Биднийг шоу үзээд нийтээрээ уярч суух хооронд …

241

 

Биднийг шоу үзээд нийтээрээ уярч суух хооронд …Үзэгчийг дэлгэцийн өмнө уяж, олон нийтийн ярианы сэдэв болж чаддаг дэлхийн алдартай интертаймент шоу нэвтрүүлгүүд манайд хийгдэж, бидний хүртээл болж чадаж байгаа нь сайшаалтай. Ардчилсан улс орны давуу тал энэ юм даа. Дуулах дуртай нь хүсвэл бүх нэвтрүүлэгт орж, өөрийнхөө хаана явааг хэдэн ч удаа мэдэж болохоор. Одоо урлагийн замналаа хөөж, хөдөлмөрлөөд явж байх ёстой олны танилууд ч бас энэ төрлийн нэвтрүүлгүүдэд ороод бас өөрийнхөө хаана явааг мэдэх гэж орж ирлээ гэх. Өмнө нь мэдээгүй л явсан юм уу даа бодвол.

Өөрийгөө мэдэх хүсэл сонирхолтой маш олон хүн байгаа учраас энэ төрлийн шоу нэвтрүүлгүүд манайд тун амжилттай хийгдээд байх шиг. Гэхдээ зөвхөн оролцогчоор хязгаарлаж болохгүй. Нөгөө тал буюу үзэгч байгаа учраас л амьтай, нэр хүндтэй, реклам сурталчилгаатай байгаа хэрэг л дээ.

UBS телевизийн дууны шоу үзэгчдийг татахаа болиод удаж байна. Түүнээс дуулах дуртай, бас л өөрийгөө таних хүсэлтэй шинэ залуу үе төрөн гарсаар л байгаа. Гэвч хийц нь үзэгчдэд гологдоод байгаа хэрэг. Дэлхийн шоу бол стандарттай. Тэр стандарт тодорхой түвшний үзэгчийг үргэлж татаж, байлдан дагуулж байдаг. Тиймээс энэ стандартыг нэвтрүүлж, үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж чадаж байгаагаараа манай телевизүүд өрсөлдөж, түүгээрээ ч орлого нь өсч байгаа болов уу.

Гэвч энэ олон гадны нэвтрүүлгүүдийн ард өөр зүйл бодох чадамжгүй нийгэм үйлдвэрлэгдээд байна уу гэсэн хардлага төрөх боллоо.

Долоо хоног бүрийн ням гаригт нэгэн залуу олны танил болж түүнийг бүтэн долоо хоног олон нийт өөрийн цахим хуудсаар ярьж, бичиж, шүтэн биширцгээнэ. Өөр сэдэв, өөр анхаарал татах зүйл байхгүй мэт. Гэтэл нотариат ажлуулдаг хүний таван настай хүүхдийн дансанд 500 сая төгрөг, өөрийнх нь дансанд нэг сая ам.доллар байгааг хэн ч сонирхож, хэн ч анзаарсангүй. Яагаад… Яагаад гэвэл нийгэмд тэр хүний хаанаас хэрхэн хөрөнгөжсөн нь сонин биш байх шиг байна.

Түүний оронд өөд болсон ээждээ зориулж сэтгэлээсээ дуулж байгаа охин ирээдүй л сонирхлыг нь ихэд татаж, таамаглал, зөгнөлөө хуваалцана. Эсвэл сайхан хоолойтой царайлаг хөвгүүн охидын, эгч нарын, бас бус залуусын ярианы сэдэв болно. Ингэж л нэгэн долоо хоногийн юу ч үгүй, үр дүнгүй өнгөрүүлж байгаа харахад эмзэглэл төрөөд байгаа юм.

Энэ хооронд буюу биднийг ээжийн охин, аавын хүү, олон жилийн дараа тайзан дээрээ гарч ирсэн урлагийн зүтгэлтэн, өөрийгөө хайсаар яваа олны танилуудын тухай ярилцаж суух хооронд улсад минь юу болоод байна вэ. Эрдэнэт үйлдвэр яав. С.Зоригийг хөнөөсөн залуусыг хэн хөлслөв. Яагаад Авлигатай тэмцэх газар С.Баяраас 10 цаг байцаалт авсан хэрнээ одоог хүртэл ус балгасан хэвээр байна вэ. Алтан хатагтай улсын хилээр өөрийн хүний нэр ашиглан зугтах гэж байсныг олон нийт яагаад сонирхохгүй байгаа юм бэ. Тавантолгой, Оюутолгой хэзээ бидэнд үр ашгаа өгч, хэзээ бид Дубай шиг, Сингапур шиг хөгжлийн гайхамшгийг бусдад гайхуулах вэ.

Яагаад иргэд нь улсынхаа асуудалд анхаарал зовинохгүй хэрнээ бүтэн сайн өдөр бүр уурлаж байж зурагтаа үзэж, бүтэн долоо  хоног тус сэдвээр амьдрах учиртай юм бэ. Энэ л миний эмзэглэл болчихоод байна. Зүгээр л шоу нэвтрүүлэг, зугаацуулах зорилготой гарч л байг гэж үү. Гэтэл та биднийг зурагтаа үзээд л маргаашийн танилаа шүтэж биширч, өрөвдөж хайрлаж суух хооронд улсыг минь худалдаад, гарын үсэг зураад явж байгаа юм биш биз дээ. Энэ шоу нэвтрүүлгүүд чинь ийм далд зорилготой, анхаарал сарниулагч байвал яах вэ. Яагаад бид өөрсдөөсөө ийм асуулт асууж чадахгүй болчихсон юм бэ.

Хар л даа. Дуулсан бүжиглэсэн … Таних мэдэхүй, шинжлэх ухаан, инженер технологийн холбогдолтой нэвтрүүлэг түй ч алга. Уг нь үр ашиг нь хэдэн мянга дахин үржигдэж, тархи л илүү сэтгэдэг болох байх. Гэтэл үзэгч байхгүй гэх шалтгаанаар хийхээс төвөгшөөж, оюутнууд дунд хүртэл сүперийг нь тодруулах шоу нэвтрүүлэг зохиодог болчихсон байна. Гэвч сүпер оюутан нь Монгол хэлээрээ зөв цэгцтэй ярьж чадахгүй байж, гадны хэдэн дууг галиглан цээжлээд түүгээрээ тэжээгдэж байна. Эндээс танд эмзэглэл төрөхгүй байна гэж үү.

Шоу нэвтрүүлгийн хийц чанар сайжрах тусам бидний татагдах байдаг улам л нэмэгдсээр байх нь. Удахгүй хамгийн мулгуй нэгнийг тодруулдаг гэхдээ гайхамшигтай хийцтэй нэвтрүүлэг байвал бид нийтээрээ татагдаж, зөвхөн түүнд л хамаг анхаарлаа хандуулж мэдэхээр байна. Энэ бүгдийн ард та бидэнд бодох, сэтгэх, эргэцүүлэх чадамжууд алдагдсаар байхыг анхаарах ёстой юм шиг.

Ugluu.mn



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.