ЖОЛООЧ НАРЫН ТОРГУУЛИЙН 12 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЮУНД ЗАРЦУУЛДАГ ВЭ

182

ЖОЛООЧ НАРЫН ТОРГУУЛИЙН 12 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЮУНД ЗАРЦУУЛДАГ ВЭ

 

Монгол Улсын автозамыг зам биш там гэж нэрлэдэг болоод удаж байна. Энд тэндгүй нүхтэй, хотгор гүдгэр нарийн замаар түгжрэн явах амаргүй. Жолоо мушгидаг бүхний бухимдлыг бардаг "там” шиг замуудаас болж осол аваар гарах нь элбэг. Өнгөрсөн онд гэхэд нийт 32 мянган осол бүртгэгджээ. Үүний улмаас 507 хүн  хорвоог орхижээ.Дайн дажингүй энх амар цагт зам дээр  амиа алдаж байгаа нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой. Тухайлбал хурд хэтрүүлэх, архидан согтуурсан үедээ жолооны ард суух, анхаарал болгоомжгүй байдал, мөн замын нөхцөл байдлаас үүдэлтэй.
 
Гэвч албаныхны гаргасан судалгаагаар Монгол Улсад авто замаас болж гарсан осол огт байдаггүй тухай нэгэн сонирхолтой мэдээллийг Замын цагдаагийн албаны мэргэжилтэн  дуулгалаа. Түүний хэлснээр дэлхийн жишигт гарсан осол аваарын 25-30 орчим хувь нь авто замын эвдрэл, гэмтлээс болдог байна. Харин манайд 0 хувьтай байгаа нь  манайхны ослын судалгааг хийдэг аргачлалтай холбоотой аж. Учир нь  ослын 30 гаруй хувь нь замын эвдрэл гэмтлээс болж гарч байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон байна.
 
Иймд цаашид авто замын чанарыг сайжруулах шаардлага зайлшгүй тулгарч байгааг тэд хэлж байна. Мэдээж хэрэг аливаа нэгэн ажил хийхэд хөрөнгө мөнгөний асуудал хамгийн түрүүнд яригддаг. Тэгвэл  ослын шалтгаан болоод буй замын эвдрэл гэмтлийг засаж, сйажруулах хөрөнгө мөнгөний асуудал төдийлөн санаа зовоосон асуудал биш гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Тодруулбал Замын цагдаагийн алба жилд 12 тэрбум төгрөгийг  төрийн санд тушаадаг байна. Энэ нь зөрчил гаргасан жолооч нарын торгуулийн мөнгө аж. Харин энэ мөнгө юунд зарцуулагддаг тухай олон нийт  төдийлөн мэддэггүй. Албаныхан ч тайлан тооцоо тавьдаггүй.
 
Тэгвэл энэ байдлыг одоо халах цаг болсон. Хэдхэн жилийн өмнө Гэллапын их сургуулиас дэлхийн 148 оронд нэгэн судалгааг явуулжээ. Тодруулбал, тухайн улс орны иргэдийн дунд улс орныхоо замын нөхцөл байдал, чанарт хэр сэтгэл хангалуун байдаг тухай аусужээ.Уг судалгаагаар дэлхийн улс орнуудын хүн амын 59 хувь нь өөрийн улсын замын чанарт сэтгэл хангалуун байдаг бол 38 хувь нь муу гэж үздэг байна.
 
Манай зам хамгийн муу гэж үздэг орнуудын сүүлийн 10-т Монгол, Ирак, Лесото, Бенин, Зимбабве, Молдав, Того, Гвиней, Төв Африкийн бүгд найрамдах улс, Коморын арлууд орсон байна. Харин замдаа хамгийн сэтгэл ханамжтай байдаг улс орнуудад Арабын Эмират, Люксембург, Гонконг, Нидерланд, Сингапур, Австри, Тайланд, Камбож, Өмнөд Солонгос улсууд хүн амынх нь 80-аас дээш хувь сайн гэж санал өгснөөр оржээ.
 
Энэ судалгаанд улс орон бүрийн 15-аас дээш насны 1000 орчим хүнийг хамруулсан гэнэ. Тэгэхээр манай иргэд замын талаар ямар бодолтой явдаг нь дээрх судалгаанаас харагдаж байна. Сүүлийн үед гарсан ослын тоо ч  замын нөхцөл байдлаа сайжруулахыг сануулсаар байгаа.  
 
Б.Сансар
olloo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.