МАН-Д ХУРАЛ, АН-Д ХЭРҮҮЛ

665

МАН-Д ХУРАЛ, АН-Д ХЭРҮҮЛ

 

"Төрийн эрхийг улс төрийн намаар дамжуулан хэрэгжүүлэхээс өөр илүү дээр арга зам хараахан байхгүй".

Монголд сүүлий гучаад жил буюу олон намын тогтолцоонд шилжсэнээс хойш хамгийн олонтаа давтагдсан, бүр нотлогдсон эшлэл энэ байх. Төр, төрийн бодпого нь улс орныг удирдан авч явах үүрэгтэй юм бол төрийн эрхийг  ээлж дамжуулан барьж яваа хоёр намыг өөд нь татах нь өөрсдийн амьдралыг өөд нь татах гэж зүтгэж яваа иргэдийн санааг зовоохуйц асуудал болжээ. Улс төрийн нам үл итгэгчдийн эзлэх хувь нэмэгдсээр байгааг сүүлд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр 100 мянган "цагаан хуудас” сануулсан бол саяхны судалгаагаар үл итгэгчдийн жин 70 хувь болжээ.

МЕС судалгааны компанийн судалгаа дээрх тоог гаргаж ирсэн бөгөөд тус судалгаагаар гуравдугаар сарын байдлаар эрх барьж буй намын рейтинг, 13 хувь, сөрөг хүчний рейтинг 17 хувь, МАХН-ынх 6 хувь, улс төрийн намд үл итгэгчдийн хувь 64 гэж гарсан байна.

Улс төр судлаачдын хувьд улс төрийн намд үл итгэгчдийн хувь хэмжээ давамгайлах үед нийгмийн тэр хэсгийн сэтгэл зүй дээр популистууд дэмжлэг авах магадлал өндөрсдөг нь санаа зовоож буй аж. Энэ нь аюул гэж судлаач, шинжээчид дүгнэж байгаа нь эцсийн дүндээ "Төрийн эрхийг зөвхөн улс төрийн намаар дамжуулан хэрэгжүүлэх нь зөв” гэсэн онолыг дахин зөвтгөж байгаатай бараг адил хэрэг.

Улс орны хэмжээний бодлогын асуудал дэвшүүлэх, шийдвэрлэх, түүнийхээ төлөө хариуцлага хүлээх "хуулийн этгээд"-гүй буюу намгүй, хувь хүний харизм, санаа бодол, сэтгэл хөдлөл төдийд суурилсан улстөрчид хоосон орон зайн дээр тоглолт хийж санал авах магадлал өндөр байна гэсэн үг. Өнөөдөр сонгууль боллоо гэхэд Жавхлан шиг гоцлоочид тайзыг эзэгнэх магадлал бараг 70 хувь гэхээр төрийн эрх барих дээд байгууллагыг содон, сонин, онцгой хувь хүмүүс дүүрэх нь ээ...

Гэхдээ сонгуулийн жилд энэ байдал эрс өөрчлөгдөж, үл итгэгсдийн санал хүссэн хүсээгүй улс төрийн аль нэг нам руу шилждэг нь бас л батлагдаагүй хууль юм. Тэгэхээр үл итгэгсдийн өргөн фронт дээр ажиллаж, тэднийг өөртөө урвуулах өргөн боломж улс төрийн хоёр том намд байна гэдэг өөдрөг өнцгөөс асуудлыг харж бас болно. Төрийн эрх ээлжлэн баригч хоёр нам өнөөдрийн үйл явдал руу өнгийгөөд үзье.
 

МАН - МАССЫН НАМААС БОДЛОГЫН НАМ РУУ...


Төрийн эрх барьж буй МАН-аас санаачлан "Улс төрийн намын хөгжил” эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр зохион байгууллаа. Энэ хүрээнд Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийн талаар олон талын байр суурь, санаа бодлыг хэлэлцүүлснээс гадна массын намаас бодлогын нам болох асуудлыг гол концепци байх болно гэдэгт санал нэгджээ. МАН-ын олонх бүхий парламент Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсэгт ирж буй эрдэмтэн, судлаачдын саналын дийлэнх нь "намууд бодлогын нам болж өөрчлөгдөх” агуулгыг хөндөж байгаа аж.

Масст буюу нийгмийн олонхид таалагдах, тухайн сонгуулийн мөчлөгт тэдгээрийн сэтгэл хөдлөлд суурилан санал авах гэсэн өрсөлдөөн намуудын амлалт, мөрийн хөтөлбөрийгул үндэс муутай, богино настай болгож байгаа нь үнэн юм. Намуудын дэргэдэх судалгааны байгууллагыг бэхжүүлэх, судалгаа бус бодлого боловсруулдаг бүтэц болгох, судлаачид нь мэргэжлийн байх, хараат бус байх шаардлагатай талаар эрдэм шинжилгээний хурлын үеэр онцолсон байна.

Массын намаа бодлогын нам болох эрдэмтэн судлаачдын хувьд зөв байж болох ч энэ нь яг одоогоор хэрэгжихэд тухайн намд эрсдэл авчирч болохуйц хүчин зүйл юм. Ямар ард түмэн байна, тийм л төр байна гэдэг шиг массаас тасарсан "элит" үзэл санаа дэмжпэг авахад амаргүй. Хамгийн гол нь өрсөлдөгч намууд яг ижил дүрмээр тоглохгүй бол нэг зах зээл дээр шударга өрсөлдөх боломжгүй. Тэгэхээр аль нэг нам иргэний зориг гарган илүү эрүүл, дээр дүрэм рүү шилжих, өөрөөр хэлбэл зөвхөн өөрийн намынхаа дүрэм, үзэл баримтлалын хүрээнд шинэчлэл хийх бараг бололцоогүй. Тийм ч учраас Улс төрийн намын тухай хуулиар нам тус бүрийн дүрмийг нэг стандартад хүргэх хэрэгтэй учраас хууль нь ч, намуудын шинэчлэл нь ч ийнхүү удааширсаар ирсэн. МАН-ын зорьж буй "Массын намаас бодлогын нам болох” концепци зөвхөн тус намын хэрэг биш гээд хэлчихэд болох байх.
 

АН - АХИАД СОНГУУЛИЙН ТООСОНД...


Ардчилсан нам дотоодын сонгуулийнхаа тоосонд дахиад булуулсан байдалтай байгаа. УИХ-ын 2016 оны сонгуулийн дараагаас дараалсан олон сунгааг тэд дотооддоо явуулсан. Намын даргад нэр дэвшигчийн сунгаа, даргын сунгаа, дараа нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сунгаа гээд тоос бужигнуулсаар. Сонгууль дараалсан хоёр жил өнгөрсөн ч тэд энэ жил дахин дотоодын сонгуультай хэвээрээ. Яг өдийд дотоод ротациа хийгээд завгүй. Дотоод ротациар нийт 116 хүний сэлгээ яригдаж байгаа ба энэ нь бас л хэрүүл, тэмцэл дагуулж байна. Хэдийгээр дотоодын сонгууль нь нам нээлттэй байх, шинэчлэгдэх, дүрмээ дагах зэрэг улс төрийн намд байвал зохих эрүү үзэгдлүүдэд үндэслэж байгаа ч Ардчилсан намд нэг зовлон байдаг нь хуваагдал дагуулдаг онцлогтой. Энэ удаад үүнээс мөн л гажсангүй. Ирэх 2019 он аль аль намын хувьд хамгийн хариуцлагатай жил. Яагаад гэвэл сонгуулийн өмнөх жил. Тэгэхээр сүүлийн гурван жил даргалан их, бага сонгуульд хүчээ сорьж байгаа тэднийг ирэх он ивээгээсэй билээ гэмээр хэцүүхэн харагдаж байгааг бид харж байна.

Өглөөний сонин
А.Алиман

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>