ЭНЭ ОНД НИЙСЛЭЛД ШИНЭЭР 42 ЦЭЦЭРЛЭГ БАРИГДАНА

1124

ЭНЭ ОНД НИЙСЛЭЛД ШИНЭЭР 42 ЦЭЦЭРЛЭГ БАРИГДАНА

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанд нийслэлийн боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтыг Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа танилцууллаа.

Энэ онд нийслэлд 18 шинэ сургууль, 27 сургуулийн өргөтгөл, нийт 45 сургуулийн барилга баригдаж эхэлнэ. Үүнээс Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 9 сургууль, 25 сургуулийн өргөтгөл, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 7 сургууль, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2 сургууль, 2 сургуулийн өргөтгөл баригдахаар төлөвлөгджээ.

Мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 42 цэцэрлэг, 10 цэцэрлэгийн өргөтгөл, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 2 цэцэрлэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн хөрөнгөөр 2 цэцэрлэг нийт 56 цэцэрлэгийн барилга баригдаж эхэлнэ.

Мөн 2018 онд Улсын төсөвт 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 5 спорт заал барих хөрөнгө тусгагдан батлагдсан. Улс нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин хэрэгжиж буй 2 сургууль, 6 цэцэрлэг, 6 цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил хийгдэнэ.

Нийслэлд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар 7 сургууль баригдахаар шийдвэрлэгдсэн. Үүнийг 5 сургуулийг барих ажлын гүйцэтгэгчээр "Beijing construction engineering group” шалгарч, барилга угсралтын бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар 2 сургууль, 2 сургуулийн өргөтгөл баригдана.

НҮБ-ын Хүүхдийн сангийн хөрөнгөөр нийслэлийн Боловсролын газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ хамтран Баянзүрх дүүргийн 9,17 дугаар хороонд тус тус 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барих төслийг эхлүүлээд байна.

Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төслөөр нийслэлд 9 сургууль, 22 цэцэрлэг баригдана. Энэ онд барилгын зураг төслийг боловсруулах, худалдан авах ажиллагааны бэлтгэлийг хангаж 2019 оноос барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>