“ИТГЭЛИЙГ ЭВДЭГЧ” БУЮУ “ХӨГЖИЛТЭЙ” ЭМГЭНЭЛ

83

“ИТГЭЛИЙГ ЭВДЭГЧ” БУЮУ “ХӨГЖИЛТЭЙ” ЭМГЭНЭЛ

 

Бүх хүн хөгжилтэй, инээдэмтэй зүйл хийгээд аз жаргалтай төгсгөлд хэтэрхий дурлах болсон цаг үе. Хэзээ ч гуниг, бэрхшээл тохиохгүй мэт инээж, харуусаж халагламаар эмгэнэлийг үзэхгүй мэт амьдрахыг л бүгд хүснэ. Гэвч энэ бол бидний хамгийн ихээр хүсэн тэмүүлдэг хэрнээ хэзээ ч биелэхгүй цор ганц хүсэл. Тиймээс л амьдралд биеллээ олохгүй мөрөөдлөө урлагийн бүтээлд ч болов биелж байгааг нь үзэх гэж хичээгээд байх шиг…

Жалга довоо тойрсон олон асуудалд бачуурсан бидний сэтгэл шиг бүгчим салхи үлээж, зүрхний хамгийн мухрын өрөөндөө түгжиж орхисон мөрөөдөл шиг дулаан наран хааяахан ээсэн хаврын өдрүүд. Байгаль дэлхий хүртэл амьдрахын төлөөх түмэн бэрхшээлтэй хавсраад өнөө муу жижигхэн зүрхийг минь адлаж шоглоод байгаа мэт мэдрэмж өдөр бүр л төрөх. Ийм үед амьдралаас хайгаад олохгүй байгаа зүйлээ бусдын туулж яваа хийгээд зохиож үнэмшүүлсэн амьдралаас хайхгүй ч гээд яах билээ.

Бидний энэ л хүслийг биелүүлэх нь үү гэлтэй, "Гэгээн Муза” олон улсын театрын 14 дүгээр их наадамд нэр дэвшигчдийн бүтээлүүд эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотын үзэгчидтэйгээ учран золгож байна. Уг наадамд энэ жил драм, хөгжимт, хүүхдийн жүжгийн төрөлд нийт 14, нэг хүний жүжгийн төрөлд 8 бүтээл өрсөлдөж байгаа аж. Ийнхүү энэ жил хамгийн өрсөлдөөнтэй төрөлд тооцогдож буй Нэг хүний жүжгийн төрөлд нэр дэвшигчдийн бүтээлийг үзэхээр Хүүхэлдэйн театрыг зорилоо.

Тавдугаар сарын 11-ний өдрийн тоглолтын хөшигийг Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын бүтээл "Нохойн хурим” жүжиг нээв. Уг жүжиг "Гэгээн Муза” наадамд Шилдэг найруулагч, Шилдэг эмэгтэй дүр төрлөөр нэр дэвшиж буй. Дүрийг жүжигчин Ч.Уранбилэг амилуулж, жүжгийг Г.Мишээл найруулжээ. "Үйл явдал өрнөж буй он тооллыг Нострадамсын зөгнөлийн он сараар тооцоолон гаргасан” гэж зохиолч өөрөө тайлбарласан юм.

14947922_374174992915008_3814970990770818374_n

Олон олон хүн хий хоосон мухар сүсгийнхээ золиос болдогийг гэлэнмаа охины ганц шөнийн амьдралаар харуулсан уг жүжгийн үйл явдал хэдэн зууны тэртээ өрнөх боловч мөнөөх л өнөө цагийн дүр төрхийг илэрхий илчилнэ. Түүний зэрэгцээ үйл явдлаас хэдэн зууны өмнөх домогтой холбогдож буйгаараа онцлог. Мөн жүжигчин хоёр дүрд хувилсан, эмгэн аалзын дүрийг хүүхэлдэйн урлагтай хослуулан гаргасан гэх мэт онцолмоор зүйлс цөөнгүй. Тэр дундаа тайз заслаа орчин үеийн уран зургаар илэрхийлсэн гуравхан самбараар шийдсэн нь юу юунаас илүүтэй сонирхол татаж байлаа. Нөгөөтэйгүүр, жүжигчин бүсгүй дүрээ бүрэн илэрхийлж, үзэгчдийн "нойрмоглож” буй анхаарлыг өөр дээрээ, яг үнэндээ бол жүжигтээ маш сайн татаж байсан. Даанч үзэгчдийн алга ташилт л сулхан байсан нь харамсмаар… Түүнчлэн "Сүнсгүй бие үхмэл байдгийн адил үйлсгүй итгэл ч бас үхмэл”, "Үгийн сүнс амилдаг”, "хэн нэгний муу үйлийн золиос болж хэчнээн хүн мөн чанараа гээсэн бол…” гэх мэтийн чухал мессежүүдийн талаар урт яриа дэлгэж мэдэх хэн нэгнийг хайлаа. Харцаараа хайгаад олоогүйдээ харамссандаа ч тэр үү, ойрмогхон суусан нэлээд хэдэн үзэгчээс "Танд жүжиг таалагдав уу?” гээд асуучихлаа. Ганц хүн "ойлгосон” хэмээн итгэл муутайхан толгой дохив. Харин дөрвөн ч хүн "ойлгосонгүй ээ” гэж үнэнээ өчлөө. Тэдэнд жүжгийн үйл явдлыг эхнээс нь тайлбарлаж өгмөөр санагдсан ч цаанаасаа л нэг адын бодол хатгаад, хоолой дээр тулаад ирсэн үгсээ буцаагаад залгичихав. Арга ч үгүй дээ, амьдралд хэрэгтэй, хэрэггүй олон бэрхшээлийн гогцоог тайлахаар тархиа гашилгаж яваа энэ хүмүүс үнэндээ театрт "амрах” л гэж ирдэг юм. Дахиад л бодол бодож, ямар нэгэн цоожинд түлхүүр тааруулж, ээдэрсэн утасны зангилааг тайлах гэж толгойгоо өвтгөхийг хэн л хүсээ аж. Үйлдлээр үзүүлээд ч ойлгуулаагүй зүйлийг би үгээр тайлбарлаад яаж ойлгуулах вэ дээ.

Гэхдээ л хүн гэдэг бас л сонин амьтан шүү. Эхний жүжгээс юу ч олж авч чадаагүй хэрнээ дараагийн жүжгийг тэвчээртэй хүлээж зогсоно. Ямартай ч тэднийг хэн ч албадаж авч ирээгүй, өөрсдөө л "үзэхсэн” гэсэн хүсэлдээ хөтлөгдөж ирсэн аж. Урлагт хайртай хүмүүс хийгээд уран бүтээлчдэд үүнээс илүү юу хэрэгтэй гэж… Иймэрхүү хөнгөн бодролууд хөвөрдөж зогстол дараагийн жүжиг эхлэх цаг ч болов.

Домогт "Beatles” хамтлагийн "Revelution” дуугаар жүжгийн хөшиг нээгдлээ. Жинсэн хослол, цоохор нүүр, өрвийсөн үстэй Барнаб хуучин муу хар цүнхээ сугавчилж, берек бүжсээр тайзнаа гарч ирэв. Гэтэл цагийн сэрүүлэг, хаалганы хонх, харилцуур гурав зэрэг хангинах нь тэр. Барнабын хөгжилтэй байдал ч ор мөргүй хийсээд хачин муухай хашгичин, бүхнийг харааж эхлэнэ. Гэвч тэр төдхөнөө өөрийгөө тайтгаруулаад, бүхнийг эхнээс нь эелдгээр нь эхлэхээр хичээнэ. Даанч түүний үйлдэл хэд хэдэн удаа бүтэлгүйтэв. Эдгээр бүтэлгүйдэл Барнабт огт таалагдаагүй боловч үзэгчдэд л юу юунаас илүү таалагдсан л даа. Иймэрхүү хөгжилтэй байдлаар тэрбээр нотариатч Барнаб хэрхэн авсчин Барнаб болсон хөөрхийлөлтэй түүхээ ярьж өгсөн юм. Эхний үзэгдэл дуусахад л үзэгчид алга нижигнүүлэв. Хүссэн зүйлээ үзэж, ханатлаа инээсэн хүмүүс алга ташихгүй ч яах билээ…

32525932_938915246289417_7838514996819525632_n

Харин хоёрдугаар үзэгдэлд Барнаб авсчин дүрдээ эргэн ороод насаараа "цоохор муур” гэж хочлуулах үндэс нь болсон өвчнийхөө тухай ярина. Энэ хэсэгт үнэндээ хүний инээд хүргэчихээр зүйл бараг байхгүй дээ. Уг нь бидний таамагласнаар бол Барнабын амьдрал эмгэнэл болж хувирсан байх ёстой. Гэтэл нотариатчийн ажилдаа огт дурладаггүй байсан Барнаб нас барагсдын хайрцаг урлах ажилдаа хачин их сэтгэл хангалуун байх аж. Энэ удаа үзэгчид инээгээгүй боловч тайзны гэрэл унтрахын төдийд алга ташиж байна. Зохиолч, жүжигчин хоёр энэ хэсэгт ч мөн тэдний хүссэн сайхан зүйл, сэтгэл ханамжийг нь өгч чадсаны илэрхийлэл энэ болов уу.

Гуравдугаар үзэгдэл эхлэхэд Барнаб авсан дотроос гарч ирнэ. Тэрүүхэн хооронд "хөөрхий минь, нас барчихаа юу даа” гэх бодол ч толгойд харваж амжив. Гэвч тэр мөнх нойрсоогүй, зүгээр л шөнийн амралтаа эдэлчихээд босож байгаа нь тэр аж. Биед зовиургүй ч сэтгэлд шаналгаатай "витилиго” буюу арьс цайрах өвчнөөсөө болж насаараа нийгэмд гадуурхагдах хувь заяаг үүрч яваа ч өөдрөг, дулаахан сэтгэлээрээ гивлүүрдэн, инээж алхдаг Барнаб өнөөдрийг ч бас "хөгжилтэй” л өнгөрүүлэхээр шийдсэн бололтой…

Тэр өнөөдөр хэн, хэний мөнх нойрсох "орон гэр”-ийг бэлтгэж байгаа тухайгаа ярилаа. Тэр өнөөдөр гурван авс урлажээ. Эхнийх нь… нотариатч Барнабыг өвчтэй байгаагаар нь далимдуулан ажлаас халсан даргынх. Хоёр дахь нь… асар хүндээр өвдсөн учир ажлаасаа ялимгүй хоцорч ирсэн Барнабыг элдвээр гоочилж доромжилсон, давилуун зантай хатагтайнх. Харин гурав дахь нь… дунд сургуульд байхаас нь л Барнабыг өвчнөөр нь доромжлон тохуурхдаг байсан ангийнх нь андынх.

Ийнхүү нотариатч Барнаб авсчин Барнаб болсон "хөгжилтэй” түүх төгсөв. Зорьж ирсэн инээх хүслээ биелүүлж, хүсэн хүлээсэн сайхан төгсгөлөө үзсэндээ үзэгчид ч сэтгэл дүүрэн буцлаа. Өмнөх жүжгээс "огт ойлгоогүй” уйтгартай харцтай хүмүүсийн хамт танхимаас гарсан бол энэ удаа сэтгэл тэнүүн, сайхан инээмсэглэж байгаа царайнуудыг л олж харж байлаа. Инээдмээр халхавчилсан эмгэнэлийг хэдэн хүн олж харсан бол…?

Сэтгүүлч Ц.Баттуяа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.