Төр засгийн бурууг түмэн олон үүрэх учиргүй
Бүтээн байгуулалт хийхэд учир баймаар. Улаанбаатар хотын удирдлага 2018 онд нийслэлдээ том хэмжээний бүтээн байгуулалт хийх гэнэ. Сүүлийн 30 гаруй жилд МАН, АН хоёр (Манайхан МАНАН гэж ярьж, бичдэг) төр засаг болоод нийслэлийн удирдах эрх мэдлийг ээлжлэн барьж байхдаа нийслэл хот, ард иргэдэд хэрэгтэй бүтээн байгуулалтын шинжтэй хийсэн ажил тун бага даа. Ялангуяа олдсон эрх мэдэл байгаа боломжтой нь харьцуулбал МАН-ын эрх баригчид Улаанбаатар хотыг олон жил удирдахдаа ёстой юу ч хийгээгүй. Харин газрын наймааг л цэцэглүүлсэн гэлцдэг. Өнөөдөр хотын хөдөлгөөнд саад болж, иргэдийн тав тухтай амьдралыг алдагдуулж байгаа, хот төлөвлөлтийн ямар ч бодлогогүй чухамдаа эзгүй хээр газар майхан босгож байгаа мэтээр баригдсан шилэн байшингуудыг хувийн хэвшлийнхэн голлож барьсан. Гэтэл энэ жил гэнэт сэрж "Замын хөдлөлгөөн хаана, тээврийн хэрэгслэлийн дугаарын хязгаарлалтыг өргөжүүлнэ. Тэнд ч энд ч, газар газар янз бүрийн юм барина. Энэ ажилтай холбогдуулан цөөнгүй газрыг хамарсан орчинд олон зам, уулзварыг нэгэн зэрэг урт хугацаагаар хаана” хэмээн олон түмнийг дарамталж эхэллээ. Бараг л "хорио цээрийн дэглэм тогтоох” маягийн юм ярьж цуврал мэдэгдлийг хийсээр олныг цочирдуулж байгаа нь нэг л хачин. Энэ хэт сүржигнэлтээс МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ч болгоомжлон анхааруулсан байна билээ.