Хувийн машинтай байх нь гэмт хэрэг үү

504

 

Хувийн машинтай байх нь гэмт хэрэг үүӨнөө өглөөхөн төв замаар зүүн тийш явж байгаад хажуугаас гэнэт шахсан машинаас бултаж, хов хоосон байсан нэгдүгээр эгнээ рүү ороотохлоо. Гэтэл яг тэр үед замын хажууд зогсож байсан, нүүр амаа битүүлж боосон нэг бүсгүй өөдөөс камер чиглүүлж байгаад зураг авч байна. Ихээ чөлөөт хувцастай, эрээн алчуураар нүүрээ битүүлж боосон, жинсэн өмдтэй, тун сэжигтэй байрын, танихгүй нэг хүнд зураг хөргөө даруулах хүсэл үнэндээ байгаагүй ч бушуухан зүүн гар талын эгнээ рүү шилжээд явсан юм.

Харин ажил дээрээ ирээд мэдээ унштал энэ нь Замын цагдаагийн газраас элдэв зөрчлийг илрүүлэхийн тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ гэнэ ээ. Энэ ажлыг өмнө нь том оврын автобусанд билет шалгагчаар ажиллаж байсан хүмүүс хийх ба зургаадугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх аж.

Нэг талаас харахад маш чухал шийдвэр ба угаас байнгын хараа хяналтгүй л бол саад давчих гээд байдаг монголчуудыг замын хамгийн баруун гар талын эгнээ рүү огт орохгүй болгоно гэж бодогдмоор. Гэвч үүний нөгөө талд шүүмжлэх зүйл даанч олон байх юм.

Нэгдүгээрт, том оврын автобуснуудад бүхэл бүтэн эгнээ чөлөөлж өгснөөр 1.3 сая хүн амтай Улаанбаатар хотын Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээ үндсэндээ автобусны мэдэлд бүрэн очсон билээ. Гэвч автобуснууд зөвхөн нэгдүгээр эгнээгээр л зорчдоггүй. Тэд хүсвэл, шар хортой нэгэн нь бусдад гүйцэгдвэл, эсвэл жижиг машинуудыг дээрэлхмээр санагдвал шуудхан зүүн гар тал руу даран орно. Яг ийм байдлаар том оврын автобуснуудаас болж бусад эгнээнүүдэд түгжрэл үүсдэг. Энэ бол бодит үнэн.

Хоёрдугаарт, Монгол Улс уг нь чөлөөт эдийн засгийг сонгоод даруй 28 жил болж байгаа ч өнөөг хүртэл төр засгаас гарч буй шийдвэрүүдээс хурц коммунизм үнэртдэг. Үүний нэг жишээ нь, хувийн өмч, тэр дундаа автомашин эзэмших явдлыг таслан зогсоох гэсэн оролдлого. Хэдийгээр дарга нар энэ шийдвэрээ хотын бохирдол, утаа, түгжрэлтэй холбон тайлбарладаг ч нийгэм өнөөгийн өнгө төрхөө олоход иргэдийн нөлөө огт байгаагүйг энд онцлох хэрэгтэй. Хотын түгжрэл, утаа, бохирдол нь Улаанбаатар хотын үе үеийн удирдлагуудын урагшгүй ажлын шууд үр дүн билээ. Үүнээс гадна хотын даргын шийдвэрээр бол машинтай хүмүүс түгжрээд, ажлаасаа хоцрох ёстой. Энэ нь тэд хувийн хөрөнгөтэй учраас гэх маягтай. Харин автобусаар зорчиж буй хүмүүс сайн иргэд, тэд хувьдаа машин унадаггүй болж таарах нь ээ.

Гуравдугаарт, хэрвээ нийтийн тээврийн салбар дорвитой хөгжсөн бол өнөөдөр улаанбаатарчууд хувийн машинаас илүүтэй метро, автобусыг сонгох байсныг дэлхийн хөгжингүй орнуудын жишээгээр тайлбарлаж болно. Гэтэл Улаанбаатарт байгаа нийт автобусыг хүн амьд харьцуулахад тун инээдтэй тоо гарах нь ойлгомжтой. Мөн автобус тав тухгүй, бохир, түүний дээр жолооч нарынх нь ур чадвартай ярих зүйл үгүй тун аюултай учраас хүмүс яаж ийгээд машинтай болж, түүгээрээ ажлаа амжуулахыг бодох нь зүй ёсны асуудал.

Дөрөвдүгээрт, автобусны төлбөр хураах системийг автоматжуулснаар маш олон кондуктор ажилгүй болсон билээ. Гэвч ажилгүй болсон иргэдээ ажлаар хангах нэрийдлээр замын хажууд зогсоож зураг даруулж, улмаар татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулах нь эдийн засгийн бус арга болж таарна. Ажлын байр бий болгоно гэдэг нь шууд утгаараа үйлдвэржүүлнэ гэсэн үг. Гэтэл нийслэл хотын төв зам дагуу "эвгүй” төрх байдалтай хүмүүс зураг даран гүйлдэх нь их хотын стандарт биш байлтай. Орчин үеийн хотод үүнийг камер, гэрлэн дохио, татвар, торгуулийн системээр зохицуулдаг болсон гэдгийг манай дарга нар мэдээгүй бололтой.

 
Erennews.mn
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>