Т.Гэрэлтуяа: Сүүлийн 5 жилийн хугацаанд 11000 гаруй хүнийг эмчилж, хоёрдогч халдвар гаргалгүй ажилласан

437

Т.Гэрэлтуяа: Сүүлийн 5 жилийн хугацаанд 11000 гаруй хүнийг эмчилж, хоёрдогч халдвар гаргалгүй ажилласан

 

-Сайн байна уу? Танд удахгүй болох ОУ-ын "Сувилагчдын баяр"-ын мэнд хүргэе! Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн ууган ажилчдын нэг гэсэн. Өөрийгөө болон мэс заслын кабинетаа танилцуулаач? 

Баярлалаа. Намайг Тунгалагийн Гэрэлтуяа гэдэг. 1991 онд Сувилагчийн сургуулийг төгсөөд түүнээс хойш Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд одоог хүртэл 27дох жилдээ ажиллаж байна. Манай мэс заслын кабинетын хувьд дүүргийн хүн амд мэс заслын бүхий л төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг хатиг буглаа нээх, үү ургацаг авах, хумс авах, хэсгийн мэдээ алдуулалтай жижиг мэс ажилбар гэх мэт анхан шатны тусламжуудыг үзүүлдэг. 

-27 жилийн хугацаанд ажиллахад олон төрлийн өвчин, гэмтэлтэй хүмүүс ирж үйлчлүүлж байсан байх, нийт эмчилсэн хүний тоо дурьдаж болох уу? Мөн мэс заслын тусламж авч байгаа хүмүүст хамгийн түгээмэл тохиолддог эмгэг юу вэ? 

Зөвхөн сүүлийн 5 жилийн хугацаанд гэхэд л 11000 гаруй хүнийг эмчилж, хоёрдогч халдвар гаргалгүй ажилласан байна. Үйлчлүүлэгчдэд хамгийн элбэг тохиолддог өвчлөл гэвэл хумс нь махруугаа шигдэж ургах явдал байдаг. 

-Хөлний эрхий хурууны хумс л шигдэж ургаж хүмүүсийг зовоодог юм шиг ээ. Ямар шалтгаанаар хумс нь ингэж буруу ургадаг вэ? Удамшина гэж байх уу?

Хөлний аль ч хурууны хумс шигдэж ургаж болох ч дийлэнхидээ эрхий хурууных шигдсэн байдаг. Үүнээс болж арьс идээлж оймс гутал өмсөхөд хөндүүрлэж өвддөг. Төрөлхийн хумсны хэлбэр, ургалтын онцлог нь удамших явдал элбэг байдаг л даа. Мөн хумсыг анхнаас нь буруу авах, гутал, оймс, трико бариу байх, хөл ихээр хөлрөх, байнга цэвэр хуурай байлгаж чадахгүй байх, хөлийн хуруун дээр юм унагааж гэмтээх, хумсны халдвар мөөгөнцөр зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалж хумс шигдэж ургадаг болно. 



-Хумс шигдэж ургахыг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх, яаж урьдчилан сэргийлэх вэ?

Хумсыг хайчаар авахгүй байх, хурууны өндөгтэй ижил хэлбэртэй дугуйлж авах, лав авах зэргийг хориглоно. Хөлөө байнга савантай усаар угааж цэвэр хуурай байлгах, бариу гутал өмсөхгүй, оймс, трико нь оёдолгүй байх, Өвдөлт намдаах зорилгоор парацетамолыг насанд нь тохирсон тунгаар уулгаж болно. 

-Шигдсэн хумсыг эмчлэхгүй удвал ямар үр дүн гарах вэ? Зөвлөгөө өгнө үү?
Шигдсэн хумсыг эмчлэхгүй удсанаар ойр орчмын зөөлөн эд төдийгүй яс халдварлагдаж идээлдэг гэдгийг анхааруулья!

Бариу гутал өмсөхгүй аль болох олон цагаар гутал, оймсгүй хөл нүцгэн байлгах, мөн шигдэж үрэвссэн хумсыг гэрийн нөхцөлд авах, буруу авах нь дахин шигдэх нөхцөл болдог шүү. Гэрийн нөхцөлд эмчилж чадахгүй бол мэс заслын эмчид хандаарай. 

-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа. Ажлын амжилт хүсье!

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>