Энэ зуны бүтээн байгуулалтууд

130

Энэ зуны бүтээн байгуулалтууд

 

Төлөвлөсөн ёсоор ирэх долоо хоногийн эхээр бүтээн байгуулалтын ажлууд эхлэх ёстой. Монгол орны цаг  улирлын байдал бүтээн байгуулалтад багахан боломжит хугацаа олгодог. Үндсэндээ дөрөвдүгээр сарын 15-аас 10 дугаар сарын 15 хүртэл. Бүтээн байгуулалтад энэ цаг хугацаа нөлөөлдөг, хөгжлийг тодорхой хугацаагаар сааруулдаг.

Энэ зун олон томоохон бүтээн байгуулалт эхлэхээр товлоод байгаа бөгөөд эдгээрийн ихэнх нь Улаанбаатар хотод.  Улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалтаар нэрлэгдэж хүлээлттэй байгаа Алтанширээтийн нефть боловсруулах үйлдвэр, Гашуунсухайт чиглэлийн төмөр зам одоогоор сураггүй байна.  Нефть боловсруулах үйлдвэрийн тухайд хөрөнгийн эх үүсвэр, зураг төсөл нь бэлэн гэж байсан ч  байршил, түүхий эдийн хангалт  талаасаа тодорхойгүй байгаа гэсэн мэдээлэл бий. Ер нь Монголд нефть боловсруулах үйлдвэр барьж байгуулна гэхээр заавал нэг саад тээг гардаг.  Мөн тэр л жишгээр орж магадгүй. Харин  төмөр замын тухайд одоогоор мөнгөгүй гэсэн шалтгаан дагалдаж байгаа.

Томоохноос гэвэл Улаанбаатарт баригдах цэвэрлэх байгууламжийн ажил энэ хавартаа биш юмаа гэхэд энэ жилдээ багтаад эхлэх боломжтой болж байх шиг. Ерөнхий сайдын БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хөрөнгө санхүүгийн асуудал үндсэндээ шийдэгдчих шиг боллоо.

2018 онд нийт 1,000 гаруй км зам хүлээж авахаар төлөвлөсөн

Зүүн 4 замын гүүрэн зам ийм болно

 Ийм мэдээллийг Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ хэвлэлийнхэнд дуулгасан. Тодруулбал, 2018 онд улсын төсөв, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгөөр нийт 9 чиглэлийн 556.2 км авто замын барилгын ажлыг шинээр эхлүүлнэ.

Авто замын салбарт 2018 онд шинээр эхлэх ажлууд:

-Улсын төсвөөр: Гурванбулаг-Хишиг-Өндөр чиглэлийн 22 км хатуу хучилттай авто зам, Баян-Өлгий аймгийн төвийн 10.4 км авто замын өргөлтгөл, шинэчлэлтийн ажил, Баянхонгор-Арвайхээр чиглэлийн огцом эргэлтийн 4.4 км замын трассыг өөрчлөх хатуу хучилттай замын ажил.

-Гадаадын зээл тусламжаар: Завхан аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын ажил, Баруун босоо тэнхлэгийн Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км хатуу хучилттай зам, "Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл”-ийн замаас Мөст сум чиглэлийн 20.3 км зам.

Хөшигийн хөндийн Олон улсын нисэх буудлын хурдны зам

 -Төр хувийн хэвшлийн хөрөнгөөр: Говь-Алтай, Ховд аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэлийн 4 замын уулзвар Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км авто замын барилгын ажил, Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум чиглэлийн 120 км хатуу хучилттай замын барилгын ажлыг хийж гүйцэтгэх аж.

 90 сая ам долларын өртөг бүхий 5 томоохон гүүрний  бүтээн байгуулалт эхэлнэ

Хотод хийгдэх хоёр дахь томоохон төсөл бол Замын цагдаагийн ойролцоох 470 метрийн урттай гүүрэн зам.  Энэ ажил энэ сарын 15-аас эхэлнэ гэсэн товтой.  42 сая ам ам долларын өртөг бүхий уг төслийг 1,6 жилд багтаан дуусгахаар зорьж байгаа бөгөөд  газар чөлөөлөлтийн асуудал хийгдчихээд байгаа.

Яармагийн гүүр ийм болно. Одоогоор ажлын гүйцэтгэл 50 хувьтай байгаа

 Нийслэлийн авто замын газрын даргын мэдээлснээр энэ жил Яармагийн болон  Сонсголонгийн гүүр зэрэг нийтдээ 5 том гүүрийн  ажил хийгдэхээр төлөвлөгджээ.   Эдгээр гүүрний ТЭЗҮ бүгд хийгдчихсэн, хөрөнгө санхүү нь шийдэгдчихсэн юм байна.

Яармагийн гүүрний тухайд өнгөрсөн жил баригдаж эхэлсэн гүйцэтгэл нь  50 хувьтай байна.  Энэ бол томоохон бүтээн байгуулалт, 2,5 жилд багтаж барих төлөвлөгөөтэй боловч хугацааг наашлуулахаар зорьж байгаа гэсэн.

Зүүн дөрвөн замын давхар гүүрний ажил  удахгүй  эхэлнэ. Энэ ажил амжилттай хэрэгжвэл баруун дөрвөн замын уулзварыг бас иймэрхүү жишгээр  барьж байгуулах юм.  

Нийслэлд хийгдэх 5 томоохон гүүрний бүтээн байгуулалтад нийтдээ 90 сая ам.доллар төлөвлөгдөж байгаа бөгөөд бүгд БНХАУ-н хөнгөлттэй зээлээр хэрэгжих юм байна.

Дамын цагдаагийн гүүрэн гарц

   Бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлж, цэцэрлэгт хамрагдалтыг 85 хувьд хүргэхээр

Энэ онд улсын төсвөөр 52 цэцэрлэг 34 сургуулийн барилгыг шинээр барих буюу өргөтгөлийг барина. Жайка, БНХАУ, Азийн хөгжлийн банкны тусламж зэргээр сургуулиуд мөн баригдана. Гэхдээ газрын асуудал хүндрэлтэй байгаа гэсэн мэдээлэл бий.  

Ингэснээр хотын бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэх, хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтыг 85 хувьд хүргэнэ  гэсэн тооцоо бий.

Олон улсын жишгээр бол  тухайн насны хүүхдүүдийн 85 хувь нь цэцэрлэгт хамрагддаг аж.

Хаана хаана цэцэрлэгт хүрээлэн байгуулах вэ

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2018 оны тохижилт ногоон байгууламжийн хүрээнд есөн байршилд ойн төгөл бүхий бичил цэцэрлэгийг байгуулахаар төлөвлөж, зураг төслийг нь хийжээ. Бичил цэцэрлэгийг тавдугаар сарын 1-ээс зургадугаар сарын 1-ийг хүртэл хийж дуусгах аж.

Бичил цэцэрлэгийг хүн ам их төвлөрдөг, сул шороо ихтэй газруудад байгуулах бөгөөд 4-6 метрийн өндөртэй нарс модыг шигүү тарьж, ойн төгөл бий болгон түүн дотор иргэдэд зориулсан амрах талбай, явган хүний зам, сандал гэрэлтүүлэг хийнэ.

Бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах байршлууд:

-СХД-ийн Залуусын гудамж

-БЗД-ийн Тунелын өгсөх хэсэгт E-mart эсрэг талд

-ХУД-ийн 3-р байрны өмнөх цэцэрлэг

-ХУД-ийн 15-р байрны өмнөх талбай

-БЗД-ийн 4-р хороо Жуковын хөшөө орчим

-ЧД-ийн 1-р хороо /Гандирс төвийн зүүн урд хэсгийн орон сууцны байрны дунд/

-Занабазарын гудамж

-Бээжингийн гудамж

-Удирдлагын академийн өмнө

Нэг байршилд цэцэрлэгт хүрээлэн байгуулахад ойролцоогоор 60-80 сая төгрөг шаардагдах аж.

 П.Булган

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.