Д.УРИАНХАЙН ЖҮЖГҮҮДИЙН ХООСОН ОРОН ЗАЙН ЗАРИМ ТОЙРОГ

32

Чухамдаа ертөнцийн хуулиар хоосон ч гэсэн ямар нэгэн хэлбэр бүтээж байдаг. Бидний төсөөллөөр хоосон гэдэг нь ихэвчлэн тойрог бүтээдэг гэж үздэг. Гэхдээ энэ бол ердөө л бидний төсөөлөл. Уран зохиолд ч ялгаагүй, хоосны тухай ойлголт тойрог хүрээд зогсдог. Цааш нь атом мэт задлах боломжгүй мэт одоохондоо санагдана. Харин тийм задрал хийж болох оюун санааны "дүрүүд” гэж бий. Тэдний нэг нь Д.Урианхай билээ. Монголын жүжгийн зохиолын нэн шинэ үеийн түүхэнд зохиолч Д.Урианхайн бүтээлүүд тодорхой байр суурийг эзэлдэг. Хэдийгээр хүүрнэл зохиол, яруу найраг, эсээ, философи эргэцүүллийн төрлөөр голлон бичдэг ч сүүлийн үед абсурд, экзистенциалист чиглэлийн жүжгийн зохиолууд нь судлаачдын зүгээс өндөр үнэлэлт авах болсон нь учиртай. Иймд Д.Урианхайн жүжгийн зохиолуудыг шинэ арга зүйгээр судлан шинжлэх шаардлага гарч байна. Театрын онолын сэтгэлгээнд ХХ зуунд ихэд дэлгэрсэн Питер Брукийн "хоосон орон зайн” тухай үзэлтэй зохиолч Д.Урианхайн бүтээлүүд хэрхэн холбогдо х вэ? Зөвхөн үзэл санааны эхлэлээрээ ч бус...
Хүн төвт үзэл гэж юу вэ? 
Хүн төвт үзлийн талаар онцлон ярихын өмнө”төвт үзэл” гэж чухам юу болохыг товч дурдах шаардлагатай. Эртний сэтгэгчдийн иш онолд "төвт” үзэл нь уран сайхны сэтгэлгээтэй шууд холбоотой хэмээн үзсэн байдаг. Хүн төрөлхтөн "домог төвт” уран сайхны сэтгэлгээний үеийг туулсан нь олон үндэстний аман зохиолын өвөөс бэлхнээ харагдана. Тэгвэл "Бурхан төвт” үзэл санаа хүчтэй дэлгэрч, удалгүй "Нийгэм төвт " үзэл санаагаар солигдсон ч оюун сэтгэлгээний эргэн давтагдах зүй тогтлоор, ор тас үгүйсгэгдэж байсангүй. Үе үе сэлгэн солигдсоор иржээ. Харин ХХ зууны эхэн үеэс уран сайхны сэтгэлгээний төв нь "ХҮН” болжээ. 
Энэхүү төвт үзлийн хүрд эргэлдэж, нэг нь нөгөөгөөрөө солигдож байжээ. Хүн төвт үзэл ХХ зууны олон зохиолчдын үзэл санааны суурь болсон юм. Тэгвэл философи сэтгэлгээнд эртнээс, эдүгээ хүртэл "ХҮН ТӨВТ” үзэлд үзэл санааны дараах хувирлууд явагдсан гэж системчилж болох юм.

ХҮНИЙГ ӨРГӨМЖЛӨН ДЭЭДЛЭХ ҮЗЭЛ 
ХҮН БОЛ ДЭЭД ОЮУН УХААНТАН БУЮУ СЭТГЭГЧ. Р. Декарт 
ХҮНИЙГ ХАЙРЛАН ЭНЭРЭХ ҮЗЭЛ 
ХҮНИЙГ ТАНИН МЭДЭХ ГАНЦ ЗАМ БОЛ ХАЙРЛАХ. Уолтер БЭНЖАМИН
ХҮНИЙГ АРИУСГАН ГЭГЭЭРҮҮЛЭХ ҮЗЭЛ 
ХҮН БОЛ БУРХАН ЧАНАРТАЙ. Артур Шопенгуар

Хүн төвт үзлийн талаар тодорхой ойлголт авсан гэж үзвэл онолын хувьд "тойргийн онол”-той холбон тайлбарлах нь зүйтэй билээ. Хүн төвт үзлийн гол цэг нь ХҮН юм. Харин түүнийг бүрдүүлэгч олонлог цэгүүд нь "ХҮНИЙ ОРШИХУЙН” асуудлууд болдог. Энэ л тогтолцоогоор уран зохиолын бүтээлүүдийг, тэр тусмаа жүжгийн зохиолуудыг тайлбарлах боломжтой.

Тойрог ба хоосон орон зай

Эртний сэтгэгч Eвклидийн геометрт "ТОЙРОГ”-ийг "хавтгай дээр өгөгдсөн цэг буюу төвөөс тогтмол зайд (радиус хэмээдэг) орших бүх цэгүүдийн олонлог юм” гэж тодорхойлсон байдаг. Түүнээс гадна " Тойрог цор ганц төвтэй байна. Түүнчлэн тойрог доторх оршихуйг муж гэдэг” зэргээр нийтээр мэдэх тойргийн онол дээр үндэслэн Д.Урианхай жүжгийн зохиолуудын сэтгэлгээний онцлогийг тодруулж байна. Тойрог бүхэнд "төв” байна. Тэрхүү төв нь /График-2 / тойргийн мужийг тодорхойлж байдаг. Бидний ажиглалтаар "ХҮН ТӨВТ” үзэл санааны зохиолууд төв цэгээс шууд хамааралтай бөгөөд харин харилцан адилгүй тогтмол бус зайд тойргийн хүрээг үүсгэдэг байх магадлалтай юм. Тухайлбал, зохиолч Д.Урианхайн "Хүн бүгд- Би” /1995/ жүжгийн тойргийн төв нь хүн /Навчаа/, олонлог цэгүүд буюу утга санааны задрал "үхэл, цөхрөл, ганцаардал, нууц, хууралт” зэрэг тойргийг бүрдүүлж байна. 
Харин тодорхой хүчний үйлчлэл "Хүн бүгд- Би” жүжигт төвөөс задарч хэд хэдэн цэгт хүрч тойрог үүсгэжээ. Угтаа төвөөс зугтах хүчний физик үйлчлэлийн дагуу бичигдсэн бүтэцтэй зохиол юм. Энэхүү жүжгийн зохиолын бүтцэд хийсэн ажиглалтаар /График-3/ дараах саналыг дэвшүүлж байгаа юм. Жүжгийн зохиолыг тойргийн онолоор задалвал, 
Нэгдүгээрт, төвөөс зугтаах хүчний үйлчлэл бүхий тогтолцоот жүжиг, 
Хоёрдугаар, төвд тэмүүлэх хүчний үйлчлэл бүхий тогтолцоот жүжгүүд гэж ангилж үзэх үндэстэй юм. 
Чухамдаа Питер Брукийн бичсэнээр " Юу ч тавьж дүүргээгүй орон зайг хоосон тайз гэж нэрлэж болно. ЭНЭ ХООСОН ОРОН ЗАЙД ХЭН НЭГЭН ГАРЧ ИРЖ, ӨӨР ХЭН НЭГЭН ХАЖУУНААС НЬ ХАРЖ БАЙВАЛ ТЕАТРЫН ҮЙЛ ЯВДАЛ ӨРНӨХӨД ХҮРЭЛЦЭЭТЭЙ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ ГЭСЭН ҮГ. ТЭГВЭЛ БИД ТЕАТРЫН ТУХАЙ ЯРИХААРАА НЭГ Л ИХ ЗҮЙЛИЙН ТУХАЙ ЯРИХ ГЭЭД ЭХЭЛДЭГ. УЛААН ХӨШИГ, УРАН ЦЭЦЭН ҮГ, УРСАХ ШҮЛЭГ НАЙРАГ ИНЭЭД, ХУРЦ ГЭРЭЛ, ХАРАНХУЙЛАЛ БИДНИЙ ТАРХИНД ХОЛИЛДОН БУЖИГНАХ БӨГӨӨД ЭНЭ БҮГДИЙГ БИД ГАНЦ ҮГЭЭР ТОДОРХОЙЛОН ХЭЛДЭГ. гэсэн онолын тайлбар нь театрын хоосон тайз, түүнийг дүүргэгч бусад зүйлийн тухай яриа болох нь тодорхой байна. Тэгвэл зохиолч Д.Урианхайн жүжгүүд тайзыг зөвхөн "Хүн төвт” үзэл санаагаар дүүргэх ёстойг илэрхийлээд байна. Энэ нь зохиолчийн жүжгүүд Питер Брукийн "хоосон орон зай” дотор тайз, гэрэл, бусад зүйлүүдийн хамаарал бус харин уран сайхны бүтээгч сэтгэлгээ чухал гэсэн санаатай нийцэж байна.

Зохиолч Д.Урианхай 1990 -ээд оны дунд үеэс хойш одоогоор нийтдээ 10 жүжиг бичжээ. Тэдгээр жүжгүүдийн 3 нь театрын тайзнаа тавигдсан байна. Түүний жүжгүүд зохиолчийн философи үзэл санааны илрэл байдаг. Зохиолч нийтлэлийн нэгэн бүтээлдээ "Хүний ХҮН болох ухааны "цагаан толгой” бол гэмээ нь ухаарахуй юм. Тиймээс хүн ихэнхдээ энэ "цагаан толгойг”-г нүдлэлгүй явсаар амьсгаа хураадгийг монгол мэргэд шинжээд " хүн гэмээ мэддэггүй, тэмээ гэдгэрээ мэддэггүй” гэж дүгнэсэн нь хүний орой руу орсон үг болой” хэмээн "ХҮНИЙ МӨН ЧАНАРЫН” тухай асуудлыг эргэцүүлжээ.
Судлаач С.Баатарцогт , зохиолч Д.Урианхай жүжгүүдийн талаар хийсэн судалгаандаа дараах хүснэгтийг хавсаргасан байна.

1. Ганц алхахад уулзана (Анхны даваа буюу залуу гэр бүлийн хөрөг) Реалист Гэр бүлийн драмын жүжиг 1993-1994
2. Хүн бүгд би Экзистенциалист Драмын жүжиг 1995
3. Хоёроос хасах нэг тэнцэх нь тэг /2-1=0/ буюу харанхуйд харагдахгүй Модерн Хоёр хүний яриан жүжиг 1996
4. Цонхоор харсан хүн Абсурд Нэг хүний жүжиг 2002
5. Эндүүрэл хаан Реалист, сонгодог Түүхэн жүжиг 2003
6. Үхэхээс өмнө, төрөхөөс хойно (Ауровинда агь) Реалист, сонгодог Түүхэн жүжиг 2004
7. "Бүжигтэй үхэл” буюу шөнө дүлээр эзгүй хээр таарсан эр, эм хоёр Сэтгэл зүйн абсурд драм Хоёр хүний яриан жүжиг 2009
8. Хайрын тариа буюу хэнийг ч хайрлаагүй нэг хүн, бас, Хэнд ч хайрлагдаагүй нэг хүн Абсурд драм Хоёр хүний яриан жүжиг 2012
9. Ханануудын амьдрал Постмодернист Нэг хүний жүжиг 2015
10. Хайрцган дахь хүн Постмодернист Философийн жүжиг 2016

Эндээс харахад зохиолчийн абсурд хийгээд постмодерн, экзистенциалист чиглэлээр бичсэн жүжгүүд нь үнэндээ "хүн төвт уран зохиол”-ын үзэл хандлагаар хүний оршихуйн хамгийн чухал ЗАМ нь оюун санааны ЦӨМ –д тэмүүлж байх ёстой гэж үздэг үзэл Д.Урианхайн жүжгүүдийн дотор оршиж байна. "Хүн төрөлхтний материаллаг эд зүйлийн төлөөх хүсэл шунал, эрэлт хэрэглээнээс олж авдаг ханамж таашаалаасаа илүүтэйгээр цэвэр оюун санааны үйл рүү тэмүүлж байгаа учраас ийм төрлийн уран зохиол оршин тогтнох болно. гэсэн зохиолчийн ажиглалт бидэнд эрэлхийллийн үеийн жүжгүүд бүр тухайлбал Д.Урианхайн тайзны бүтээлүүдийн онцлогийг бүрэн илэрхийлж байна. "Харанхуйд харагдахгүй байх шалтгаан харанхуйдаа бус харанхуйг харанхуй гэж итгэсэн бидний сэтгэлгээнд байгаа юм. Эсвэл үхэхийг бүгдийн төгсгөл гэж ойлгохоос хамаг эндүүрэл эхэлдэг, төрөхийг хамаг бүгдийн эхлэл гэж ойлгосноос хамаг андуурал үүсдэг болохыг илэрхийлж байна. гэж дүгнэсэн нь бидэнд зохиолчийн жүжгийн зохиолуудын үзэл санааны системийг боловсруулах үндэс болсон юм. Хүний оршихуйн хамгийн чухал зүйл "ЭРХ ЧӨЛӨӨ” бөгөөд түүний жүжгийн дүрүүд "эрх чөлөөний дутагдалд орж ", " амьдрал үхлийн үнэ цэнэ”-ийг эргэцүүлж, улмаар "хүн- нийгмийн харилцаа”-ны /График-4/ золиос болж байдаг. Энэ бүхэн эцэстээ зохиолч Д.Урианхайг "хүн төвт” үзэл санааг илт баримталж, жүжгийн зохиолуудаа бичдэг болохыг харуулж байна.

Үнэндээ зохиолчийн жүжгийн зохиолууд судлаачийн үзсэнээр "Д.Урианхайн сэтгэлгээний зохиол бүтээлүүдэд ч хүн-нийгмийн оршин ахуйн тухай үзэл баримтлал жинтэй байр суурийг эзэлдэг. Тэрээр францын экзистенциалист зохиолчид болох Ж.П.Сартр, А.Камю нарын нэгэн адил орчин үеийн соёлжсон гэгдэх нийгэмд ганцаардаж хүчин мөхөстөхийн зовлонд унасан хувь хүний тухай, сонголтынх нь эрх чөлөөний тухай бичдэг” гэсэнтэй санал нийлж байна. Тиймээс үзэл санааных нь үндэс уран бүтээл тодорхой харуулж байна.

"Би ялгармааргүй байна. Дорхноо чад хийлгүүлчихнэ. Өөрснөөсөө өөр байхыг тэд тэвчдэггүй юм” Д.Урианхай” Хайрцган дахь хүн” /Тайз дэлгэцийн комтемпорари бүтээлүүд, УБ., 2016, 207/
Эрх чөлөө бол хүн гадаад ертөнцтэй чөлөөтэй нэгдэх үндсэн боломж- оюун сэтгэлгээнийхээ хүчирхэг дотоод цэнэгийг бүрэн эзэмдэх, хүний дотоод мөн чанараа нээх бодот нөхцөл бололцоо /Д.Урианхай” ХҮМҮН АМЬДАРАХУЙ, 1994, 86 / 
"Хүн болчихвол чи хэзээ ч нисэж чадахгүй. Шороо, шавар, намаг балчигт "хадагдаад”, эсвэл хайрцганд ороод дуусна! Нисээд явчихдаг чинь овоо ухаан зарлаа” Д.Урианхай” Хайрцган дахь хүн” /Тайз дэлгэцийн комтемпорари бүтээлүүд, УБ., 2016, 207
Үхэл бол хүний амьдралаас ангидаа бие даасан тусгай үзэгдэл бус, хүмүн амьдрахуйг бүрдүүлэгч утга агуулганд багтан орогч, амьдралын хэсэг нь юм. /Д.Урианхай” МАРГААШ”-аас асуух "ӨНӨӨДӨР”-ийн асуултууд” 2004, 114/ 
"Эсвэл үнэгүй хайрцгийг үнэтэй гээд айчихлаа! Цөмөөрөө мөнгөө дуусгачихаж! Тэгвэл ч одоо бүгдээрээ айдаг дэлхийн гуравдугаар дайн гарахгүй болох нь энэ дээ! Чөлөөлөлт!...”
Д.Урианхай” Хайрцган дахь хүн”/Тайз дэлгэцийн комтемпорари бүтээлүүд, УБ., 2016, 209/
Бид нийгмийн өөрчлөлтийн төлөө тэмцэхдээ гагц эд өлгийн өмчлөлийн хэлбэр, гадаад ахуйн юмсын тоо хэмжээ, дүр төрхийг өөрчлөх тэмцлийн дажинд л "хөлөө гэдсэндээ хийлцээд”, нийгмийн өөрчлөлтийн үндсэн зорилго-хүний "дотоод хөгжил”-ийг ор тас огоорч байна. 
/Д.Урианхай "Таван буруугийн сэтгэмж” 1988, 74/ 
"Харагдахгүй бол байхгүйтэй адил! "Байхгүй юм” шиг байж чадвал л бүх юмыг байлгаж чадна шүү дээ... Хайрцаг дотор ороогүй, хайрцаг миний дотор байгаа юм” Д.Урианхай” "Хайрцган дахь хүн”/Тайз дэлгэцийн комтемпорари бүтээлүүд, УБ., 2016, 207
Хүн, хүний төрөл олж, эх эцгээс бие тасарсан чухамхүү утга зорилго бол газар дэлхий дээр бурхан чанарыг олох замыг л туулахын тулд юм. /Д.Урианхай "Эгэл үнэн” 1993. 89/
Эцэст нь тэмдэглэхэд "...хүн сэтгэл доторх "гинжнээс” мултарч хязгааргүйд нэгдэж буйг харуулж, "нисэх хүсэл”-ийг томьёолсон байдаг. "2-1=0 буюу харанхуйд харагдахгүй”,” Төрөхөөс өмнө үхэхээс хойно”, "Ганц алхахад л уулзана” жүжгүүдэд нийгмийн "сааралжилтийн” эсрэг үзэл санаа, хүний оршихуйн гажуудал, мөн чанараа хайх эрэл зэргийг хөндсөн байдаг." гэжээ. Түүний жүжгийн зохиолуудын философи үндэслэл, бүтцийн онцлог нь чухам зохиолчийн үзэл санаа болон уран сайхны бүтээлүүдээр дамжин цогц байдлаар илэрч байна. 
Эртнээс философийн сэтгэлгээний түүхэнд "хүн төвт” үзэл Бурхан багшийн сургаал, Сократын эргэцүүлэмжээр дамжин, хэд хэдэн үеийг гэтлэн ХХ зууны эхэнд үед хүчтэй дэлгэрлийг олсон гэж судлаачид үздэг. " Хүн төвт үзэл” санааны гол цөм нь ХҮН бөгөөд, хүний оршихуйн асуудлыг хөндсөн уран зохиол ч мөн ХХ зуунд илүүтэй хөгжсөн нь тодорхой байна. Харин энэхүү үзэл санааны зохиолуудыг тойргийн онолтой холбон тайлбарл авал онцлог шинжүүдийг нь тодруулж болох үндэстэй. Түүнчлэн зохиолч Д.Урианхайн орчин үеийн жүжгийн зохиолууд нь театрын онолч Питер Брукийн үзэлтэй холбогдож, театрын хоосон орон зай”-г үзэл санаагаар дүүргэх ёстой гэсэн давхцалд хүрч байна. 
ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.