А.СҮХБАТ: НАМАЙГ ХАМГААЛАХ ЁСТОЙ ЦАГДАА НАРТ ГОМДОЖ БАЙНА

61

А.СҮХБАТ: НАМАЙГ ХАМГААЛАХ ЁСТОЙ ЦАГДАА НАРТ ГОМДОЖ БАЙНА

 

МҮБХ-ны тэргүүний асуудлаас болж, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн аваргууд хоорондоо "алалцаж” эхэллээ. Тухайлбал, төрийн ордонд түмний түшээ болсон хоёр аварга маань хэвлэлээр хэрэлдэж, хэлэлцэж байна.

Хоёр хоногийн өмнө Дархан аварга Б.Бат-Эрдэнэ холбоонд үүсээд байгаа асуудлыг тогоон дотроо ярилцаж эв зүйгээ олох хэрэгтэй гэсэн мэдээлэлийг хийсэн бол өчигдөр Дархан аварга А.Сүхбат бусдад зодуулсан талаараа, хууль бус шийдвэрийн талаар, мөн цагдаа нарт гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Тэрбээр "Намайг зодсон асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Намайг зодсон, ширээ мөргөөд унасан гэх асуудлыг зодоон зохион байгуулсан хүмүүсээс нь асуу. Мөрдөн байцаалтын явцад байгаа хэргийг би мэдээлэх эрхгүй. Миний биед халдсан уу гэвэл халдсан. Бөхийн өргөөнөөс шөнө хүчинд автаж гарахдаа Б.Одхүү, Н.Ганбаатар, Б.Багахүү нар байсныг харсан. Тэд хаалга цөм өшиглөж орж ирсэн. Энэ хууль бус үйл ажиллагааг хууль бусаар эрх барьж байсан нөхдүүд зохион байгуулсан гэдгийг хэн ч мэднэ.

Ерөнхийдөө би цагдаагийн байгууллагад гомдолтой байна. Хамгаалалтад авсан байсан Бөхийн өргөөнд намайг амарч байхад шөнө рецедив гэмт хэрэгтнүүдийг оруулж ирсэн. Тэгэхээр миний цагдаа намайг хамгаалж чадахгүй байна. Саяхан Цагдаагийн тухай хуулийг шинээр баталсан. Тиймээс цагдаагийн байгууллага бүтэц бүрэлдэхүүнд нь салхи оруулах хэрэгтэй юм байна. Өнөөдрөөс эхлэн цагдаагийн байгууллагыг анхааралтай ажиглана. Миний цагдаа намайг хамгаалдаг болсон цагт би үгээ хэлнэ.  

Харин Бөхийн холбоотой асуудал ганц өнөөдөр бишээ. 20 жилийн булхай луйврыг бид өнөөдөр дэлгэж байна. Өөрийгөө Монгол Бөхийн өргөөний тэргүүн гэж зарлаад байгаа Б.Бат-Эрдэнэд хандаж хэлэхэд та хууль бус үйл ажиллагаагаа зогсоо. Хүчингүйд тооцсон тамга тэмдгийг хэрэглэсээр явна. Тийм болохоор хууль зүйн ухааны докторыг хууль бус үйлдлээ зогсоо гэж хэлье. Монголын бөх бохир байвал, Монголын төр бохир байна. Бөхчүүд нь цэвэр байвал төр нь цэвэршинэ” гэлээ.

О.Сайхан 
Оллоо.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.