770 мянган ам.доллар зувчуулсан байж болзошгүй гэгдэх Д.Жигжиднямаа та 111.4 тэрбум төгрөгийг яаснаа “Шилэн данс”-ндаа тайлагна!

917

770 мянган ам.доллар зувчуулсан байж болзошгүй гэгдэх Д.Жигжиднямаа та 111.4 тэрбум төгрөгийг яаснаа   “Шилэн данс”-ндаа тайлагна!Төр, түмний хөрөнгийг захиран зарцуулах эрхийг албан тушаалын хүрээнд гартаа атгасан нөхдүүдийг бүхий л зардал мөнгөө ШИЛЭН байдлаар тайлагнаж, мэдүүлж байх үүргийг Шилэн дансны тухай хуульд заасан билээ. Экс Ерөнхийлөгчийн санаачлан, батлуулсан энэ хууль бүрэн дүүрэн хэрэгжиж чадвал, төрөөс төрдөг, үндэслэлгүйгээр хөрөнгөждөг  тэрбумтнуудын даварсан үйлдлийг хазаарлах боломжтой юм. Гагцхүү хуулийг хэрэгжүүлэх ёстой нөхдүүд хэлбэр төдий маягаар хуулийг хэрэгжүүлсэн нэр зүүж байгаа нь бодит үнэн юм. Зүй нь үйл ажиллагаагаараа хэчнээн төгрөг олов? Хэд хэчнээн төгрөгийг юу юунд зарцуулав? Зарцуулсны цаана хэдий хэмжээний мөнгө үлдэв? гэдгийг нарийн тооцсон тайланг байгууллагынхаа албан сайтны "Шилэн данс” гэх хэсэгт тов тодорхой байршуулах учиртай. Гэтэл манай төр засгийн байгууллагууд тэгж ил тод тайлагнадаггүй. Тухайлбал,” Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн албан сайт руу орж "Шилэн данс”-ны тайланг нь харахад ойлгомжгүй байгаа юм. Тиймээс чухам яагаад бүрэн дүүрэн тайлан байхгүй байна вэ гэдгийг тус байгууллагын дарга Д.Жигжиднямаагаас асуух ёстой болж байна.

Уг нь ”Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн өмнөх дарга Л.Пүрэвбаатар тус байгууллагын удирдлагаар очихдоо хасах данстай хүлээж аваад, 111.4 тэрбум төгрөг дансандаа үлдээж өгсөн байдаг. Д.Жигжиднямаа гэж хүнд ажлаа хүлээлгэж өгөхдөө байгууллагынхаа дансанд  111.4 тэрбум төгрөг үлдээж өгсөн баримтыг уншигч та харж байна. Харин Д.Жигжиднямаа гэж хүн  байгууллагыг удирдсан өнгөрсөн жил гаруйн хугацаанд тэрхүү  111.4 тэрбум төгрөгийг хэрхэн яаж зарцуулснаа, одоо дансанд нь хэчнээн төгрөг байгаа эсэхийг тайлагнахгүй байгаа юм.

Тиймээс Д.Жигжиднямаа даргаас 111.4 тэрбум төгрөг хаачсан бэ? Байгаа бол тэрийгээ тодорхой тайлагнаач гэж шаардаж байна.

 

Мөн салбарын яамны дэд сайд Б.Цогтгэрэл гэж хүнд ч энэ шаардлагыг тавих нь зүйтэй болов уу. Учир нь тэрээр "Шилэн Цогоо” гэх нэртэй болтлоо л шилэн дансны ач холбогдлын талаар сурталдаж явсан. Бүр "Шилэн ном” хүртэл гаргаж явсан нэгэн. Тэгвэл өдгөө түүний хариуцаж буй салбарынх нь хамгийн том байгууллага "УБТЗ”ХНН гэж байгууллага чинь "Шилэн данс”-ны хуулийн хэрэгжилтийг хангалтгүй гүйцэтгэж байна шүү дээ.  Дэд сайд Б.Цогтгэрэл та өөрийгөө од болгосон "Шилэн данс”-ны асуудалд нэг насаараа үнэнч хандаж, эрхлэж буй салбарынхаа компанийг "Шилэн данс”-аа ил болгоход анхаарна уу? Анхаарч чадахгүй бол чухам ямар үндэслэлээр вэ гэдгээ илэрхийлнэ үү.

 

Эрхэм дэд сайд Б.Цогтгэрэл болон "УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа нарт сануулахад, тус байгууллагын өмнөх дарга Л.Пүрэвбаатар "Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр дараах ТУШААЛ-ыг гаргаж байсан байдаг. Тушаалыг албан ёсны баримт хэлбэрээр хавсарган хүргэе.

 

Мөн Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам”-ын хэмжээнд "Шилэн данс”-ны мэдээлэл хөтлөх журам батласан байдаг.

Журмыг бүрэн эхээр нь хүргэхийн зэрэгцээ анхаарал татсан зарим зүйлсийг нь ишлэе.

УБТЗ нь Шилэн дансны мэдээлэлдээ:

-Бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан

-Өрийн бичиг, санхүүгийн бусад хэрэгслийн талаарх мэдээлэл

-Түншлэл концессын талаарх мэдээлэл

-Баталгаа болон өр авлага үүсгэх аливаа бусад шийдвэр

-Их хэмжээний хэлцэлд тооцогдохуйц баталгаа, батлан даалтын талаарх мэдээлэл оруулна гэж заажээ.

Мөн мэдээллийг тогтмол шинэчилж, өөрчлөлт орсон тухай бүр өмнөх мэдээллийг цахим хуудасны архивт хадгалан, архивын мэдээллийн санд нэвтрэх, татаж авах, хэвлэх боломжийг хангасан байна гэж заажээ.

 Тэгвэл бодит байдал дээр "УБТЗ” өнөөдрийн байдлаар өмнөх дарга Л.Пүрэвбаатарын гаргасан тушаал хийгээд холбогдох журмыг үл тоосон, үйлдлийг гаргаж байна. Энд  Монгол Улсад дагаж мөрдөх ёстойгоор батласан Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг ярьж буй болохоос аль нэг даргын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй тухай асуудал ярьж байгаа хэрэг биш юм. Хуулийг Л.Пүрэвбаатар дагаж мөрддөг. Харин Д.Жигжиднямаа нь зөрчдөг байж болохгүй л дээ. Тиймээс хууль биелүүл гэсэн зүй ёсны шаардлагыг Д.Жигжиднямаад тавих нь зөв юм.

"УБТЗ-"ын дарга Д.Жигжиднямааг төрийн мөнгийг зүй бусаар зарцуулж байж болзошгүй гэх мэдээлэл эх сурвалжуудаас АТГ болон АТГ-ын дэргэдэх  Олон нийтийн зөвлөлд ирсэн байдаг. Тус Олон нийтийн зөвлөлийн гишүүн Э.Бямбацэрэн хэлэхдээ  " УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа 2017 оны II сард зам засварын машин худалдаж авсан байна. Ингэхдээ гуравдагч орон буюу Английн компаниар зуучлагч хийлгэн, машиныг хоёр дахин өндөр өртгөөр худалдан авсан байж болзошгүй байна. Тухайн машин нь 60 сая рублийн үнэтэй гэдгийг үйлдвэрлэгч компани мэдэгдсэн. Энэ үнэ тухайн үеийн ханшаар бол сая доллар хүрэхгүй. Гэтэл Английн компаниар дамжуулан 1 сая 770 мянган ам.доллараар энэ машиныг худалдан авчээ. Орос-Монголын хамтарсан УБТЗ-д Оросын үйлдвэрээс машин авахад зуучлагч шаардлагагүй. Өөрсдөө гэрээ хийгээд авах боломжтой энэ нөхцөлөөс Д.Жигжиднямаа 770 мянган ам.доллар буюу тэрбум гаруй төгрөгийг зувчуулсан байж болзошгүй хэмээн АТГ-т шалгуулахаар хандсан" гэж байв. Тэгэхээр Д.Жигжиднямаа гэж хүн төмөр замын хөрөнгөнөөс шамшигдуулж буй эсэхийг хуулийнхан нягтлах ёстой. Мөн УБТЗ-аас "Шилэн данс”-ны хуулийн хэрэгжилтийг шаардах ёстой. Хэрэв хууль, журмын дагуу бүрэн дүүрэн ил тод тайлагнадаг байсан бол тэрбум тэрбумаар мөнгө идсэн байж болзошгүй гэх ийм асуудал босч ирэх байсан уу? гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна.

Э.Болд

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>