Дарьханд: Төрийн байгууллагууд уялдаа холбоогүйгээс хүүхэд хамгааллын бодлого нэг чиг зүг рүү явж чадахгүй байна

157

Дарьханд: Төрийн байгууллагууд уялдаа холбоогүйгээс хүүхэд хамгааллын бодлого нэг чиг  зүг рүү явж чадахгүй байна

 

Хүүхдийг Ивээх сангийн Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрүүдийн менежер Б.Дарьхандтай Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоо ямар түвшинд байгаа болоод цаашид хэрхэн ажиллах хэрэгтэй байгаа талаар ярилцлаа.

-"Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэх болсон шалтгааны талаарх яриагаар ярилцлагаа эхлэх үү?

-Хүүхдийг Ивээх Сан 1994 оноос хойш хүүхэд хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлэн энэ салбарт 20 гаран жил тогтвортой ажиллаж байна. Манай байгууллага үйл ажиллагаагаа гурав болон 15 жилээр төлөвлөж ажилладаг. Үүний хүрээнд 2016-2018 оны ажиллах чиглэл, стратегийнхаа хүрээнд хүүхэд хамгаалах тогтолцоог бэхжүүлэх нь хамгийн чухал гэдэгт санал нэгдэж, ажиллаж байна. ЖАЙКА-гийн санхүүжилттэйгээр ХНХЯ болон манай байгууллага хамтран 2015-2018 онд "Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ төслийг хэрэгжүүлэх болсон шалтгаан нь нэгдүгээрт, бид эхлээд хүүхэд хамгааллын тогтолцоогоо бэхжүүлж байж хүүхдийн эрх, үйлчилгээ, бусад зүйлд анхаарал хандуулах ёстойг суурь судалгаагаар тогтоосон. Хоёрдугаарт, өмнө нь төрийн, болон бусад бүх шатны байгууллага хүүхэд хамгааллын асуудлыг гал унтраах байдлаар, тухайн асуудлыг шийдээд л, дахин гарах эрсдлийг нь ойлгуулан, залруулахгүй, бусдад сэрэмжлүүлэхгүй, нөлөөлөхгүйгээр шийдвэрлэж ирсэн нь суурь судалгааны олон шатанд тодорхой ажиглагдаж байсан. Тиймээс энэ байдлыг халах, системтэйгээр хамгааллын тогтолцоо бий болгож, хууль, эрхзүйн хүрээнд бат бөх суурьтай хамгаалалтыг хүүхдүүдэд бий болгох, энэ талын чадавхийг холбогдох албаныханд сургалт, арга зүйгээр олгох нь чухал гэж үзсэн. Энэ үүднээс төр, олон улсын хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллагууд хүүхэд хамгааллын бүх асуудлыг нэгдсэн бодлого, зорилготойгоор хамтран хэрэгжүүлэх нь чухал гэдэгт санал нэгдсэн. Манай байгууллагаас2006 онд Хүүхэд хамгааллын тогтолцоо ямар байгааг үнэлсэн судалгааг хийлгэж байсан. Энэ судалгааны тоо баримт ч төр, олон улсын хамтын ажиллагаа тогтолцоонд зайлшгүй анхаарах шаардлагатайг харуулсан байдаг. Гуравдугаарт, Хүүхдийг Ивээх Сангийн гурван жилийн стратеги, төлөвлөгөө нь хүүхэд хамгааллын асуудал. Иймд хүүхэд хамгааллын тогтолцоог бид нэг чиглэл нь болгон ажиллаж байна. Нөгөө талаас бид ямар нэгэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ Засгийн газар, холбогдох шатны төрийн байгууллагатай хамтран ажилладаг. Ер нь хийж хэрэгжүүлж буй ажил маань төр, засгийн бодлогын түвшинд хамтарч, уялдаж байх нь илүү чухал.

Төслийн маань гол зорилго бол 0-18 насны монгол хүүхдүүдийг хүчирхийлэл, дарамтаас урьдчилан сэргийлэх, хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, эрхээ эдлэх таатай орчинг нь бүрдүүлэхэд чиглэж байгаа. Зорилгоо биелүүлэхийн тулд хэд хэдэн зорилтыг өмнөө тавьсан. Нэгдүгээр, Засаг захиргааны анхан шатны нэгж дээрх хамтарсан багуудаа чадавхжуулъя. Хоёрдугаарт, эцэг, эх асран хамгаалагчид руу нь чиглэсэн хүмүүжлийн эерэг аргыг хэрэгжүүлье, нөлөөллийн ажиллагаа хийе. Гуравдугаарт, төслийн үр дүнгээс бодлогын түвшинд ямар асуудлуудыг тусгах, цаашид хууль, эрх зүйн хүрээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай зөвлөмжүүдийг шийдвэр гаргагчдын түвшинд хүргэх зорилт тавьсан.

-Хүүхэд хамгааллын тогтолцоо гэхээр маш өргөн цар хүрээтэй. Бүгдийг гурван жилийн хугацаанд хамарч, өөрчилж, чадавхжуулах боломж бага юм шиг санагдлаа. Тэгэхээр тодорхой зорилго, чиглэлүүдийн талаар мэдээлэл өгөх үү?

-Үнэхээр хүүхэд хамгааллын асуудал бол маш өргөн сэдэв. Хүүхэд хамгаалалд боловсрол, эрүүл мэнд, халамж, хууль эрх зүйн таатай орчин гээд нийгмийн бүхий л орчингийн асуудлууд орно. Тиймээс бид үйлчилгээнийтогтолцоог бэхжүүлэх дээр гол анхаарлаа хандуулсан гэсэн үг. Хүүхдийг Ивээх Сан Хүүхэд хамгааллын хамтарсан багийг Засаг захиргааны анхан шатны нэгж дээр Монгол Улсад 2003 онд анхлан санаачлан байгуулсан газрын нэг. Хамтарсан баг ньирсэн мэдээлэлд тулгуурлан нэн тэргүүнд хэнд ямар тусламж, арга зүй шаардлагатай байгаа вэ гэдэгт төвлөрч ажиллах чиг үүрэгтэй. Байгуулсан шалтгаан нь хорооны ганцхан нийгмийн ажилтан тусламж, дэмжлэг шаардлагатай хүүхэдтэй ажиллаад асуудлыг нь шийдэж өгч хүчрэхгүйд байсан юм. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ шаардахад нийгмийн ажилтан яаж туслах вэ, хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй хэрхэн харилцаж, ямар үйлчилгээ үзүүлэх вэ, халамжийн асуудал, сургуулийн орчинд ямар анхаарал тавих ёстой вэ гэх мэт нэг хүний дангаараа шийдвэрлээд, зохицуулахад хүндрэлтэй асуудал учраас эдгээр шаардлагатай мэргэжилтнүүдийг нэгтгэн баг болж, цогц үйлчилгээ хүргэх нь хамгийн оновчтой арга юм. Энэ бол олон улсын сайн туршлага. Төслийн хугацаанд нийслэлд зургаан хороо, Архангай аймаг, хоёр сум гээд есөн нэгж дээр хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх хамтарсан багуудад чиглэсэн ажил хийгдсэн.

-Хүүхэд хамгааллын тухай хуульд ч мөн хамтарсан баг ажиллах үүрэгтэй байгаа бил үү?

-Төсөл хэрэгжиж байх хугацаанд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай болоод Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулиуд батлагдсан. Эдгээр хуульд манай төслийн хамтарсан багийн хэрэгжүүлж байгаа ажлын гол агуулгууд тусгагдсан сайн хэрэг. Тухайлбал, бидний 2003 онд байгуулж байсан хамтарсан багийн системийг хуульд тусгаж өгснөөр төрийн бүх анхан шатны нэгж дээр хүүхэд хамгааллын хамтарсан баг ажиллана гээд тусгаад өгчихсөн. Энэ дагуу өдгөө бүх хороон дээр энэ баг ажиллаж байна. Хуулиуд батлагдсанаар бидний арга зүй, ур чадварулам бүр нарийн мэдрэмжтэй, чадавхтай, мэдлэгтэй байх ёстой болж байна. Учир нь гэр бүлийн орчинд болон бусад орчиндхүчирхийлэл үйлдэгдэхэд хүүхэд өртөж байдаг. Үүнд би хэрхэн ажиллах ёстой вэ. Мөн хүүхдийн эрх зөрчигдөхөд Хүүхдийн эрхийн тухай хуулийн дагуу бид ямар арга хэмжээ авах ёстой вэ гэх мэтээр асуудлууд улам нарийн болж байгаа юм.

-Хамтарсан баг нь нийслэлийн болон хөдөө орон нутагт, төрийн анхан шатны нэгж бүрт ажиллаж байна уу?

-Тиймээ, өмнө хэлсэнчилэн хүүхдийн эсрэг хүчирхийлэл хот, хөдөө ялгахгүй гарна. Тиймээс орон нутгийн онцлог байдлаас үл хамааран хүүхэд бүр хамгааллын үйлчилгээ авах учиртай. 2007 онд Нийслэлийн Засаг даргын хороод дээр хамтарсан багийн зохион байгуулалтаар хүүхэд хамгааллын болоод бусад зүйлд арга хэмжээ авах арга зүй нь зөв гэсэн утга бүхий захирамж гарч байсан. Тухайн үед бид хүүхэд хамгааллын суурь судалгаагаа хийсэн байсан учраас энэ чиглэлд түлхүү анхаарч, бүх хороонд хамтарсан баг байгуулж байсан юм. Орон нутгийн хувьд үүн шиг захирамжийг санаачлах оролдлого тухайн үед аймаг, сумдад харилцан адилгүй байсан. Одоо бол бүх аймаг, сумдад Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу үүрэг хүлээсэн төрийн алба ньхамтарсан багийн системээр ажиллаж байна.

-Өнгөрсөн гурван жилд хийсэн томоохон ажлуудаас онцолж хэлбэл?

-Бид төслийн эхний жилд бид бодлогын түвшинд нөлөөллийн болоод зөвлөмжийн байдлаар ажиллахын тулд гарын авлага, боловсруулах материал дээр гол анхаарлаа төвлөрүүлсэн. Өмнөх жилүүдэд гаргасан, тэр тусмаа 2011 онд бидний гаргасан гарын авлага 2015 онд мэдээллийн хувьд хуучирсан байх нь ойлгомжтой. Иймд хамтарсан багийн гишүүд болохнийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан, хорооны хэсгийн ахлагчид гэх мэт зорилтот хамтарсан багийн гишүүн бүрт тохирсон дэлгэрэнгүй гарын авлага бэлтгэсэн. Ингэхдээ чиглэл тус бүрийг яг тухайн салбарын, мэргэжилтэнгүүд хийлгэсэн. Тухайлбал, өрхийн эмчид зориулсан гарын авлагыг эрүүл мэндийн салбарын, цагдаагийн албан хаагчийнхыг цагдаагийн албан хаагч бичиж, мэргэжлийн хүмүүс нэгтгэн шүүж, хэлэлцэж гаргасан нь давуу тал болсон.Энэ гарын авлага маань үндэсний хэмжээний хүүхэд хамгааллын ширээний ном, гол хөтөч болж байгаад баяртай байна. Энэ бол хүүхэд хамгааллыг нэг чигтэй, нэг бодлоготой болгож байгаа сайн талтай. Гарын авлагын дагуу түүнийг хамтарсан багийн гишүүдэд заах үндэсний сургагч багш нарыг бэлтгэсэн. Бэлтгэгдсэн сургагч багш нар маань хороо, сум, багийн түвшинд ажиллаж байгаа хамтарсан багийн гишүүддээ сургалтуудыг зохион байгуулсан.

Мөн төсөл хэрэгжих орон нутаг болон өөр бусад хороо, багт суурь судалгаа хийсэн. Өөр нэг чухал зүйл нь хамгаалал хэрэгтэй хүнтэй ажиллах загвар маягтыг холбогдох бүх шатны байгууллагатай хамтран шинэчлэн нэгтгэж, бөглөх зааварчилгаатайгаар цэгцтэй, мэргэжлийн болгожгаргасан. Үүнээс гадна Хүүхдийг Ивээх Сангийн дэргэд Хүүхэд хамгааллын аргазүйн төв гэж бий. Тэнд мэргэжлийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд ажилладаг. Тэд маань нийслэлийн гурван дүүргийн 6 хорооны хамтарсан багуудад очиж, ажлын байран дээрх арга зүйн зөвлөгөө, сургалтыг зохион байгуулж, мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор тодорхой сэдвүүдээр заавар, зөвлөгөө өгч ажилласан нь их үр дүн өгсөн.Түүнчлэн төсөл хэрэгжиж байгаа есөн хамтарсан багийн гишүүд маань хоорондоо туршлага солилцох уулзалтыг сар бүр зохион байгуулж байгаа нь өгөөжөө өгч байна.

-Эдгээр ажлыг хийснээр хамтарсан багийнхныг мэдээлэл, мэдлэг, арга зүйн хувьд чадавхжуулснаар ямар үр дүн гарч байна вэ?

-Хүүхэд хамгааллын асуудал бол маш хүнд салбар. Өмнө нь ч эрх зүйн болоод бусад бүх талын үйлчилгээ, хамгааллыг хүүхдүүд үгүйлж, хүсэж байсан. Гол асуудал нь тэдэнд тулгараад байгаа асуудлыг томчууд ерөнхийд нь ойлгодог ч хэрхэн, ямар арга зүйгээр, мэргэжлийн түвшинд туслахаа мэддэггүй байсан гэж болно. Тухайлбал, ийм зүйл болсноор хүүхдийн эрхийг зөрчиж байна, хүүхдийн хүчирхийлэл хажуу айлд нь үйлдэгдсээр байхад хуулийн хүрээнд хэрхэн таслан зогсоох, бусдыг урьдчилан сэргийлэхээ мэддэггүй байсан. Олонх нь хүүхдийн зодож, шитгэх нь гэр бүлийн хүмүүжил олгох үйл явц, арга барил, хүний асуудал гэж бодож ирсэнтэй холбоотой. Харин хамтарсан баг анх байгуулагдсанаар, багийн гишүүдийг зохих мэдлэг, мэдээллээр хангаж, үүргийг нь тодорхой хуваарилж, зөвлөж, зааснаар хүүхдүүдийн хамгаалуулахыг хүсдэг зүйлсийг мэддэг, ил гаргадаг, хамгаалдаг болж ирж байгаа юм. Үүний хамгийн тод жишээ бол Хүүхдийн тусламжийн 108 тоот утас. Энэ тусламжийн дугаар ажиллаж эхэлснээр хүүхдийн хүчирхийллийн илрүүлэлт маш нэмэгдсэн. Мөн Хүүхэд хамгааллын тухай болон Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуультай болсон нь маш сайн. Хүүхдийн хүчирхийллийн талаар хуулийн байгууллагад мэдээлэл өгөх, хүчирхийллийг таслан зогсоох, хамгаалах нь иргэн таны үүрэг болж, хуульчлагдсан нь хүүхэд хамгааллын хүрээг тэлж байгаа хэрэг. Энэ мэтээр хэдхэн жилийн өмнөхийг бодвол харьцангуй өөрчлөгдөж байгаа ч энэ тийм богино хугацаанд дэвшил гарч, үр дүнд хүрдэг салбар биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Тодорхой ажлууд хийгдэж байгаа ч хүүхэд хамгааллын тал дээр одоо зайлшгүй хийх шаардлагатай байгаа ямар чухал ажлууд байна вэ?

-Хийх зүйл маш их байна. Хамгийн чухал нь шат дараатайгаар, маш цэгцтэй, системтэйгээр бид хүүхэд хамгааллын тогтолцоог зөв, бат бөх тавьж өгөх нь чухал. Үүний тулд хамтарсан багийн гишүүд мэдлэгтэй, чадавхтай байх ёстой.Төсөл хэрэгжиж байгаа есөн нэгжийг өөр бусад хороо, сумтай харьцуулахад хамтарсан багийн үйлчилгээнд гарч буй ялгаа маш их байна. Энэ нь төслийн эцсийн үнэлгээгээр гарч ирж байна.Төслийн хүрээнд хийсэн, сурсан зүйлээ одоо үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх нь чухал байна. Хүүхэдтэй яаж харилцах вэ, тэднийг ямар арга зүйгээр хэрхэн хамгаалах вэ, ямар зөвлөгөө өгөх вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй байна. Энэ бүхнийг бий болгох нэг чухал зүйл нь төсөв. Төсөвгүйгээр хамтарсан багийг чадавхжуулахад ер нь хэцүү дээ. Зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд гэхэд 152 хороонд 152 хамтарсан үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үг. Бүгд чадавхтай, ажлаа мэддэг, манай төсөлд хамрагдсан есөн хамтарсан баг шиг л ажилладаг болчихвол ямар их хэрэгтэй вэ.

-Төсөл хэрэгжих хугацаанд тулгарсан бэрхшээлээсээ хуваалцвал?

-Төслийн хугацаанд орон нутгийн болоод УИХ-ын сонгууль боллоо. Энэ төслийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн гэж хувьдаа үзэж байгаа. Учир нь, сонгууль боллоо, намаа дагаад Засаг дарга нь солигдлоо. Түүнийг дагаад бүх албан тушаалтан нь солигдож байгаа юм. Нэг, хоёр жилийн хугацаанд мэргэшүүлчихсэн, олон удаагийн сургалтад хамрагдаад юмаа мэддэг болчихсон хүмүүсийг энэ талын ямар ч мэдэгдэхүүнгүй, мэргэжлийн бус хүнээр сольчихож байгаа хэрэг. Энэ тохиолдолд ганцхан манай төсөл ч биш өөр олон ажил цалгардах, бүхнийг шинээр эхлэх болдог. Цаг хугацаа, хөрөнгө санхүү, мэдлэг, мэдээллийн хувьд үнэхээр хайран байна.Төрийн албан хаагчийн тогтвортой байдал алдагдсан нь олон үйл ажиллагаа доголдох шалтгаан гэж болно. Нөгөө нэг зүйл нь мэргэших, мэргэжлийн байх гэдэг зүйл боловсон хүчнүүдэд маш их дутагдаж байна. Түүнчлэн хорооны нийгмийн ажилтан маш олон удирдлагатай. Албан тушаалын эрэмбээрганц хүнд хэдэн ч дарга байгаа юм? Шат дараалсан бүх төрлийн төрийн салбар, нэгж байгууллагаас бараг сар тутмын уялдаа холбоогүй, олон янзынтайлан нэхэж байна. Нийгмийн ажилтанд үндсэн ажлаа хийх цаг, орчин, боломж олгохгүй байна. Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам энэ тал дээр ажиллах шаардлага байна. Салбар дундынуялдаа холбоо, хамтын ажиллагаа шаардлагатай байна. Учир нь Хууль зүй, дотоод хэргийн яам нь Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нь Хүүхэдхамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулиудын хэрэгжилтийг хариуцдаг. Анхан шатны нэгж дээрээ хамтын баг ажиллаад байхад, бодлогын түвшиндээ нэгдээд, хамтраад ажиллах хэрэгтэй байна. Хэсгийн цагдаа ч ялгаагүй ийм л нөхцөлд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдлаас болж хүүхэд хамгааллын бодлого нэг чиглэлтэй болж чадахгүй байна гэж болно. Хамгийн ойрын жишээг дээр дурдлаа. Мөн хамтарсан баг хэрхэн ажиллаж байгаа, ямар үйлчилгээ үзүүлж байгааг үнэлэх, мониторинг тогтолцоо сул байгаа нь төсөл хэрэгжих явцад ажиглагдсан юм. Үүн дээр анхаарал хандуулах хэрэгцээ шаардлага байна.

-Дээр эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн сургалт, үйл ажиллагаа хийгдэж байгаа талаар дурдсан. Энэ талаар дэлгэрэнгүй хэлж өгөөч?

-Төслийн зорилтот нэгж буюу хамтарсан баг ажиллаж байгаа нэгжийнхээ харъяаллын эцэг эхчүүдэд хүмүүжлийн болоод гэр бүлийн эерэг хандлагын талаарх нөлөөллийн үйл ажиллагаа явуулсан. Нэгдсэн тоогоор 109 эцэг, эхийг нарийвчилсан хөтөлбөрт хүмүүжлийн эерэг аргасургалтад хамруулж, тодорхой үр дүнд хүрээд байгаа. Дараагийн шатны 115 эцэг, эхийн сургалт эхлэхэд бэлэн болоод байж байна. Тэдэнд зориулсан гарын авлага, сургалтын материалуудыг мөн бид эрхлэн гаргасан. Эцэг эхчүүдийг хүүхдээ зодож шийтгэлээ, үл хайхарлаа гэхийн оронд бид хэрхэн яаж хүүхэдтэйгээ харилцах аргыг зааж өгч байна. Хүмүүжлийн эерэг аргын сургалтад суусан ээж, аавууд бүгд маш их сэтгэл хангалуун байна, амьдралд нь ч үр дүнгээ өгч байна.

-Төслийн хугацаа дуусаж байгаа ч 2018 онд хийх ажлын талаар?

-Зорилтот болон зорилтот бус нэгжүүдэд харьцуулсан эцсийн судалгаа хийгдэж байна. Үүнийгээ бид бодлогын түвшинд хүргэхийг зорьж байна.Төсөл дуусаж байгаатай холбоотойгоор Гэр бүл, хүүхэд залуучуудын газартай хамтран "Хамтарсан багийн ололт амжилт, тулгамдажбуй асуудлууд” гэсэн зөвлөгөөнийг энэ 3 дугаарсарын 29-нд хийнэ. "Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь”төслийн хугацаа дуусаж байгаа ч хүүхэд хамгааллын чиглэлийн дараагийн шатны буюу дөрвөн жилийн хугацаатай төсөл үргэлжлэн эхэлнэ. Дараагийн шатанд есөн нэгж дээр орон нутгаас Дорнод аймаг, нийслэлийн зургаан хороо нэмэгдээд хамтарсан 16 баг болж ажиллагааны хүрээ өргөжиж байгаа. Ингэхдээ хамтарсан багаа чадавхжуулахаас гадна ахисан шатны хүүхэд хамгааллын салбараа хөгжүүлэхийн тулд үйлчилгээ, арга зүйн тал дээр улам нарийвчилсан байдлаар ажиллана. Эцэг, эхийн зан үйлийг засах, хандлагад эерэгээр нөлөөлөхнь хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх гол аргуудын нэг гэдэг нь судалгаагаар нотлогдсон учраас энэ чиглэлд түлхүү анхаарна.Мөн хүүхэд хамгааллын чиглэлээр олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажил дээр ажиллана.

 

 

 

 

Б.МАРТ 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.