөсөн 60 тэрбумын хэрэг. 
Төрийн албыг зарж борлуулан 60 тэрбум төгрөг босгох гэсэн үйлдэл нь үнэндээ Эрүүгийн хуульд заасан Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зүйл ялд хамаарах төдийгүй МАН-ын нэрийг шороотой хутгаж, Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвшигчийг өвдөг шороодох нь шалтгаан болсон. Энэ бүхний дараагаар 60 тэрбумын авто Ц.Сандуй өөрийн хүсэлтээр НИТХ-ын дарга болон Нийслэлийн МАН-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн ч нэртэй өнөөдрийг хүртэл түүнийг залгамжлагчид төрийн албанд авилга, хахуулийн сүлжээгээ үргэлжлүүлэн ажилласаар байна.

Төрийн албанд эхнэр нөхөр хоёул бүх насаараа ажилласан, авдаг цалин нь нийлээд 1.5 саяас хэтэрдэггүй, хувийн бизнес эрхэлдэггүй атлаа Зайсанд том хауст амьдарч, Land200, LEXUS570 унаж, хүүхдүүдээ өндөр төлбөртэй хувийн сургуульд суралцуулж чадаад байдаг албан тушаалтнуудыг АТГ-аас нэг бүрчлэн шалгах цаг болсон гэж хэлэх иргэд олон байна.

Нийслэлийн хувьд хамгийн их авилга нүүрлэсэн байгууллагын нэрлэ гэвэл иргэд дуу нэгтэйгээр Газрын албыг нэрлэх биз. Төрөөс төрсөн тэрбумтнуудын нэлээд хувь нь газрын хууль бус далд наймаатай холбоотой гэж хэлж болно.

Үүнийг батлах мэт 60 тэрбумын автор Ц.Сандуйгийн төрсөн дүү Ц.Сэргэлэн 25 компани байгуулж, хотын хэмжээнд 18 орон сууц, байр, объектыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн байсан тухай мэдээлэл хэвлэлээр гарсан.

Тэгвэл бид энэ удаад газартай холбоотой нэгэн луйврын хэргийг баримт түшин мэдээлэх гэж байна. Энэ бол Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун гэдэг албан тушаалтны хууль бус үйл ажиллагааг илэрхийлсэн баримтат мэдээлэл юм. Дашрамд хэлэхэд НГА-ны Э.Болорчулуун нь НГА-ны даргаар ажиллаж байсан Ц.Сандуйгийн итгэлтэй найз нөхдийн нэг юм. Төрөөс 60 тэрбум төгрөг босгох хэргийн автор Ц.Сандуйгийн үйлдэл илчлэгдсэний дараа Нийслэл дах "авилга” илүү далд хэлбэрт шилжжээ.

Захирамжлаагүй "захирамж”

Иргэн М, иргэн Б.Бямбадоржоос мөнгөн төгрөгийн авлагатай байжээ. Б.Бямбадоржийн зүгээс иргэн М-д өгөх өр зээлийнхээ оронд Нийслэлийн Баянгол дүүргийн 12, 8-р хороонд 2 хэсэг газар, Сонгино хайрхан дүүргийн 21-р хороо Ар гүнтийн зусланд 3,8 га газрыг өгч, зөрүүд нь иргэн М мөнгө нэмж өгөхөөр тохиролцсон байна.

Иргэн Б.Бямбадоржийн хувьд Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуунтай хамтран ажилладаг гэнэ. Тэд тохиролцсоны дагуу Иргэн М-д Б.Бямбадорж, Э.Болорчулуун нар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/156 дугаар тоот захирамжаар Баянгол дүүргийн 12-р хороонд байрлах 209 мкв газрыг, мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/94 дүгээр тоот захирамжаар Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хороололд байрлах 540 мкв газрыг эзэмшүүлэх эрхтэйгээр гаргаж өгөхөөр тохиролцсон байна.

НГА-аас үүнийгээ баталгаажуулж 2017 оны 05 сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 12-р хороонд байрлах 209 мкв газрыг иргэн М-д эзэмшүүлэх гэрээг НГА-ны дарга Э.Болорчулуун, Газар зохион байгуулагч Б.Батчимэг нар гарын үсгээ зурж, НГА-ны тамга тэмдгийг дарж байгуулан, газар эзэмших №000680724 тоот НГА-ны дарга Э.Болорчулууны гарын үсэгтэй гэрчилгээ гарчээ.
Газар авсны төлбөр болгож 18 сая төгрөгийг Б.Бямбадорж, Э.Болорчулуун нартай холбоотой гэх хатагтай Н.Отгонцэцэгийн дансанд 2017 оны 05 сарын 17-ны өдөр шилжүүлсэн байдаг.

2017 оны 07 сарын 03-ны өдөр иргэн М-ын нэр дээр Нийслэлийн Засаг даргын А/94 дүгээр тоот захирамжид үндэслэн Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хороололд байрлах 540 мкв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх №000680629 тоот хоёрдох газрын гэрчилгээ гарчээ.
Ингээд нэгэнт газрын гэрчилгээ гарсан тул иргэн М-ын зүгээс 2017 оы 8 сарын 03-ны өдөр НГА-ны дарга Э.Болорчулууны хамтрагч Б.Бямбадоржийн данс руу 50.0 сая төгрөгийг газрын төлбөр нэрээр мөн л шилжүүлжээ.

Харамсалтай нь төд удалгүй буюу 2017 оны 10 сараас эхлэн иргэн М, НГА-ны дарга Э.Болорчулуун, түүний хамтрагч Б.Бямбадорж нарт луйвардуулснаа мэдсэн байна. 
Иргэн М-ын гаргасан гомдлоос харахад НГА-ны дарга Э.Болорчулуун болон түүний хамтрагч Б.Бямбадорж нар газар эзэмшүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын гаргаагүй захирамжийг үндэслэн, холбогдох бчиг баримтыг хуурамчаар үйлдэн, Газрын кадастрын санд бүртгэгдээгүй "хуурамч газар эзэмшлийн гэрчилгээг” Иргэн М-ын өр төлбөрийг барагдуулах, түүнд хотын төвд газар олгосон нэрээр хувьдаа мөнгө олох зорилгоор олгож, хууль бус үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэл харагдаж байна.

Өөрөөр хэлбэл НГА-ны дарга Э.Болорчулуун гэдэг хүн Нийслэлийн Засаг дарга С.Батболдын гаргасан газар эзэмшүүлэхтэй огт хамааралгүй захирамжийг газар олгох агуулгатай захирамж мэтээр дур мэдэн өөрчлөн, хотын даргын зөвшөөрөлгүйгээр бусдад газар олгосон нь өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн "22.1 дүгээр Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” -д заасан "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүйг дээрх баримтууд илэрхийлж байна.
Хуульгүй улсад амьдарч байгаа мэт ийнхүү дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж, нийтийн албан хаагч атлаа Нийслэлийн засаг даргын гаргаагүй захирамжинд үндэслэн газар олгож, хувьдаа мөнгө завшиж байгаа, 60 тэрбумын схемийг үргэлжлүүлэгч, Ц.Сандуйгийн үйл хэргийг залгамжлагч Э.Болорчулуун мэтийн "авлигачин нөхөд”-ийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд та үтэр түргэн албан тушаалаас нь чөлөөлөх хэрэгтэй. Эс бөгөөс наанадаж таны нэр 60 тэрбумын багийг өмөөрч байгаа гэж харагдана, цаанадаж хотын зөв зүйтэй хэрэгжиж байгаа ажлуудыг олон нийт сөргөөр ойлгох үндэслэл болно.

 

Түүнчлэн дээрх баримтуудтай холбогдуулан НГА-ны дарга Э.Болорчулуун, түүний хамсаатан Б.Бямбадорж нарыг АТГ болон хууль хяналтын холбогдох байгууллагаас нэн яаралтай шалгаж тогтоох ёстой.

 

 

 

 

 

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: https://www.facebook.com/dmnegdel/posts/2094772800802019

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.