СОЛОНГОД НУТГИЙН НАЙРАГЧТАЙ ЯРИЛЦНАМ

1063

СОЛОНГОД НУТГИЙН НАЙРАГЧТАЙ ЯРИЛЦНАМ

 

/Солонгосын нэрт яруу найрагч Ким Далжины 
"Хүсэмжлэх ертөнц байгаа болохоор...” номоос төрсөн сэтгэгдэл/

 Орчлон ертөнц "арга, билиг” хэмээх аугаа том хоёр хүчин дор оршиж байдгийг Монголчууд нарны ”Н”, сарны ”С”, борооны "Б”, цасны "Ц” гэх мэтээр үндэсний бичиг, үсэгтээ буулган авч чадсан гайхамшигт ухаантай өвгөдийн үр сад билээ. Тэр л үр садын нэгэн би бээр Солонгод нутгийн эрхэм найрагчтай ийн ярилцаж суунам.

 Та бид хоёр нэг юмны хоёр тал ажээ. "Хөх сарны туяа төчнөөн хүйтэн” байгааг мэдэрч, "гялтганах хулсны навчин дээр салхи хоноглох”-ыг харсан хүн хийгээд амьтан, бас амьгүй юмс яг тэр цагийн салхи хийгээд гялтганах хулсны навчны нэг хэсэг юм. Тэр орон цагт та бид хоёр хамтдаа байсан шүү дээ, эрхэм найрагч минь!

Таны шүлгүүдэд ертөнц багтжээ. Тэнд та ч, бас би ч байна. Тэгвэл бидэнд хүрч болохгүй тийм зүйл бий юу? БАЙНА АА. Мартаж орхисон амь, амьсгалдаа хүрч чадах уу? Амьсгалж ч, хүрч ч болохгүй түг, түг зүрхний цохилтыг "Элдэв зүйлсийн тухай” дуулалдаа та өгүүлсэн болохоор та бид хоёр нэг зүйлийн хоёр тал юм байна.

Уулын гүнд хадны завсар, хаш эрдэнэ мэт цэв хүйтэн чанартай боловч ядуу доройхон булгийн урсан одох сүүдрийн дор уйтгар гуниг байдгийг "Булгийн усан дахь уйтгар гуниг”-т өгүүлсэнчлэн бид харагдах өнгийг сэтгэх мэдрэмжээрээ бас л нэг зүйлийн хоёр тал юм биш үү?

Ийш тийш тэнүүчлэх дуртай сэтгэл зүгээр л тайвширч орхидог насандаа үзэмжит шар сарнайг нар гийгүүлэх мэт зүрх сэтгэл минь саруулхан байгаа ч заримдаа дун цагаан цасан дээр дусал цус мэт тийн нэвчих зүрх сэтгэлийг үзмээр байна.

Би ГАНЦААРДАЖ байна.

Солонгодын эрхэм найрагч тантай цаашаа гүн ярилцмаар байна.

 

 

ХААИС-ийн Агроэкологи, Бизнесийн сургуулийн

ахлах багш, доктор /Ph.D/ Ц.Буянхишиг

 

 

2018.04.25

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>