ХУВИЙН ХЭВШЛИЙНХНИЙГ ХЭДИЙ БОЛТОЛ ГАДУУРХАХ ВЭ

56

ХУВИЙН ХЭВШЛИЙНХНИЙГ ХЭДИЙ БОЛТОЛ ГАДУУРХАХ ВЭ

 

Засгийн газрын зүгээс цалин тэтгэвэрийг тодорхой хувь хэмжээгээр нэмэгдүүлдэг. Үүнийг нь дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг жишиг тогтсон. Харин үүнийх нь горыг хувийн хэвшлийнхэн амсдаг билээ. Өөрөөр хэлбэл цалин тэтгэвэр нэмэгдсэнтэй холбоотой өсдөг үнийн хөөрөгдөл, инфляцийн өсөлтийг хувийн хэвшлийнхэн нуруун дээрээ үүрдэг гэсэн үг юм. Тэдэнд төр засаг цалин тэтгэвэр хэдэн хувиар нэмэх нь огтхон ч хамаагүй. Учир нь төрөөс  цалин тэтгэвэр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан ч тэдний цалин нэмэгддэггүй. 

Манай хувийн хэвшилд ажиллагсадын дундаж цалин 500000-700000 төгрөг байгаа. Гэхдээ үүнээс бага цалинтай албан газрууд ч байгаа. Гэтэл инфляцийн түвшин байнга өсөлттэй гарч байгаагаас үзэхэд манай иргэдийн 60-70 орчим хувь нь ядуу амьдралтай  байх нь аргагүй юм.  Ерөөс манай төр засгийн зүгээс хувийн хэвшлийнхнийг ажлын машин гэж хардаг гээд хэлэхэд нэг их дэгэсдүүлсэн болохгүй л болов уу. Учир нь энэ улс орны бүтээн байгуулалтад хувийн хэвшлийнхэн манлайлан оролцож, татвараа төлж төсөвт томоохон тус нэмэр болдог.
 
Гэтэл төрийн зүгээс тэднийгээ эргээд харж, тэдэндээ зориулсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм огт байхгүй. Хамгийн наад захын жишээ гэхэд л бүх нийтийг орон сууцжуулж, гэр хорооллын утааг бууруулна хэмээн амлаж хямд үнэтэй орон сууцны хороолол барьж байгуулан яг ашиглалтанд оруулах дээрээ өнөөх байрныхаа талаас илүү хувийг төрийн албан хаагчдад үлдсэн хувийг хувийн хэвшлийнхэн болон, ахмад настан, хөгжлийн  бэрхшээлтэй иргэдэд өмчлүүлнэ гэдэг. Бор зүрхээрээ авсан жаахан хэдэн төгрөгөөсөө улсдаа татвараатөлж үнэнчээр хөдөлмөрлөж байгаа хувийн хэвшлийнхэн ийнхүү ад шоо үзэгдэж орон сууцны хөнгөлттэй зээлд хамрагдаж ч чадахгүй байна.

Үйлдвэрлэл эрхлэж баялаг бүтээж байгаа хувийн хэвшлийн ажиллагсдад ч бас дуусч дундаршгүй хэрэгцээ байгаа шүү дээ. Төр албан хаагчдынхаа цалинг нэмэх нь гэсэн чимэгтэй мэдээ хувийнхныг харин ажил ахуйгаа цаашид хэрхэн хөтлөн явуулахаа  эргэцүүлж бодоход хүргэж байна.

Төрийн ч бай, хувийн хэвшил ч бай ард нь адилхан л хүний амьдрал хөвөрч, хэрэгцээ  шаардлага нэхэгдэж байгаа.Төрийнхөнтэй адилхан ажил хөдөлмөр эрхэлж, татвараа төлж, Монгол улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа хүмүүсийн хувьд цалин мөнгө ч ойролцоо  түвшинд авахыг бодно. Энэ бүхэн нь эздийн нойрыг хулжааж байна. Цаашид нэмэгдэх дүнгээр ч биш өнөөдрийнхөө хэмжээнд ажилчдынхаа цалинг арайхийж залгуулдаг жижиг дунд аж ахуйн  эзэд олон бий. Энэ бүхэн үүдээ барих нь. Хоёр идэхгүй хоосон хонохгүй өөрсдийгөө болгоод явдаг нь барааныхаа үнийг нэмэх, ажилчдаа цомхотгох гэсэн хоёрхон сонголтоор төрийн  албаны цалинд ажиллагсдынхаа амьжиргааг дөхүүлэх байх. Эндээс харахад манай төрийн уян хатан бодлого хувийн хэвшлийнхэнд зайлшгүй хэрэгтэй байна. Баялаг бүтээгчдийг бага зэрэг л дэмжээд өгөхөд өөрсдийгөө хангалттай аваад явчихна шүү дээ.
 
Б.Сансартуяа
Оллоо.мн

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.