ХЯМРАЛЫГ ХЭРХЭН УДИРДАХ ВЭ?

636

ХЯМРАЛЫГ ХЭРХЭН УДИРДАХ ВЭ?

 

Гадаад өртэй холбоотой улстөрчид болоод эдийн засагчдын байр суурь янз бүр. Сүүлийн жилүүдэд өрийн асуудлыг улстөржүүлэх хандлага давамгайлж буй нь эргээд эдийн засагтаа сөрөг нөлөөлөл дагуулж болзошгүй гэдгийг хэлэх эдийн засагчид ч бий. Ер нь бол  Монгол Улс л ганцаараа өртэй юм биш. Гол нь өр тавьж олж ирсэн мөнгөө юунд зарцуулж байна вэ гэдэг нь үндсэн сэдэв.

Хөгжиж дэвшихэд хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй. Өр бол хөрөнгө оруулалт. Тиймээс ч өрийн менежмэнт, зарцуулалтын асуудал хамгийн чухал. Гадаад зах зээлд бонд гаргахдаа, гадны байгууллагуудаас мөнгө зээлэхээсээ өмнө чухам юу хийх гэж буйгаа, ямар төсөл хөтөлбөрүүдэд мөнгө зарцуулах гэж буйгаа, мөнгө зарцуулсан төсөл хөтөлбөрүүд нь хэзээнээс эргэн үр шимээ өгөх вэ, зээлийн эргэн төлөлтөд хэрхэн яаж нөлөөлөх вэ гэдгийг нэлээд өндөр магадлалтай тооцдог байх шаардлагатай аж. Манай тухайд бол тийм тооцоо төлөвлөгөө сэлтгүйгээр бондууд гаргасан явдал бий. Евро бонд, Чингис бонд гэхчлэн бондууд  гаргаж мөнгө олж ирэхдээ юу хийх гээд байгаагаа яг таг тодорхой болгоогүй байсан.

Ямартаа л Хөгжлийн банк бондын мөнгөө хагас жил хаашаа хөдөлгөхөө мэдэхгүй, хоногийн 90 мянган ам.долларын хүү төлсөн гэж чичлүүлж байхав дээ. Тэгэхээр  улстөрчид нь гадаад зах зээлээс улс орныхоо нэр сүрээр мөнгө босгож байгаа бол улстөржилтгүй, ухаалаг, холын хараатай зарцуулалтын асуудлыг нь ч бас давхар шийдэх ёстой юм. Сүүлийн хэдэн жилд дараалан гаргаж буй бондуудаас зарцуулалт нь тодорхой ганц л бонд байгаа нь Засгийн газраас гаргасан "Хуралдай” бонд болоод байна. Евро бондын төлбөр болох 580 сая ам.долларыг хаахын тулд, шинэ бондоор Хөгжлийн банкны евро бондыг сольсон билээ.  Өмнөх бондуудын тухайд зориулалт нь ийм тодорхой байсан удаагүй л дээ. Ямартай ч ийн эхний даваагаа давж буй нь сайн хэрэг юм.

Хуралдай бондын сураг гарах хүртэл Монгол Улс өрөө төлж чадах уу гэдэг анхаарал татсан асуулт хариу нэхэж байсан юм. Хэрэвзээ бид Евро бондын өрийн ард гарч чадахгүй бол ирэх 2018 онд төлөх Чингис бондын 500 сая ам.доллар, 2022 онд төлөх 1 тэрбум ам.долларын эргэн төлөлтийн асуудлууд улам ужигран хүндрэхэд хүрэх вий гэсэн сэрэмж бас дагаж байв. Эдгээр бондын мөнгөний зарцуулалт шүүмж дагуулдаг гэдгийг хэлэх хэрэгтэй.

Судалгаанаас харахад, манай улсын гадаад өр сүүлийн 5 жилд 3.2 дахин өсч, 2015 оны байдлаар 21.6 тэрбум ам.долларт хүрсэн байдаг. Ингэж өсөхөд гадаад зах зээлд гаргасан бондууд үлэмж нөлөөлсөн нь тодорхой. Тэгвэл бид өдгөө ОУВС-ын хөтөлбөрт хамрагдсан. Өрийн хэмжээ мэдээж нэмэгдэж буй. Дашрамд тодотгоход, УИХ-аас  2015 онд баталсан Өрийн удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт "улсын нийт гадаад өр”-ийг Засгийн газар, орон нутаг, Монголбанк болон Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн харьяат бус аливаа этгээдэд төлөх төлбөрийн үүрэг гэж тодорхойлсон байдаг юм.

За тэгээд  тухайн улсын Засгийн газар урьдчилан тохиролцсон гэрээний дагуу хүү, үндсэн төлбөрөө төлөхгүй байх тохиолдолд өрийн хямрал үүсэх нөхцөл бүрддэг гэдгийг  гадны улс орнуудын жишээ харуулж ирсэн. Түүнчлэн энэ дашрамд, өрийн хямралын талаарх судалгааны мэдээллээс хүргэхэд анхны өрийн хямрал XVIII зууны үед гарч байсан бол орчин үед 1980-аад оны Латин америк, 2010 оны Европын улсуудад болсон гадаад өрийн хямрал томоохон жишээнд тооцогдож буй юм. Гадаад өрийн хямрал үүсгэх хүчин зүйл нь улс орон бүрийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байдаг ч өрийн хямрал нь бусад төрлийн санхүүгийн хямрал үүсэх шалтгаан болдог  байна. Тэгэхээр улс орон өрийн хямралт байдалд орохгүйн тулд өрийн зарцуулалтын асуудал дээр тун зөв хандах хэрэгтэйг дэлхийн улс орнуудын жишээ бидэнд харуулсаар байгаа юм.

Түүнчлэн дэлхийн нийт өр түүхэнд байгаагүй дээд хэмжээндээ буюу ДБН-ийхээ 225 хувьтай тэнцүү хэмжээнд хүрээд байгааг судалгаа харуулж байна. Япон, Англи, Испани, Франц, Итали, Өмнөд Солонгос зэрэг дэлхийн 10 том орны өрийн хэмжээ өсөлттэй байгаа бол  өрийн хүндрэлтэй байгаа Европын орнуудын мэдээллээс харахад Ирландаас бусад улсын өр тийм ч өндөр биш байна. Тэгвэл манай өмнөд хөрш БНХАУ-ын өр нэмэгдэж байгаа бол АНУ-ын хувийн секторын  өрийн хэмжээ хямралаас хойш буюу 2008 оноос хойш огцом буурч байгаа юм байна.

Улс орнуудын өр нэмэгдэхийн  хэрээр төсвийн бодлого хумигдаж, бодлогын орон зайгүй болж буй бөгөөд олон улс орнуудад сангийн бодлогын орон зай төсвийн өндөр алдагдал, өсөн нэмэгдэж буй төрийн өрөөс болж өрийн тогтвортой байдлыг хадгалахаар хичээж буй улс орнуудад хүртэл хязгаарлагдмал болсон талаар эдийн засагчид хэлж буй аж. 

Гэхдээ өр гэдэг асуудлыг бүгд чичлээд байдаггүй. Өрийн талаарх судлаач, шинжээчдийн анхаарал татсан тодорхойлолтууд ч байна. "Нэг хүний өр өөр нэг хүний хөрөнгө болдог” гэж Антонио Фатас хэлсэн бол "Өр бол бидний өөрсдөөсөө зээлж буй мөнгө” хэмээн Паул Кругмэн хэлжээ. Тэгвэл "Төр ийм их хэмжээний өртэй удаан байж болохгүй. Төлөх чадвараасаа давсан өр нь эдийн засгийг аливаа шокоос хамгаалах дархлаагүй болгодог” гэсэн тодорхойлолт ч байгаа юм.

Тэгвэл манай  судлаач Б.Эрдэнэбат "Бага орлоготой оронд өр өсөх нь хатуу арилжааны нөхцөлтэй зээл авах байдалд хүргэдэг, энэ төрлийн өрийн удирдлага нь макро эдийн засгийн бодлогыг хүндрүүлэхийн зэрэгцээ, улсын төлбөрийн чадвар нь түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хамааралтай тохиолдолд улсын нийт эрсдэлийг нэмэгдүүлдэг, энэ нь улсын салбарт томоохон эрсдэл болохоор байна” гэсэн бол судлаач Ч.Энхбаяр "өрийн шатлалыг хурдтай өсгөх нь Монгол улсын зээлжих зэрэглэл болон өрийн дарамтад орох сөрөг нөлөөтэй, мөн богино хугацаанд өрийг нэмэгдүүлэх нь өрийн дарамт бодитойгоор тулгарах эрсдэлийг анхааруулсан байдаг.

Эдгээр байр сууриудыг харахад аль аль нь л бодит нөхцөл байдалд ойр байгаа нь, ямар ч улс орны тухайд тодорхой хэмжээний ӨР тавих нь эдийн засгийн хувьд хэвийн үзэгдэл, гол нь өрийн зөв зарцуулалтын асуудал болоод эргэн төлөлт  шийдэл байдаг гэдгийг харуулж байгаа юм.  Түүнчлэн зөв алхмууд цаашдаа хийгдэх ёстой юм.

Э.Болор

http://www.monnews.mn/a/1130

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>