АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоны оронд Тагнуулын дарга Марк Помпео томилогджээ

186

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоны оронд Тагнуулын дарга Марк Помпео томилогджээ

 

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн бүрэн эрхийн хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоныг огцруулж, оронд нь Тагнуулын төв газрын даргаар ажиллаж байсан Майк Помпеог томилжээ.

Трамп Тагнуулын төв газрын даргаар Жина Хаспелийг томилохоор саналаа хүргүүлсэн тухайгаа жиргэжээ. Конгресс дээрх томилгоог зөвшөөрвөл хатагтай Хаспел АНУ-ын түүхэнд Тагнуулын төв газрыг тэргүүлсэн анхны эмэгтэй болно.

Доналд Трамп Тиллерсоны хийж, гүйцэтгэсэн бүхэнд нь талархахын сацуу шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга "гайхалтай ажиллана” гэдэгт итгэж байгаагаа ч твиттертээ бичлээ.

Төрийн албанд зүтгэхээсээ өмнө газрын тосны ExxonMobil компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Тиллерсон өнгөрсөн жил гаруй хугацаанд Трампын засаг захиргаанд гадаад харилцааг хариуцан ажилласан билээ.

Түүнийг огцруулах болсон шалтгаан нь Ерөнхийлөгч Трамп Хойд Солонгос болон олон улсын худалдааны гэрээний асуудлаар яриа, хэлэлцээ хийхийн өмнө шинэ баг бүрдүүлэхийг хүссэнтэй холбоотой гэж тайлбарлажээ.

Мөн гадаад бодлогын хүрээнд олон асуудал дээр санал зөрөлддөг байсан нь ч бас нөлөөлжээ. Доналд Трамп Цагаан ордны гадна мэдээлэл хийж "Бид боломжийн хэмжээнд санаа нийлж ажилласан. Гэхдээ бас олон асуудал дээр санал зөрөлдөж байсан. Ираны гэрээг авч үзвэл, би хувьдаа гамшиг гэж боддог.

Харин Тиллерсон энэ гэрээг боломжийн гэж бодож байсан байх. Бид зарим талаар санал нийлдэггүй. Харин Майк, Майк Помпео бид хоёрын санаа нийлдэг. Тэгэхээр ажил урагшилна гэдэгт итгэж байна. Рекс бол сайн эр. Надад таалагддаг” гэжээ.

Ийнхүү их гүрний Ерөнхийлөгч Трамп төрийн нарийн бичгийн даргаа солилоо.

М.Баяр

Эх сурвалж: Риа Новости

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.