ВЛАДИМИР ВЛАДИМИРОВЧ ПУТИН

1597

 

ВЛАДИМИР ВЛАДИМИРОВЧ ПУТИНМанайд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины ажил үйлс, үйл хөдлөл, зан төлөв, гаргаж буй шийдвэрийн талаар сонирхож, уншдаг олон хүмүүс бий. Мэдээж том гүрний тэргүүн хүнд олон нийтэд тэр бүр дэлгээд байдагггүй нууц, эсвэл хаалттай мэдээлэл олон байгаа нь тодорхой. 2018 оны 03 дугаар сарын 18-нд болох ерөнхийлөгчийн сонгуультай л холбоотой болов уу даа. В.Путины талаар хүмүүс тэр сонсож байгаагүй хэд хэдэн мэдээлийн талаар оруулж байна. Зарим нь хуучин зүйл шүү. Сонсоогүй, уншиж амжаагүй хүмүүст зориулж байна. В.Путинтай учирсан хүнд, хэцүү үйл явдлуудын зах зухаас …
1. 2000 оны 12 дугаар сар. Шинэ жилийн баяр дөхөж байх үед ОХУ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр дөнгөж томилогдоод байсан В.Путин, Чечений Гудермес хот руу холбооны цэргүүдтэй уулзах, шагнал гардуулах арга хэмжээнд оролцохоор нисдэг тэргээр нисэж явжээ. Гэвч нисдэг тэрэг зорьсон газартаа бууж чадсангүй. Энэ талаар албан ёсны мэдээнд ерөнхийлөгчийн нисдэг тэрэг цаг агаарын тааламжгүй байдлаас болж газардсангүй гэж гарсан байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ түүний сууж явсан нисдэг тэрэг рүү салан тусгаарлагчид хүчтэй галласан байдаг. Энэ талаар В.Путин, би эхлээд шинэ жил болж байгаа болохоор салют буудаж байна гэж бодтол, цаанаас нисгэгч "Юун салют вэ? Бид дайралтад өртөөд байна” гэж хариулсан байдаг. Үүнийг мэдсэн В.Путин шууд чиглэлээр өөрчлөхийг тушаагаад зорьсон газраа автомашинаар явж очжээ.
2. 2014 онд ОХУ-ын Сочи хотод өвлийн олимпын нээлт болохын хэдхэн минутын өмнө нэгэн хачирхалтай явдал болжээ. Хожим В.Путин энэ үйл явдлын талаар сэтгүүлч А.Кондрашовт ингэж ярьсан байдаг. Нээлт болохоос хэдхэн минутын өмнө түүний туслах дэргэд ирж, яаралтай дуулга гээд гарт нь утас атгуулав. Утасны нөгөө үзүүрт олимпийн аюулгүй байдлыг хангах штабын дарга илтгэж байлаа. Украйнаас Турк руу нисэж явсан Боинг-737-800 онгоцыг тэсрэх бөмбөгтэй нэг этгээд барьцаалсан ба онгоцны чиглэлийг өөрчилж Сочи рүү нисэхийг шаардаж байна гэсэн мэдээ өгөв. Онгоцонд 110 зорчигч нисэж явсан бол олимпын нээлтийн арга хэмжээнд 40 мянган хүн цуглаад байлаа. Тухайн үед аюулгүй байдлын албаны офицеруудаас ийм нөхцөлд ямар хариу арга хэмжээ авах ёстой талаар зөвлөгөө авахад, онцгой байдалд ажиллах төлөвлөгөөний дагуу бол онгоцыг буудаж унагах ёстой гэсэн хариу өгсөн байдаг. Тийм учраас би тэдэнд хандаж "Төлөвлөгөөний дагуу авах ёстой арга хэмжээгээ ав” гэж хэлсэн гэнэ. Гэтэл хэдэн минутын дараа дахин утас дуугарч, түрүүний дуудлага хуурамч түгшүүр байсан ба онгоц дотор нэг согтуу нөхөр хуурамчаар хэрэг тарьсан явдал болж таарчээ.
3. 2000 оны 8 дугаар сарын 12-нд Баренцийн тэнгист оросын тэнгисийн флотын "Курск” атомын шумбагч завь сүйрч, багийн 118 гишүүд бүгд амь үрэгдсэн харамсалтай явдал болсон юм. Энэ үеийг В.Путин өөрт нь тохиолдсон хамгийн хүнд үеийн нэгд тооцдог байна. В.Путин "ЗХУ задарсаны дараа бид эдийн засгийн болоод нийгмийн маш хүнд үеийн туулсан, энд арми ч ялгаагүй. Курск завины сүйрэл бол тухайн үеийн Зэвсэгт хүчний уналт, доройтлын тод илрэл болж гарч ирсэн юм” гэжээ. Сонгуулийн дараа дөнгөж ерөнхийлөгчийн тангараг өргөөд байсан тэрбээр Баренцийн тэнгист том хэмжээний цэргийн сургууль болж байсныг хүртэл мэдээгүй байжээ.
БХЯ-ны сайд надруу залгаад "Бид нэг шумбагч завьтай холбоо тасарлаа, гэхдээ завийг заавал олно. Бид энэ асуудал дээр ажиллаж байна” гэв. Тэр үед усан дор тийм харамсалтай явдал болж байгаа тухай бид огт мэдэхгүй байсан билээ. Сүйрэл болсоны дараа ерөнхийлөгч В.Путин амь үрэгдсэн усан цэргүүдийн ар гэрийнхэнтэй нь уулзаж, тэднийг сэтгэл санаагаар дэмжихээр очжээ. Тэдэнтэй уулзаж байхдаа шумбагч завийг тэнгисийн ёроолоос заавал гаргаж авна гэж "ам” өгсөн байдаг. Тэр хэлсэн амандаа хүрч шумбагч завины үлдэгдлийг гаргаж авсан ба үүнд тухайн үеийн ханшаар 90 сая англи паунд төлсөн байдаг ажээ.
4. Олонд төдий л дэлгэгдээгүй байсан эгэл нэгэн баатрын тухай саяхан В.Путин дэлгэж ярьжээ. Энэ баатар бол оросын "спецназ”-ын дайчин, ахлах байлдагч/ефрейтор/ Д.О.Портнягин юм. 2017 оны 8 дугаар сард Сири Улсын Акербат хотын ойролцоо Д.Портнягин болоод түүний 4-5 хүнтэй тагнуулын тусгай бүлэг өөрийн нисэх хүчинд дайсны байрлалыг заах тусгай үүрэг гүйцэтгэж яваад Исламийн улсын 40 гаруй дайчдын дайралтад өртжээ. Оросуудтай хамт явсан сирийн цэргүүд байрлалаа орхин ухарсан тул оросууд дайсантай халз тулахаас өөр аргагүй байдалд орсон байна. Д.Портнягин пулемётын мэргэн галаар дайсныг өөрийн байрлалдаа ойртуулахгүй барьж байсан хэдий ч өөрийн дуулга, пулемёт нь суманд оногдож ажиллагаагүй болоход гар гранат шидэж эхлэв. Бүр олзлогдож магадгүй цагийн байдал үүсэхэд өөрийгөө дэлбэлэхээр бэлтгэж байсан байдаг. Гэвч тулаан болж буй газарт оросууд миномётын болон нисэх онгоцны галыг чиглүүлэн дайсныг устгаж эхэлсэн мөн өөр салбар хүрэлцэн ирсэнээр Д.Портнягины бүлэг аврагдсан гэнэ. Баатар гавьяа байгуулсан тул 2017 оны сүүлээр ахлах байлдагч Д.Портнягинд ерөнхийлөгч В.Путин ОХУ-ын Баатрын алтан таван хошуу гардуулан өгчээ.

Р.Энхболд

 
Ugluu.mn
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>