"ЭХ ОРОНЧ"

28

"ЭХ ОРОНЧ"

 

Юунаас ч болсон юм, банкны зээлийн эдийн засагчийн үүдэнд хөөрхөн дараалал үүсчихжээ. Арван таван минут зогсож байж арай гэж үүдэнд очив. Өмнө маань нэг л эгч. Бүгчимд нозоорон дуниартан зогсож байтал гэнэтхэн чихэн дээр шахам цагаан хоолой учиргүй чангаар паргих мэт болсонд цочин харвал нэг саарал курткатай ах дэргэд маань ирчихсэн, утсаар хэн нэгэнтэй орилон ярьж байх ажээ. 
- Ха ха, харин тийм. Муусайн п..нуудыг айлгах хэрэгтэй шүү дээ. .... ааан, Яасан гэж үү? ... Айлгасан айлгасан. Саарал ордныхныг бол чичрүүлнэ дээ, чичрүүлнэ. Би ч яахав хэлдгээ л хэлсэн. Нураах хэрэгтэй шүү дээ, тэрмуу ЗГ-ыг. Эх орноо боддоггүй новшнуудыг бол шууд буудах.. аан... яг тийм. Тийм, өөр яах юм, буудах л хэрэгтэй. ... аан, хүн үү. Талбай бараг дүүрсэн шүү дээ. Гэхдээ би сая хэлдгээ хэлчихээд гараад ирлээ. Энд жаахан ажил байна. Түүнийг зохицуулчихаад эргээд очино. Доргионо оо доргионо. Эх орныхоо төлөө бол хашгирна шүү дээ. 
Сая л юун тухай яриад буйг нь ойлгов. Талбай дээр юуных нь ч гэлээ нэг эсэргүүцлийн цуглаан болж буй тухай яг бидний зогсож буйн эсрэг ханан дээр бэхэлсэн Тв-ийн дэлгэцээр ид гарч байлаа. Ахын том дуунд дарагдаад Тв-ийн нэвтрүүлэгчийн яриа сонсогдсонгүй, гэхдээ талбай дээр дүүрэн хүн харагдсангүй, гуч, магадгүй дөч орчим л хүн цугласан бололтой харагдана. Эх орныхоо хувь заяаны төлөө санаа сэтгэл, зүтгэл тэмцэл гарган яваа ахын царайг тогтоон харав. Талбай дээрээс алхаад ирсэн юм болов уу, сүрхий хөлсөрчихөж... Том амаа ихэд ангалзуулан цааш нь ийн ярих аж.
- Харин тийм, муусайн юмнууд айгаад, гэрээсээ ч хоншоороо ч цухуйлгаж чадахгүй шүү. Тэгэж байх хооронд урвагчид нь эх орныг маань харийнхантай хувааж идээд дуусах нь байна шүү дээ. Бэртэгчингүүд нь бол ... гээд банкны Эдийн засагчийн үүдэнд дараалалд зогсож буй биднийг муухай жигшсэн харцаар ширвэж, - өдрийнхөө талхнаас цаашхыг бодож чадахгүй байна шүү дээ. ... Харин тийм. Тэмцэх ёстой шүү дээ. Алаад хаях хэрэгтэй. Жинхэнэ урвагчид чинь дээр л байдаг гэж байгаа юм даа.... Яг яг... Одоо гэхдээ, эх орноо бодохгүй байж болохгүй хэцүү цаг үе ирчихээд байна шүү дээ. Харин тийм. Дээдсийн цусаар тамгалсан газрыг... тийм тийм... Бид хамгаалахгүй бол өөр хэн хамгаалах юм...Хэлээд юүхэв. Ёстой хогийн юмнууд... 
Сүүлийн үг нь хөөрхий дараалалд зогсож буй биднийг хэлээд буй юм уу, эсвэл тэр юу юугүй эх орноо худалдаад буй хүмүүсийг нь хэлээд буй юм уу, бүү мэд. 
Энэ үгийг хэлэхдээ надруу сүрхий муухай харж байна. Би ч эх орончийн өмнө буруутан мэт өөрийн эрхгүй навтасхийчихэв.
Цааш нь хэсэг ярьж байснаа утсаа сая нэг юм салгав. Тэгээд нааш цааш хоолойгоо засан хоёр гурав алхснаа өмнө зогсож байсан эгчийн дэргэд ирээд,
- Би өмнүүр чинь орчих уу? гэв
Түрүүнээс хойш өвдөөд буй бололтой үе үе өвдгөө базаж, хөлөө сэлгэн ёохолж, амандаа юм бувтнан байсан жар гаруй насны эгч өөдөөс нь гайхан харснаа, үг хэлсэнгүй толгойгоо сэгсрэв.
- Би ардаа маш чухал ажилтай явна.
- Бүгдээрээ л ажилтай явна даг. Түрүүнээс хойш зогслоо. Хөл өвдөөд байна. 
- За та нарын ажил юуных нь чухал байдаг юм хэмээн өнөөх эх оронч ах маань ой гутаж буй мэт царай гаргаад, - Би тун чухал, эх орны хувь заяатай холбоотой чухал ажилтай яваа юм. 
Гэтэл өнөөх эгчийн царай гэнэтхэн маш шийдэмгий, няцааж боломгүй хурц болж ирээд,
- Битгий өвчигнөөд бай. Тэр талбай дээрээ очиж хуц. Чам шиг юмыг ямар юмных нь эх оронч гэдэг юм. Чамаар л эх орон дутав гэж... өвчтэй хог вэ.
Эх оронч ах үг хэлэх гэж амаа том ангайгаад таг болчихов. Яг энэ агшинд Эдийн засагчийн өрөөнөөс хүн гарч, эгч ч хайвагнасаар бушуухан орж явчихлаа. 
- Өвчтэй новш вэ. Эх орон нь сүйрэх гэж байхад хөл өвдлөө гэнэ шүү. Ийм юмнуудаас болж бид балраад байгаа юм гээд надаас дэмжлэг авах гэсэн мэт харахад би буруу тийш харчихав.
- Ах нь одоо орчихоё. Би ардаа их чухал ажилтай яваа юм. Ойлгож байгаа биз дээ - гээд ханан дахь Тв рүү эрүүгээрээ дохив.
Гэтэл миний ард байсан жижигхэн гялтгар шар охин мөрөн дээгүүр өнгийгөөд тас хийж байна.
- Та юу гэж дараалал дайраад байгаа юм юэ? Сая ирчихээд. Тэр араас зогсохгүй юу гэснээ надад хандан, - Наад хүнээ өмнүүрээ оруулахгүй шүү. Урагшаа зогсооч гээд аяар нударч байна.
- Юу гэсэн үг вэ? Хэн дараалал дайрсан юм. Би үнэнээ л хэлж байна. Ардаа маш чухал эх орны ажилтай явна.
Өнөөх гялтгах шар охин дахиад мөрөн дээгүүр өнгийж,
- Таны эх орны ажил тэндээ л байдаг юм байгаа биз. Энд бүгдээрээ л ардаа ажилтай явна даг гэсэнд түүний ард байгсадаас хэд хэдэн хүн үгийг нь дэмжин дор дороо шуугилдав. Төө ардаас нэг ах,
- Хөөе, урдуур дайрахгүй шүү. Чи хэн болоод дайраад байгаа юм бэ? гэж байна.
- Би та нарын төлөө тэмцэж байна. Эх орныхоо төлөө тэмцэж байна. Та нарыг ингээд хувиа бодож довоо шарлуулаад хог царайлаад зогсож байхад би тэнд - гээд гараа арагш нь савчин хаа нэгтээ заагаад - урвагчид, эдийн засгийн алуурчидтай тэмцэж байна. Та нарын төлөө ясаа цайтал тэмцэж байна. Гэтэл та нар...
- Таныг танихгүй л юм байна шүү.
- Тэгвэл одоо таньж ав гээд энгэрээ ярснаа, одоо болтол талбай дээрх жагсаалын тухай үзүүлсээр буй ханан дахь ТВ-рүү заав. 
Нэг залуу түсхийтэл инээд алдаж, төө араас дуугарсан ах дуугаа хураав. Харин миний арын гялтгар шар охин дахиад тасхийж,
- Хэн таныг бидний өмнөөс жагс гэсэн юм, өөрөө сайн дураараа жагсчихаад, тэгээд биднээс өр нэхэх гээд байгаа юм уу?
- Юуууу гэнэ ээ. Хэн өр нэхсэн юм. Та нар шиг өлөн бөөснүүдээс болж эх орон чинь байхгүй болох гэж байна. Ингэхэд чи аль олигархийнх нь хамсаатан бэ? Яг чи бол хамсаатан нь л болж таарлаа. Тийм үү гээд хөлс, тамхины үнэр ханхлуулсаар тулаад ирэв. 
- Хэрвээ би олигархын хамсаатан бол энд оочерлоод зогсож байх уу? 
- Чи яг мөн байна л даа. Чам шиг юмнуудтай бол би ясаа цайтал үзнэ, за юу, тэмцэнэ. 
- Тэгэхгүй юу, тэгээд тэмцэхгүй юу?
- Тэмцэж байна, Тэмцэж ч ирсэн юм. Цаашид ч тэмцэх болно.
Гялтгар шар охины ард байсан авгай араас нь нудраад,
- За за, ярьшиг аа. Оруулчих, зөнгөөр нь хая. Наадхаа... 
- Та нарт эх орныхоо төлөө тэмцсэн хүн тийм муухай харагдаад байна уу? Аййи..йин. Тийм байна уу? Үе үеийн эх орончдын нуруун дээр л та нар гөлийлдөөд зогсоцгоож байгаагаа мэддэг үү гээд дуугаа хураачихсанд эрэм авав бололтой бүдүүн бор хуруугаараа өнөөх гялтгар шар охины нүүр лүү чичлэв.
Төө ард дахиад л түс хийтэл инээд алдаж байна. 
- Ядаргаатай юм бэ, яасан. Тэгээд орж л байхгүй юу?
- Орно, яадаг юм. Та нар яах юм, муусайн урвагчдын хамсаатнууд. Эх орныхоо төлөө тэмцэж байгаа тэмцэгчдэд хаана ч тэр зам тавьж өгч бай мэдэв үү! гээд нүдээ улаанаар эргэлдүүлэн шазуураа зуугаад ийш тийш харав. Харамсалтай нь эх орончтой тэмцэлдэх эр зоригтой хүн ойр хавьд үгүй бололтой, бүгд дуугаа хураажээ. 
- Хнн гэж хамраараа дуугараад, уухирдсаар миний өмнүүр чихэн байраа эзлээд авлаа. Тэгэхдээ надруу мөрөн дээгүүрээ хяламхийж, 
- Би ердөө ганцхан л минут болно. Орж юм асуучихаад л гарна гэв. 
Эх орончийн маань утас дариухан дуугарав. 
- Байна байна. Тийм, би банкны захирлын өрөөнд байна. Одоохон. Одоохон асуудлыг шийдчихнэ. Ок ок. 
Утсаа салгаад цээжээ уухирдуулан гүн амьсгаа авч байна. Дахиад утас дуугарав. Утсаа авсныхаа дараа гэнэтхэн өнөөх гээдгэр хүзүүгээ нугдасхийлгэн күртканыхаа захруу шигдээд, нам дуугаар ингэж ярив. 
- Байна уу? За ашгүй.... Би чамтай ярих гээд зогсож байлаа. Харин тийм.... Болохгүй шүү дээ, жинхнээсээ алуулдаг байхгүй юу? Татварынхан мэдчихвэл дуудаад амраахгүй, заавал татвар авч байж л сална гэнэ. Тэгэхгүй яах юм. Гаальгүй машинаар л орж ирнэ шүү дээ. Чи түүнийг аргалах хэрэгтэй байна. Энэ муусайн татварын өлөн бөөснүүд... Харин тийм. Энэ татварын шинэ бүртгэлийн систем гэж нэг аюул байхгүй юу... Тэгнэ штээ. Ялгаагүй цаанаа бүртгэлд орчихдог юм. Тийм байхгүй юу, компанийн тамган дээрх дугаараар хийхэд бүгдээрээ гараад ирдэг юм. Яг тийм, бид нарыг базах гээд байгаа юм. За за, би банкин дээр дараалалд зогсож байна. Чи яаралтай тэр хүнлүүгээ ярь. Зохицуулах хэрэгтэй шүү дээ, яаж татвар төлдөг юм. Гай л байгаа даа. За за, зохицуулаарай. Орой ярья. 
Гурав дахь удаагаа өөрөө хэн нэгэн лүү залгав.
- За яаж байна, цаадуул чинь өгнө гэснээ өгөх нь үү? Авна шүү, өгөхгүй бол алаад хаянаа цаадуулыг чинь. Нөгөө талд нь мэдээллийг чинь худалдана, бид өмнөх урьдчилгаан дээр баримтжуулсан баримтууд байгаа гэж хэл. Аанхан зөв. Маргааш аа, за яахав...
Ашгүй өмнөх хөл өвчтэй эгч гарч ирэхэд Эх оронч маань зөрөөд орж явчихлаа. 
Гурван минут болов. Арав, арван таван минут болов. Дараалалд зогссон хүмүүс дургүйцэн шавьтналдацгааж, нөгөө ах хүү тэссэнгүй араас ирж, хаалгаар шагайн нэг үг хэлэв. Арай гэж хорь дахь минут дээр нь улаа бутарсан царайтай, сэтгэл дүүрэн инээмсэглэсээр гарч ирээд, дээгүүр харан үүдний зүг алхлаа. Замдаа нэг нарийхан цагаан хүүхнийг ойтол нь мөргөөд, бас халааснаасаа хэсэг базсан цаас гаргаж сандлын оёор луу чулуудчихаад хаалга саван гарч одов. Бодвол эргээд Талбай руугаа Эх орончийнхоо үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр яваа болов уу гэж таамагласаар үлдсэн болно. 
- Орооч ээ гэж хэн нэгэн хэлэхэд л би ямар хэргээр зогсож буйгаа сая нэг санахад хүрэв.
.
Нэг ийм таван дүртэй эх орончтой таарав. Нэгд нь олигархиуд, урвагчтэй эрс хатуу тэмцдэг эх оронч, хоёрт нь банкны захирал "таньдаг", асуудал зохицуулдаг том босс, гуравт нь, татвараас, гаалиас зугтддаг "Эх оронч", дөрөвт нь, ямар нэгэн хүчнээс мөнгө дарамталж авдаг рекитчен, тавд, замдаа таарснаа анзаардаггүй, хог хаяхдаа санаа зовдоггүй "эх оронч"...
Ер нь ийм нөхдүүдийн багийг хуулж байхгүй бол их аюултай. Толгой дээр гач зайдагначихаад бууж өгөхгүй хэцүү байна.
 
Б.Наминчимэд
 
https://www.facebook.com/NominchimedB/posts/1802464609773901

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.