ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН Б.БУЛГАНЫГ ЯАГААД ХОРИХГҮЙ БАЙНА ВЭ

95

ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН Б.БУЛГАНЫГ ЯАГААД ХОРИХГҮЙ БАЙНА ВЭ

 

Ардчилалын алтан хараацайнуудын нэг байсан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг яллагдагчаар татаж, шинээр эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал хэсэг хугацаанд дуулиан тариад намжив.

Тэгвэл яагаад яллагдагчаар татсан хүнийг өнөөдөр цагдан хориогүй юм бэ гэдэг асуудал анхаарал сонирхол татаж байна. Уг нь гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй хэнбугайг ч өнөөдөр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Томоохон албан тушаал хашиж явсан эрхмүүдийг ч ээлж дараалан хорив. Яагаад олон нийт, нийгмийн дунд анхаарал татаж буй олон жил ээдрээ төвөгтэй байсан хэрэгт холбогдуулсан сэжигтэнийг нь цагдан хорихгүй байгаа юм бэ.

Прокурорын байгууллага болон шүүхээс "гэмт хэрэгт нөлөөлж болзошгүй, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй” гэсэн үндэслэлээр бушуухан цагдан хорьдог нь үнэн. Тэгвэл харин ч ноцтой, аюултай гэх гэмт хэрэгтнийг цагдан хорьдоггүй юм бол. Олон нийт ч түүнийг л "но”-той ганц амьд гэрч хэрнээ өдийг хүртэл бүлх залгисан мэт яагаад дуугай явна вэ гэж хардаж сэрдэж байна.
Уг нь өнгөрсөн 14 хоногийн өмнө "Б.Булганыг яллагдагчаар татлаа” хэмээн Нийслэлийн прокурорын газраас сүржин нэртэй, даржин мэдээлэл хийсэн. Өөрөөр хэлбэл, мэдээлэл өгсөн прокурор нь олон хэвлэлийнхний өмнө хоёрхон өгүүлбэр хэлсэн гэж ойлгож болно.
Түүний дараахан түүнийг баривчлах гэж оролдсон ч салбарын сайд Ц.Нямдоржид хүчнийхэн "тас” загнуулсан юм байх. Салбарын сайд нь "Та нар яллагдагчаар татлаа гэж олон нийтэд мэдээлсэн. Одоо цагдан хорьж бас шуугиан тарих гэлээ. Энэ удаад хорихгүй байж болохгүй юмуу” гэсэн утгатай ширүүхэн үгийг хууль хяналтын байгууллагууд руу "чулуудсан” сурагтай.

Тэгвэл яагаад сайд Б.Булганыг өмгөөлж, хамгаалав гэдэг нь бас сонирхол татав. Магадгүй өнгөрсөн жил өчнөөн сар цагдан хорьсон болохоор өнөө жил "өнжих”-ийг үгүйсгэхгүй юм.
 
Тодруулбал, өнгөрсөн жил зургаан сарын хугацаанд хоригдож байсан түүнийг "гэрч биш, сэжигтэн учраас цагдан хорьсон” гэж тухайн үед салбарын сайд байсан Д.Дорлигжав нэгэн хэвлэлд ярилцлага өгч байсан удаатай. Өнөөдрийн байдлаар энэ хүн гэрч ч биш, сэжигтэн ч биш харин гэмт хэргийг зохион байгуулсан захиалагч байж магадгүй гэсэн үндэслэлээр яллагдагчаар татаж шалгаж эхэлсэн юм.

Яагаад гэвэл С.Зоригийн  аллагын захиалагчаас бусад нь олдсон гэх мэдээллийг баталгаажуулсан. Ганцхан захиалагч олдоогүй өнөөдрийг хүрсэн гэж ойлгож болно. Өнгөрсөн жил цагдан хоригдох үед

Нэгдүгээрт, Б.Булган гэрч.

Хоёрдугаарт, гэмт хэрэгтнийг нуун дарагдуулсан.

Гуравдугаарт, санаатайгаар худал мэдээлэл өгсөн байж магадгүй гэх таамаглалууд өнгөрсөн хугацаанд зөндөө бичигдсэн.

Гэвч хуулийн хүрээнд дээрх гурван тохиолдлын аль нь ч байлаа Б.Булганыг урт хугацаанд буюу зургаан сар цагдан хорих үндэслэл байхгүй байсан юм.  Аливаа хэргийн гэрч, хэргийг нуун далдалсан буюу худал мэдээлэлээр хангасан этгээдийг Б.Булган шиг зургаан сарын хугацаанд хорьж байсан тохиолдол байгаагүй юм.

Гагцхүү гэмт хэргийг зохион байгуулсан эсхүл хамтран үйлдсэн тохиолдолд сэжигтнийг урт хугацаанд хорих хуулийн үндэслэлтэй байдаг. Тэгэхээр энэ тохиолдолд Б.Булган нь гэрч биш сэжигтэн байх магадлалтай гэдгийг хуульчид хэлж байсан юм.

Харин одоо энэ ээдрээт төвөгтэй хэргийн гол сэжүүр нь Б.Булган бөгөөд зарим хуульчдын хэлж буйгаар энэ хэргийг бараг л илрүүлчихсэн юм байх, гэмт этгээдүүд өдгөө баригдаж, ял зэмээ хүртсэн ч энэ ноцтой хэргийн захиалагч хэн бэ гэдгийг олж илрүүлэх, нийтэд зарлах асуудал дээр "гацаа" үүссэн байгаа хэдий ч удахгүй олонд зарлах байх гэсэн хүлээлт байгаа юм.

Яагаад гэвэл Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "С.Зоригийн хэргийн захиалагчийг олж илрүүлж, олон нийтэд зарлах болно” хэмээн сайд болсныг нийгэм, нийт даяараа ард түмэн одоо ч мартаагүй. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.